Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүч

257

Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүч

 

Яг одоогийн байдлаар дэлхийн хүн ам 7.9 тэрбум давчихаад явж байна. Энэ ондоо багтаад найман тэрбумд хүрэх гэж байгаа үзүүлэлт 2050 онд 9.8 тэрбум болох нь. Хүн амын өсөлт энэ эрчээрээ үргэлжилбэл өсөн нэмэгдсээр байх дэлхийн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд 2050 он гэхэд одоогийнхоос хоёр дахин их хүчин чадал шаардлагатай болно гэсэн тооцоолол байна.

Гэтэл үүний эсрэг талд дэлхий нийтээрээ 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 50 хувь бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах зорилт тавьчихаад байгаа. Тэгвэл эрчим хүчний хомсдолд орж, хөгжлөөс ухрахгүйгээр энэ том зорилтын ард хэрхэн гарах боломжтой вэ?

 

Эрчим хүчний ирээдүй

 

Эрчим хүчгүйгээр өнөөгийн дэлхий ертөнц хөгжил даган эргэх боломж нэгэнт үгүй болсон. Тиймээс дэлхийн улс орнууд эрчим хүчний бие даасан байдлаа хадгалахын зэрэгцээ ирээдүйд улам өсөн нэмэгдэх хэрэглээгээ хангах төлөвлөгөөг өнөөдөр боловсруулж, хүчин чармайлт зарж, хөрөнгө мөнгө хаяж байна. Ялангуяа, цөмийн эрчим хүчний салбарт.

Учир нь цөмийн эрчим хүчний салбар нь нар, салхины эрчим хүчний нэгэн адил хамгийн ногоон эрчим хүч үйлдвэрлэх боломжтойг Европын холбоо хүлээн зөвшөөрсөн юм. Тодруулбал, Европын холбоо өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд цөмийн эрчим хүчийг “ногоон” эх үүсвэр гэсэн ангилалд албан ёсоор оруулсан. Энэ шийдвэр нь Европын холбоонд тулгарч буй уур амьсгал, эрчим хүчний хараат бус байдлыг аль алийг нь шийдэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд нүүрстөрөгч багатай эрчим хүчний шилжилтэд цөмийн эрчим хүч эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна.

2021 оны тоон мэдээллээр манай гараг дээр цөмийн 445 реактор ажиллаж байгаа. Эдгээр нь дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангаж байгаа юм. Мөн 54 реактор баригдаж байна.

Дэлхийн 30 орчим орон цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө хэлэлцэн, төлөвлөгөөгөө эхлүүлжээ.

Үүний хамгийн том төлөөлөл бол БНХАУ. Тус улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийг бууруулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд цөмийн эрчим хүчний салбарт их хөрөнгө оруулалт хийж байгаа ба ойрын хэдэн арван жилийн хугацаанд ураны тэргүүлэгч зах зээл болно хэмээн шинжээчид үзэж байна. Учир нь дэлхийн хэмжээнд баригдаж буй 54 реакторын 16 нь буюу гуравны нэг нь Хятадад байгаа юм.

Ийм хүчин зүйлтэй холбоотойгоор 2040 он гэхэд ураны эрэлт нэмэгдэнэ гэсэн таамаг байна. 1960-аад оны дунд үеэс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага буюу OECD-ийн гишүүн орнууд, Цөмийн энергийн агентлаг (NEA), Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA) хамтран Дэлхийн ураны нөөц, олборлолтын талаарх нэгдсэн мэдээллийг хоёр жил тутамд шинэчлэн хүргэх болсон бөгөөд Улаан ном хэмээн нэрлэсэн байдаг. Хамгийн сүүлд буюу 2020 онд хэвлэгдсэн 28 дахь удаагийн Улаан номд дурдсанаар ураны  дэлхийн эрэлт жилд 100 мянган тоннд хүрэх магадлалтайг дурджээ.

Өөрөөр хэлбэл, цөмийн эрчим хүч үйлдвэрлэх гол түүхий эд болох ураны хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэнэ гэсэн үг.

