Төөрөлдөж ханах болоогүй гэж үү?

242

Төөрөлдөж ханах болоогүй гэж үү?

 

Хүн бол ердөө л биологийн нэгэн зүйлийн амьтан. Бусад амьтнаас ялгаатай нь оюун ухаантай. Гарал үүслээ, өнөөдрийн байдлаа, тэрчлэн цаашдын амьдралаа ойлгох чадвар ганцхүү хүмүүст л байдаг. Нэг гайхалтай нь хүмүүс оюун ухаантай болохоор тэдэнд худал мэдлэг, буруу мэдээлэл өгсөөр байгаад тэднийг унатал, дустал нь төөрөлдүүлж болдог. Товчилж, дүрсэлж хэлэх аваас хүмүүсийг араатан болгож болно, махчин, цусанд шунагч, засрашгүй гэмт хэрэгтэн, дайны хэнээтэн, алан хядагч, аав ээжээ хөнөөгч, хязгааргүй шуналтан, бүх хүн дүрстэй бирд болгож ч болно. Хүнийг ингэж үзэшгүй муухай амьтан болгож хувиргахад ашиглагддаг гол хүчин зүйл бол түүний оюун ухаан, ухамсар юм. Улаан цайм үнэнийг хэлэх аваас ч аль ч тивийн хүмүүс наад зах нь л 5000 жил элдвээр төөрөлдсөөр өнөөдөртэй золгожээ. Гэхдээ энэ урт хугацаанд төөрөгдлөө судлах зүйл болгоод шинжлэх, дахин давтан нягтлах ажил бараг хийсэнгүй. Бүхэл тивээрээ, бүс нутгуудаараа, эзэнт гүрнээрээ, үндэстэн даяараа төөрөлдөж харамсмаар томоор хохирч байсан тохиолдол тун олон буй. Өнөөдөр ч хохирсоор... 
 
Хүмүүсийн ноцтой, том төөрөгдөл бүхэн дайн, самуун, аллага хядлаганд хүргэж байлаа. Хүмүүс биологийн амьтан, биологийн хувьслын бүтээгдэхүүн болохынхоо хувьд төөрөлдөх боломжгүй юм. Тэд гэнэтхэн төөрөлдөөд иддэггүй зүйлүүдийг идээд эхлэхгүй, аль нэгэн амьтны сүрэгтэй нийлээд явчихгүй нь тодорхой. Хүмүүс нь оюун ухаан, нийгэм ухамсрын шалтгаан, үндэстэйгээр л төөрөлддөг. Худлаа үзэл онол, харгис үзэл санаа, дутуу, өрөөсгөл боловсрогдсон элдэв-измүүд, хэт бүдүүлгээсээ эхлээд хэт зальжинаар боловсрогдсон шашинуудын балгаар л хүмүүс төөрөлдөж байв. Дайн байлдаан, аллага хядлага зөвхөн хүмүүсийн хооронд л явагддаг. Оюун ухаан, ухамсаргүй амьтад хэзээ ч хоорондоо дайтаж байсангүй. Хэдэн мянган жилийн туршид идэшээ булаацалдаж ирсэн хэдий ч арслангууд олон зуугаараа нэгдэж нийлээд цөөвөр чононы сүрэгтэй хэдэн сар, жилээр үргэлжилсэн дайн, хядлага хийж байгаагүй билээ. Буруу, өрөөсгөл, харгис, дайнч үзэл санаа эздээ хөнөөж ирсэн түүх тив бүхэнд буй. Цаашид ч ийм үр дагавар олон гарах төлөвтэй. Европ дахинд ийм үйл явц дахин давтан гарсаар л байна...
 
Хэнд ч гэсэн үнэн юм шиг, зөв юм шиг, цагаа олсон юм шиг санагддаг үзэл санаа, онол, суртал гэж байнаа! Аль нэгэн хүчирхэг төр, улс мөнхүү үзэл санааг олон түмэнд элдвээр сурталчилж бүх нийтийн дээдэлдэг, баримталдаг үзэл суртал болгож хувиргах аваас тэр нь материаллаг хүчний шинжийг олдог ажээ. Ингээд л уг материаллаг хүчийг (хүмүүсийг) ашиглаад бурангуй төр засгууд хэргээ бүтээх, зорилгодоо хүрэх гэж том том дайныг өдөөж иржээ.
 
