Мах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?

248

Мах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?
Энэ онд мах тойрсон асуудал тасарсангүй. “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн махнаас цогцос хадгалахад ашигладаг, хорт хавдар үүсгэгч бодис илэрч иргэдийн дунд айдас төрүүлсэн. Монгол Улсад өдийг хүртэл маханд “формальдегид” бодис байгаа эсэхийг тодорхойлох стандартын лабораторигүй учраас асуудал дагуулсан махыг бүрэн шинжилж чадаагүй. Тиймээс “Гарааны Праймер" ХХК-ийн "Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори"-т хийсэн дүгнэлтэд “Эмээлтээс ирсэн махны дээжинд молекул биологийн аргаар MNS 6931:2021 стандартын дагуу мултиплекс PCR-ын цомог ашиглан зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч найман төрлийн бактерийн тандан шинжилгээ хийхэд эхний дээжинд “Aeromonas hydrophila” болон “Pseudomonas spp”, хоёр дахь дээжинд дээрх бодисуудаас гадна “Salmonella spp” нянгууд илэрсэн болно" гэжээ.

Улмаар МХЕГ-аас шалгалт хийж, өнгөрсөн сарын 7-ны өдөр хариуг олон нийтэд танилцуулсан. Тус газрын дарга Б.Баасандорж “Экспортын мах бэлтгэх эрхгүй үйлдвэрүүдэд шалгалт хийж, зөрчлүүд илрүүлсэн. 51 аж ахуйн нэгжээс хоёр нь үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тиймээс 49 үйлдвэрт хяналт тавьж ажиллалаа. Нэгдүгээрт, дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах эрхтэй 17 үйлдвэрээс 12-ынх нь үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээрийн 6000 гаруй тонн махыг БНХАУ руу гаргаж эхэлсэн. Хоёрдугаарт, мах экспортлох эрхгүй хэрнээ дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байна. Тухайлбал, "Үүлэнгөү", "БӨКТ", "Натурал грийн фүүдс", "Оргилон гүн" ХХК гэсэн аж ахуйн нэгжийн 541 тонн махыг МХЕГ-аас ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлсэн. Гуравдугаарт, стандарт шаардлага хангаагүй 507 тонн махны нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул хураалаа. Хүнсний тухай хуульд зааснаар зайлшгүй устгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан” гэж байв.

Гэтэл БНХАУ руу экспортлох 9900 тонн мах стандартын шаардлага хангаагүй шалтгаанаар хил дээрээс буцсан гэх мэдээлэл энэ сарын 5-нд гарсан. Энэ талаар Засгийн газрын хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Энэ тухай бодит мэдээлэл хараахан аваагүй байна. Тийм тохиолдол гарсан бол Засгийн газар шуурхай мэдээлэл авдаг байх ёстой" гэсэн юм.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Довчинсүрэнгээс тодруулахад “Засгийн газрын наймдугаар сарын 24-ний хуралдааны 2022 оны 86 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн хяналт, шалгалтаар чанар, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг экспортлохоор шийдвэрлэсэн.

Гэвч БНХАУ-ын Эрээн боомт дахь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн сарын 28-нд хуваарийн дагуу эхний таван машин буюу 125 тонн мах, махан бүтээгдэхүүн Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод очсон боловч Эрээн хотын эрх бүхий байгууллагаас нэмэлт тайлбар, мэдээлэл хүссэн тул хилээр нэвтрээгүй. Тиймээс сүүлийн өдрүүдэд тараад буй “9900 тонн мах чанарын шаардлага хангахгүй буцсан” гэх мэдээлэл нь худал” хэмээн тайлбарлалаа.

 

ХОНИНЫ МАХ 8000-9000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

 

Энэ сарын 5-ны байдлаар “Хүчит шонхор”, “Дэнжийн-1000” зах дээр ямааны ястай мах 7700-8800, цул нь 8300-9100 төгрөгийн үнэтэй байгаа бол хонины ястай мах 8000-9000, цул нь 8500-9100 төгрөг байна. Харин үхрийн ястай мах 10800-11500, цул нь 12-15 мянган төгрөгийн ханштай худалдаалагдаж байгаа аж. Нийслэлчүүдийн махны нийлүүлэлт, ханшийг тогтвортой байлгах үүднээс жил бүр нөөцийн мах бэлтгэж, худалдаалдаг. Энэ өвлийн тухайд хэчнээн хэмжээний мах нөөцөлж, хэрхэн худалдаалах нь тодорхойгүй байна гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 195 (6927)

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.