Л.Оюун-Эрдэнийн амбиц ба 2023 оны төсөв

264

Л.Оюун-Эрдэнийн амбиц ба 2023 оны төсөв

 

Намрын чуулган өнгөрсөн долоо хоногт эхэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны улсын төсвийн төслийг өргөн барилаа. Ирэх жилийн төсвийн төслийг  олон нийт тун тааламжтай хүлээн авч байна. Учир нь урьд өмнө, лав сүүлийн 30 жилд байгаагүй хэд хэдэн онцлогтойгоор төсвийг боловсруулжээ.
 
"...Тойргоос гарч сэтгэсэн анхны төсөв боллоо" гэжээ. Бас ирэх онд шинэ хөрөнгө оруулалтаас татгалзаж, хуучин төслүүдийн 86 хувийг ашиглалтад оруулахаар төсөвлөжээ. Цаашид зураг төсөлгүй ажил огт хийхгүй юм байна. Хамгийн гол нь эдийн засагчид, ажиглагчид 2023 оны төсвийг "...30 жилийн агуулгын том алдаануудыг зассан байна. Төсөв талдаа дампуурлаас гарах эхний алхам болно" гэж товч дүгнэлээ. Үнэхээр ч зарим субьектэд "цочир сонин" ихтэй төсөв болжээ.
Тухайлбал, гишүүдийг тойрогтоо авдаг төсвийг тэр чигт нь хасчихжээ. Төсөв хэлэлцэж эхлэхэд л хамгийн ихээр мэдрэгдэв. Гишүүд үүнд таагүй байгаагаа илэрхийлж байна. Тэд ирэх 2023 онд мөнгөний эрх мэдэлгүй ажиллахаар болсонд дургүйцэж байгаа бололтой. Харин олон нийт дуртай байна. Шулуухан хэлэхэд УИХ-ын гишүүд төсвийг дэмжих, Засгийн газрын үйл ажиллагаанд саад болохгүй байх "амлалт"-тайгаар жил бүрийн төсөвт тойрогтоо зарцуулах мөнгө зоолгодог. Тэрийг гишүүн л зарцуулах эрхтэй. Тэгээд "гишүүний мөнгө" хэмээн нэрлэдэг. Өнгөрсөн жил гэхэд гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөг хуваарилсан. Харин 2023 он бол сонгуулийн өмнөх, жинхэнэ "усалгааны жил" юм. Ийм цагт  мөнгийг нь хасаж гишүүдийг бухимдуулжээ.
Олон гишүүн уураа барьж дийлэхгүй байгаа харагдана лээ. Гэхдээ УИХ-ын гишүүн бол сайд биш, тэд хууль тогтоох үндсэн ажилтай. Гэтэл өнгөрсөн 30 жилийн турш засгаас мөнгө нэхэж, нөгөөдүүл нь гүйцэлдүүлсээр ирсэн. Үнэндээ төсөв санхүү дээр 76 Ерөнхий сайдтай юм шиг явж ирсэн. Энэ гажуудал 2023 оноос засагдаж, цаашдаа нэг л гүйцэтгэх засаглалтай явах нь  гэсэн гэгээлэг төсөөлөл байна. Ерөнхий сайд ч энэ талаар "...Бид олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун үнэн билээ.
Энэ агуулгаараа 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг юм. ....Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улс орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм" гэлээ.
Мөн тэрбээр энэ төсөв дээр амлалт өгсөн байна. "...2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна" гэжээ. Түүнчлэн "... Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ. 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна", "...2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд нэг их наяд төгрөгөөр хэмнэгдэнэ", "...ДНБ-ий 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулна" гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвөө "... Мэдээж 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч бид ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй Шинэ сэргэлтийн төсөв юм" хэмээн дүгнэжээ. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн реформ хийчихэж байгаа аж. Гэхдээ үүнийг нь гишүүд ойлгож баталснаар хэрэгжинэ.
Тэрбээр энэхүү төсвийг хийх угтал үйл ажиллагааг ч сайн амжуулжээ. Үндсэн хуульд өөрчлөлт орсноор "давхар дээл"-тэй сайд нар засагт орж ирсэн. Бүрэлдэхүүнээс гадна бүтцийн өөрчлөлтийг бас хийсэн. Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам, Боомтын сайд, Түгжрэлийн сайд гэсэн бүтцийг нэмсэн. Тэгсний учир нь одоо тодорхой болж байх шиг байна.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн амбиц одоо л ойлгогдож эхэллээ. Өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа нь хоорондоо холбогдоод байдаг нь үүний нотолгоо болно. "2050" урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Эхний 10 жилийг нь "...Шинэ сэргэлт" хэмээн тодорхойлсон. Тэгээд зургаан зорилт дэвшүүлсэн. Зургаан зорилттойгоо Засгийн газрын бүтцийг уялдуулсан. Тэгээд дараа нь төсвийг "...Шинэ сэргэлт"-тэйгээ уячихаж байна.
Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амбиц "...Реформ" гэдэг нь анзаарагдаж байгаа юм. Тэрбээр төсвөөс гадна цахим хөгжил, эдийн засаг, боомт, эрчим хүч, төрийн өмчийн реформуудыг системтэйгээр хийж байна. Өргөс авах шиг гэнэт "...Ёо"-гүй болчихгүй ч түүний барьж авсан ажлууд үр дүнгээ өгч эхэлсэн. Үүнтэй маргахад хэцүү л дээ. Нүдэн дээр, бодитой үр дүнгүүд гараад байгаа юм. Одоо Л.Оюун-Эрдэнэ гаднын хөрөнгө оруулалтыг "...Шинэ сэргэлт"-тэйгээ уялдуулж, түүнийгээ хөрөнгө оруулагчдад учирлаж эхэллээ.
 
 
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.