Ц.Даваацэрэнд МАН өртэй юм уу, МАНАН байгаа юм уу!
“Таван толгой түлш” компани энэ өвөл улаанбаатарчуудыг хэрхэн өвөлжүүлэх тухай бодож байна уу. Ядахад тус компанийн захирлаар “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж асан Ц.Даваацэрэн ажиллаж байгаа аж. Уг нь энэ хүн АН-ын хүн. Тодотговол, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой бүр ойрын хүн. Гэтэл МАН эрх барьж байгаа үед “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байгаа нь хэний ч сонирхлыг татна. Үүнээс харахад МАН-ын өдгөө эрх барьж байгаа нөхдийн хэн нь Ц.Даваацэрэнд өр төлж байгааг мэдэх юм алга.
МАН-ын төлөө зүтгэсэн олон залуус, гишүүд дэмжигчид байгаа. “Таван толгой түлш” бүү хэл байгууллага удирдаад явчих хэмжээний хүн олон байгааг хаа хаанаа мэднэ. Гэтэл МАН засаглаж байгаа үед улаанбаатарчуудыг дулаан өвөлжүүлэх учиртай газрын даргаар Ц.Даваацэрэн очсон байгаа нь МАНАН гэх зүйл амь бөхтэй оршиж байгааг илтгэж байгаа хэрэг юм болов уу. Уг нь Ц.Даваацэрэн гэх нөхрийн хувьд ял эдэлж байх учиртай гэдгийг олон эх сурвалж хэлж байна. Энэ хүний тухайд олон зүйлийг дурдаж болох ч ганцхан жишээ авъя.
Тухайлбал, “Ачит Ихт” компанийн ашиглаж буй “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг П.Цагаан удирддаг байсан, өдгөө ч байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн луйврыг хийдэг гэсэн үг. Тодотговол, Ц.Даваацэрэнг “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад хүдрийн овоолгоос Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан П.Цагааны гэр бүл катодын цэвэр зэс гаргаж авдаг байсан, өдгөө ч хэвээрээ.
Хамгийн гол нь одоогоор төрийн 100 хувийн эзэмшилтэй болсон “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг П.Цагааны гэр бүл 100 хувь эзэмшиж байгаа нь шударга ёсонд хэр нийцэж байна вэ гэдэг асуудал өнөөдөр ч хариултгүй байна.
Энэ тухайд бид урьд өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн “Ачит Ихт” компаниас болж авлигын хэргээр шалгагдсан талаарх мэдээллийг хүргэсэн. Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас бий болсон хүдрийн овоолгыг “Ачит Ихт” компанид ашиглуулахаар тохирч, гэрээ байгуулахдаа “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний орлого олох боломжийг алдагдуулсан гэдэг. Ингэхдээ албаны эрх ашгийн эсрэг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль болон компанийн дүрэмд зааснаар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт” үйлдвэр компанийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан гэх хэрэгт буруутгагдан хоригдож байсан хүн. Түүний АТГ-т шалгуулсан асуудал нь “Эрдэнэт” үйлдвэрт очих ёстой “Ачит Ихт”-ийн 34 хувиас татгалзсантай холбоотой аж. Үүгээрээ дээрх хэрэгт буруутгагдаж байсныг хэвлэлийн архивт үдээжээ. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр, “Ачит Ихт” компаниуд анхнаасаа 34:66 хувиар тохирч ажил эхэлж байсан.