 

Зөөвч-Овоо төслийн боломж

 

Монгол Улс бол цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй болох талаар хуульдаа дурдсан байдаг ч энэ салбар биднээс харьцангуй хол. Харин түүхий эд нь манай улсад байна. Байх байхдаа нөөцийн хэмжээгээрээ дэлхийд 12-т бичигддэг. Энэ төрлийн байгалийн баялаг агуулдаг 16-хан улсын нэг. Бүр цаашилбал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын газар нутагт байх Зөөвч-Овоо бол нөөцөөрөө сүүлийн 15 жилд дэлхий дээр нээгдсэн хамгийн том ураны ордод тооцогдож байгаа. Тэгэхээр Монгол Улс дэлхийн цөмийн эрчим хүчний салбарын тоглогч болох нь гарцаагүй болж байна. 

Нөгөө талдаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлээсэн үүрэг маань энэ салбар руу түлхэж байна гэж болно.

Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн агаарын дундаж температур 0.86 хэмээр дулаарсан бол Монголд өнгөрсөн 80 жилийн дотор дундаж температур 2.25 хэмээр нэмэгдсэн нь манай улсыг дэлхийн дулааралд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын нэг хэмээн нэрлэхэд хүргэсэн. Үүний зэрэгцээ манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 90 орчим хувийг нүүрснээс гарган авч байгаа буюу хүлэмжийн хий ихээр ялгаруулж байгаа.

Энэ талаараа Монгол Улс эрчим хүчийг CO2 ялгаруулахгүйгээр гарган авах ажилд хувь нэмрээ оруулах зайлшгүй шаардлага бий.

 

Чухам яаж хувь нэмрээ оруулах вэ?

 

Монгол Улс 200 мянган тонн ураны бүртгэлтэй нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт бичигдэж байгаа. Иймд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шаардлагатай, нүүрстөрөгч багатай цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд нийлүүлэгчийн хувьд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.

Зөөвч-Овоо ордын одоогоор батлагдсан нөөц нь 93 мянга гаруй тонн. Энэ ордод олборлолт, үйлдвэрлэлийн туршилтаа бага хэмжээний олборлолт, үйлдвэр дээр туршиж эхлээд байгаа “Бадрах Энержи” компанийн 66 хувийг Франц улсын төрийн өмчит “Орано Майнинг” компани эзэмшдэг юм.

Цөмийн станцын түүхий эдийн салбарт хүлээн зөвшөөрсөн олон улсын оператор компани болохын хувьд нүүрстөрөгчгүй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчдийг  байгалийн уранаар найдвартай хангаж, дэлхийн дулаарлын эсрэг хүчин чармайлт гаргахад хувь нэмрээ оруулж байна.

Дэлхий даяар уран олборлосон 70 жилийн туршлагатай, Канад, Нигер, Казахстан улсуудад урт хугацааны хамтын ажиллагаатай тус компанийн геологичид 2010 онд Зөөвч-Овоо ордыг илрүүлсэн. Улмаар олборлолт явуулахаар бэлтгэл ажлаа хангасан. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монголд ураны анхны шинэ технологи, шилдэг туршлагыг нэвтрүүлж, олон залуусыг сургаж, ноу-хауг авчираад байна.

Дэлхийн ураны 50 гаруй хувийг олборлоход ашиглаж буй газар дор уусгах арга нь байгаль орчинд хамгийн нөлөөлөл багатай гэдгээрээ давуу талтай. Мөн цөмийн эрчим хүчний түүхий эд болох шар нутгийг л бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг байгалийн түүхий эд чигээр нь нийлүүлэхээр туршилтаа эхлүүлсэн гэж болно.

Урьдчилсан ТЭЗҮ-гээр 30 жилийн турш үйл ажиллагаа явуулах боломжтой тус ордын Хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээг удахгүй хийнэ. Улмаар төсөл хэрэгжсэнээр Монгол Улс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчдэд байгалийн шар нунтаг 30 жилийн турш тасралтгүй нийлүүлж, дэлхийн ногоон эрчим хүчний салбарт хувь нэмрээ оруулах боломж бүрдэх юм.

 

Сэтгүүлч Б.Батцэцэг

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 213 (6945)

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.