“Бурхадаас сонгон авсан, тэнгэрээс тэтгэгддэг, энэ дэлхийн эзэн, ноён болох ёстой үндэстэн, ард түмэн бол бид мөн” гэж өөрсдийгөө дөвийлгөн зарлаад л тэд бусад улс орон, ард түмнийг боолчлох гэж оролддог.
 
Ийм үзэгдэл, үйл явц олон бүс нутагт гарсан болохыг дэлхий дахины түүх гэрчилдэг. Энэ бол үндсэндээ таньж мэдэгдсэн заль мэх, төөрөгдөл хэдий ч тухайн цаг үеийн нөхцөл, байдлаас шалтгаалаад хэдэн ч удаа давтагдаж болох нигууртай. Хүн төрөлхтөн сэрж, сэхээрээд “түүхэн их төөрөгдлүүдээ” судлаж сургамж авах нь одоо нэгэнт тулгамдсан хэрэгцээ, цаг үеийн чухал асуудал болчихоод байна. Хүмүүсийн төөрөгдөл нэг бүр нь яалт ч үгүй тэдний оюун санааны амьдрал, ухамсар, мэдлэг, мэдээлэлтэй нь холбоотой байжээ. Хүмүүсийн сэтгэл санаа, ухамсарт айх, түгших, сүсэглэх, бишрэх, шүтэх, залбирах, хонзогнох элементүүд төрмөл шинж, инстикт байдлаар оршдог нь мөнхийн үзэгдэл. Энэхүү төрмөл шинж, түгээмэл үзэгдлүүдэд дөрөөлөн анхны төөрөгдлүүд буй болжээ. Хүмүүсийн сэтгэл зүйн эмзэг талууд ( гуниг, хүлээлт, нас барагсдаа санагалзах, аюулаас болгоомжлох гэх мэт), лусын хорлол, сүнс, далдын хүчний нөлөө, ивээл мэтийг ашиглан ид шидтэн мэтээр авирлагчид анх буй болсон нь бөө, удган нар юм. Бөө шүтлэг аль ч тивийн, аль ч улс оронд байжээ. Энэ бол нэгэн түгээмэл төөрөгдөл мөн болно. Дараа дараачийн төөрөгдлүүдийн дийлэнх олонхи нь шашинууд, тэдгээрийн урсгалуудтай холбоотой. Одоогоос гурван мянган жилийн өмнө гэхэд л эртний олон оронд ( Египет, Энэтхэг гэх мэт)  элдэв шашин байжээ. Том шашин бүр, шашины урсгалууд бүх хоорондоо тэмцэлдэж эхэлсэн нь байдлыг бүр ч ихээр хүндрүүлжээ. Шашин нэг бүр том төөрөгдөл байсан нь нотлогдчихлоо шүү дээ!  Нэр, нөлөөгөө өргөтгөх, өндөрсгөх гэж, дан ганцаар ноёрхох гэж шашин бүхэн цаг цагтаа “ариун дайн зарлаж, буруу номтныг” хядаж, хөнөөж байжээ. Христос шашинтны загалмайтны дайн, Лалын шашинтны ариун дайн, бурханы шашинтны Шамбалын дайн талаарх хийрхэл, түрэмгийлэл бол үнэхээрийн том төөрөгдөл юм.
 
Аль нэгэн-изм, том үзэл суртлыг хүмүүст тулган хүлээлгэж тархийг нь угаагаад, улмаар тэр хүмүүсээ хүн төрөлхтний үлдэх хэсгийн эсрэг турхиран тэмцэлдүүлэх нь маш том гэмт хэрэг болно. Жишээ нь Сионы мэргэдийн протоколуудын үзэл санаа, фашист, нацист үзэл санаагаар бүхэл бүтэн үндэстэн, ард түмнийг хордуулаад хөршүүдрүү нь турхиран том дайн дэгдээх нь 21-р зуунд байж боломгүй ялт үйлдэл юм.
 