“Ачит Ихт” компанийн үйлдвэрийн нээлт 2014 оны аравдугаар сарын 10-нд болж, энэ талаар тус компанийн албан ёсны мэдээллийн сайтад “100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай “Ачит Ихт” компани, Катодын зэсийн үйлдвэрийн хувьд “Эрдэнэт” үйлдвэр 34, “Ачит Ихт” компани 66 хувийн эзэмшилтэй/ “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хүдрийн овоолго буюу технологид тохирохгүй хүдрийг түшиглэн жилдээ 10 мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ахархан хугацаанд барьж байгуулан нээлтээ хийсэн байдаг. Мөн тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн үйлдвэрийн нээлт дээр “Эрдэнэт үйлдвэр гурав дахь охин компаниа ийн хүлээн авлаа” гэж мэдэгдэж байжээ. Түүнчлэн 2014 арванхоёрдугаар сарын 31-нд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Ачит Ихт” компани “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хүдрийн хоёрдугаар овоолгыг түшиглэн катодын зэсийн шинэ үйлдвэр ашиглалтад оруулж, 200 гаруй хүнийг ажлын шинэ байраар хангалаа” гэж байв. Үнэхээр ч тухайн үед буюу 2010 онд “Ачит Ихт” компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн балансын гадуурх овоолгыг түшиглэн зэсийн үйлдвэр байгуулж, 34 хувийг “Эрдэнэт” үйлдвэр эзэмших гэрээ хийсэн байжээ.
Энэ дагуу “Ачит Ихт” компани нь 2014 оны наймдугаар сарын 8-нд 1/154 дугаартай албан тоотоор “Хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэл, санал, гэрээний төсөл”-өө “Эрдэнэт” үйлдвэрт хүргүүлсэн байна. Үүнд “2010 оны гэрээг дүгнэх”, “Эрдэнэт” үйлдвэр нь 2010 оны гэрээнд заасан “Ачит Ихт” компанийн салбар үйлдвэрийн дүрмийн санд хөрөнгөө оруулахгүйгээр хувьцааны 34 хувийг шууд эзэмших”, “ТУЗ-д төлөөллөө томилох” зэрэг саналуудыг зааж орос, англи хэл дээр бичсэн 13 хуудас материалыг хүргүүлсэн байдаг. Үүнийгээ орос, монгол хэл дээр хүргүүлжээ. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 11 хүнтэй ажлын хэсэг 2014 оны аравдугаар сарын 6-нд дээрх бичгийн хариулт болгосон дүгнэлтийг гаргасан нь бий. Түүндээ “Ачит Ихт” компанийн барьсан гидрометаллургийн үйлдвэрийн ТЭЗҮ үндэслэл муутай хийсэн. Эдийн засгийн эрсдэл өндөр байх магадлалтай маш муу төсөл гэж үзсэн ч эрх мэдлээр далайлган зүтгүүлсэн.
Мөн “Эрдэнэт” үйлдвэр нь технологийн үзүүлэлтийн эрсдэлийг хамтарч үүрэх шаардлагагүй. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр” компанитай зөвшилцөлгүй ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн. “Ачит Ихт” компанийн ТЭЗҮ-д технологийн болон байгаль орчны эрсдэлийг үндэслэл муутай тооцоолон хийсэн байгаа тул энэ үйлдвэрийн үйл ажиллагаанд “Эрдэнэт” үйлдвэр нь хувь эзэмшиж оролцох шаардлагагүй. Бага агуулгатай болон исэлдсэн хүдрийн овоолгууд нь тус компанийн ажил үйлчилгээний үр дүнд бий болгосон, газрын гадаргуу дээр байгалийн төрхөөрөө баялаг биш баялаг тул “Эрдэнэт” үйлдвэрийн өмч хөрөнгө мөн бөгөөд “Эрдэнэт” нь энэ хүдрийн овоолготой холбоотой байгаль орчин нөхөн сэргээлтийн асуудлыг хариуцсаар ирсэн гэсэн байдаг. “Эрдэнэт” үйлдвэр нь “Ачит Ихт” компанитай иргэний хуулийн дагуу ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын орлогч Д. Даваасамбуу болон ажлын хэсгийн 11 гишүүн гарын үсэг зурсан дүгнэлт бий. Энэ асуудал шүүхээр явж байгаад мартагдсан төдийгүй өдгөө Ц.Даваацэрэн “Таван толгой түлш” компанийн захирал болчихсон яваа нь гайхамшигтай. Үүний цаана МАН-ын нэр нөлөө бүхий хүмүүс хамтарч ажилладаг байж болох магадлал үүгээр илэрч байна. Өөрөөр хэлбэл, өнөөх МАНАН гэгч нь одоо ч байсаар байгааг үүгээр харуулж байгаа юм.
Эх сурвалж: Өглөөний сонин