С.Төмөр: Тарга хүч сайтай тэмээ 2-3 жилийн ган гачгийг давах чадвартай

208

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Солонго аяллыг энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм байна. Солонго аяллаар дамжуулан Өвөр Монголын малчдын аж амьдрал, мал маллах арга ухаан, төр засгийн бодлого шийдвэр зэргийг Монголын уншигчдад хүргэх зорилготой энэхүү аяллыг зохион байгуулдаг ажээ. Ингээд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотын Урадын хойд хошууны Цог-Өндөр суурины Цагаан-Овоо багийн тэмээчин С.Төмөр гэргий Ч.Үүрийнтуяа нартай холбогдож хэдэн хором ярилцах боломж сэтгүүлч надад олдсон юм.

- Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Юун түрүүн тантай танилцъя?

Сайн, сайн байна уу? Намайг С.Төмөр гэдэг. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотын Урадын хойд хошууны Цог-Өндөр суурины Цагаан-Овоо багийн малчин. Ам бүл хоёр, 60 гаруй тэмээтэй малчин айл байна.

- Ашиг тус ихтэй мал гэж ярьдаг. Ашиг тусыг нь хэрхэн хүртэж байна вэ?

Тэмээ маллахын ашиг тус их бий. Сүү цагаан идээ боловсруулахаас эхлээд ашиг тусыг нь хүртэж байгаа зүйл их байгаа. Тэмээ гэдэг мал бие бялдар томтой, хоол тэжээлээ нэг идээд хоёроос гурван өдрөө даадаг. Тарга хүчээ сайн авчихвал хоёр, гурван жилийн ган гачгийг даван туулах чадвартай бод малын нэг.

- Тэмээ дагнан маллаж байна уу? Таны ард эмээл бас олон шагнал урамшуулал харагдаж байна. Энэ талаар сонирхвол?

Би адуунд бас их хайртай хүн. Хоёр азарга адуу бий. Мал дагасны хүчээр олон олон олон шагнал урамшууллыг төр засгаас хүртээсэн байдаг. Онцлоод хэлэхэд “Шинэ мал аж ахуйн орны бүтээн байгуулалтын үлгэр жишээ өрх” шагналыг 2015 онд хүртэж байсан бол гэргий маань 2019 онд “Ажилч хөдөлмөрч бэр” шагналыг хүртэж байлаа. Энэ оны есдүгээр сард “Урад нутгийн хашир адуучин” шагналыг би өөрөө хүртээд их баяртай байгаа.

- Тэмээнийхээ махыг хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна зах зээлд гаргаж байна уу?

 Тэмээгээ ихэнхдээ амьдаар нь зардаг. Махалж зарах үе ч бий. Нэг тэмээг 10 мянган юаниар зардаг бол махалж зарахад 500 гр мах 32 юань байдаг. Өнгөрсөн жил 20 тэмээ зарсан. Манай нутаг бэлчээрийн даац багатай. Бод мал, бог мал маллахдаа бэлчээр нутагтаа тохируулан маллах ёстой байдаг.   

- Хэчнээн төрлийн идээ боловсруулж байна вэ? Ашиг орлогоо хуваалцаж болох уу?

Өдөрт 10 литр ингэний хоормог исгэдэг. Хаврын улиралд ингэний сүүний гарц нь бага байдаг. Зун, намарт л өдөртөө 10 литр ингэний хоормог исгэдэг. Хоормог, ааруул, шар тос, өрөм, аарц голлон боловсруулдаг. 500 гр  ингэний хоормог 35 юанийн үнэ ханштай байна. Хүмүүс ихэнхдээ хоормог худалдаж авдаг. Ааруул аарц, өрөм тосыг захиалгаар гаргадаг. Боловсруулсан цагаан идээгээрээ сард 10 мянган юанийн орлого олж байна. Амьдрал ахуйд орлого боломжийн сайхан хүрэлцэж байгаа. Байр, машинтай боллоо. Энэ бүхэн тэмээ малласны ашиг тус, малын буян юм даа.

- Танай багт нийт хэчнээн малчин өрх байна? Орон нутгаас малчдаа хэрхэн дэмжин ажилладаг вэ?

Манай баг 100 өрхтэй.  60 гаруй өрх нь мал малладаг. Багийн нийт тэмээ 1000 гаруй болоод байгаа. Улс орноос малчдаа маш сайн дэмжин ажилладаг.  Үүнийг дагаад малчдын амьдрал ахуй ч сайжирч байна.

- Хятад улсын сүүлийн 10 жилийн хөгжил өөрчлөлт их болсон харагддаг. Баяннуур хотын хувьд өөрчлөлт, шинэчлэл хэр байна. Таны аж амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

Өөрчлөлт шинэчлэл их байна. Зам харилцаа, эрчим хүч сайжирч байна. Малчдыг орон сууцтай болоход их дэмжиж тусалдаг. Манай гэр бүл 2015 онд байшинтай болоход хошуунаас тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн байдаг. Үүний хүчээр нар салхи, цас борооноос айхгүй тавтай тухтай сайхан аж төрж байна.  

- Нэг мэдэхэд налгар намрын цаг дуусаж өвөл хаяанд ирнэ. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан уу?

Өвлийн бэлтгэлээ хийх цаг арай болоогүй байна. Учир нь манай энд цаг сайхнаараа бараг 11 сар хүрдэг. 11 сараас өвс, бордоогоо бэлдэж эхэлдэг. Жилдээ өвс, тэжээлийн зардалд 100 гаруй мянган юань зарцуулдаг.

- Бидэнтэй холбогдож түр боловч сайхан яриа өрнүүлсэн та хоёртоо маш их баярлалаа.  Малын буян дэлгэр байх болтугай.

Баярлаа. Та бүхэнд ажлын их амжилт хүсье.

                                        Ярилцсан:  Монгол Улсын Ugluu.mn сайтын сэтгүүлч Г.Нараа

 

Зохиогч: Ярилцсан: Г.Нараа
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж: Солонго
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.