Сэлэнгэ аймаг: 2019 онд төрийн албан хаагчдын хамгийн их үйлдсэн зөрчил

1 224

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас төрийн албан хаагчийн үйлдсэн зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг 2019 оны байдлаар судлажээ. 2019 онд хяналтын харъяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд зөрчлийн талаарх нийт 10810 гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэснээс 94 төрийн албан хаагч зөрчилд холбогдон, торгох, эрх хасах, баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн байна.

Төрийн албан хаагчаас үйлдсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасан зүйл хэсгээр судалж үзэхэд, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил хамгийн их 53 буюу нийт зөрчлийн 56.3 хувь,“Хүний биед халдах” зөрчил 14, “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан” зөрчил 5, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил 5, “гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодсон” зөрчил 4, “Эд хөрөнгө устгах, гэмтээх” зөрчил 3, “Хүүхдийн эрхийг зөрчих”,  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” зөрчил тус бүр 2, “Оршин суугчийн амгалан тайван байдал алдагдуулах, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих”, “Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих”, “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх”, “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” зөрчилд тус бүр 1 төрийн албан хаагч холбогдон шийтгүүлсэн байна.    

Төрийн албан хаагчийн үйлдсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн байдлыг судлахад, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн 80, зөрчлийн хэрэг нээсэн 14 байна.

Зөрчил үйлдсэн төрийн албан хаагчдын 26 нь эмэгтэй, 65 нь эрэгтэй бол дээд боловсролтой 69, тусгай дунд боловсролтой 6, бүрэн дунд боловсролтой 19 хүн байна. Үүнээс төрийн тусгай 6, төрийн захиргааны 37, төрийн үйлчилгээний 57 албан хаагч байгаа бөгөөд 38 хүн эрүүлжүүлэгдэж, 7 хүн шүүхээс баривчлах шийтгэл оногдуулж, сургалтанд хамруулан албадлагын арга хэмжээ авагджээ.

Төрийн албан хаагчийн харъяалах байгууллагуудыг авч үзвэл 42 нь хууль сахиулах, 7 нь боловсрол, соёлын, 6 нь төрийн захиргааны, 39 нь бусад газрын алба хаагч байна.

Судалгаагаар зөрчил үйлдсэн төрийн алба хаагчид нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг, нийгмийн харилцаанд оролцохдоо биеэ зүй зохистой авч явах ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэггүй, зөрчлийг удаа дараа санаатайгаар үйлддэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

Төрийн албан хаагчаас үйлдсэн нийт 94 зөрчлийн 68 буюу 72,3 хувийг нь согтуугаар үйлдсэн  бөгөөд өдрийн цагаар 15, шөнийн цагаар 5, оройн цагаар хамгийн их буюу 74 зөрчил үйлдэгджээ.

Дээрх зөрчлийн улмаас нийт 2.266.000 төгрөгийн хохирол учирснаас 1.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөж, 766.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

2019 онд төрийн албан хаагчийн үйлдсэн зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар тус аймгийн прокурорын газраас 2 мэдэгдлийг харъяалах байгууллагад нь хүргүүлж байсан байна.

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас дээрх судалгааны дүнг нийтэд мэдээлэн, төрийн албан хаагчийн үйлдсэн зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар харъяалах байгууллагуудад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлэн, мөн аймгийн Зүүн-Хараа болон Мандал сум дахь сум дундын прокурорын газруудад тухайн сумдад үйлдэгдсэн зөрчлийн нөхцөл байдлыг судлан, урьдчилан сэргийлэх холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгасан байна. 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.