Ардчиллын лоозон, далбаан дор дүр эсгэсэн хуурамчлал, анархизм, хөл толгойгүй байдлыг буй болгоод тухайн ард түмэн, улс орныг мөлжих, эдийн засгийн алуурчдыг буй болгох, тухайн орны үндэсний уламжлалт соёлыг устгах, шинэ колончлолын аль нэгэн хэлбэрийг тогтоох, милитаризм ба террорыг өөгшүүлэн дэвэргэх мэт нь угтаа бол мөн л том төөрөгдлийн илрэл, үр дагавар мөн болно.
 
20-р зууны түүхээс үзэхүл “Ардчиллын замаар ороод” гэх тодотголтойгоор сүйрсэн улс орон цөөнгүй буй. Дүр эсгэсэн ардчилагчид, булхай луйвраар баяжсан олигархиуд, тив дамнасан эдийн засгийн алуурчдын хар мөр Африк, Азийн олон оронд ядуурал, самуурлыг л ардаа үлдээжээ. АНУ-г ардчиллын үлгэр жишээ болох ганц орон гэх нь бий. Гэхдээ яг үнэндээ бол энэ орны хүн амны багагүй хэсэг нь “Ардчиллын ачаар” ядуурч, самуурч, бүр хүн төрхөө алдаад байна. Баян ба ядуугийн хамгийн дээд туйлшрал болсон энэ орон "Ковид-19 ба АНУ” гэсэн баримтат киног үзээрэй. Ардчилал хөгжихлөөрөө иймэрдүү үр дүнд хүргэдэг нь гарцаагүй аваас түүнээс аль болохоор эрт татгалзсан нь дээр ажээ. Бид ямар замыг сонгож аваад, хэнийг дууриаж байгаагаа эргэж сайн нягтлах хэрэгтэй байна. Татгалзах, түтгэлзэх, харзнах, судлах, ажиглаж оролцох, авах гээхийн ид шидийг үзэх, Монголчлох, өөрийн хөрсөн дээр буулгаж засварлаж авах,  үндэснийхээ онцлогт  тохируулж өөрчлөх гэхчилэн тун ч олон арга, хандлага бий шүү дээ... Намайг занаж зүхэхээсээ өмнө сайн, тун сайн бодоцгоогоорой!
 
Ардчилах, либеральчлах үзэл санаа жинхэнэ зөв утга, үнэн нүүр царайгаараа хэрэгжих аваас жирийн хүмүүс, ард олонд хөгжил, дэвшлийг авч ирдэг нь үнэн боловч яг ийм жишээ, баримт хангалттай хэмжээнд олон байж чадахгүй байна. Зарим оронд ардчилал нь эсрэг дүрдээ хувилж улс орныг баллаж, сүйрүүлж, байсан нь түвшнээс нь хэд дахин доройтуулж ч байжээ. Ардчилал, либеральчлалын далбаан дор нацистууд, фашистууд мэтийн атгаг, хорон санаатнууд нуугдаад бусад олон угсаатан, негрүүд, дорд заяатан гэгдсэн ард түмнүүдийг ялгаварлан устгахыг оролдсон жишээ, баримт ч буй. Иймээс ардчиллын уриа, лоозонг баг болгон өмссөн хууран мэхлэгчдээс, алан хядагчдаас, дэлхийн 1 болон 2-р дайны хонзогногчдоос, таван тив, дөрвөн далайг ганцаараа эзэгнэн захирахыг хүсэгчдээс дэлхий даяараа, бултаараа болгоомжилж, сэрэмжилж, нэгдэж нийлэн тайван аргаар тэмцэх хэрэгтэй байна. Дэлхий маань олон төвтэй, ард түмэн бүхэн олон ивээгчидтэй, улсууд хоорондын харилцаа шударга, ил тод, харилцан ашигтай, найрсаг, хүмүүнлэг байх ёстой. Угсаатан, үндэстэн бүхэн өөр өөрийнхөөрөө аж төрөх, хэл соёлоо дээдлэх, өвөрмөц байдлаа хадгалах, тусгаар тогтнолоо хамгаалах, үндэсний баялагдаа эзэн байхын зэрэгцээ бусад улс, үндэстний яг ийм эрхийг хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Энх тайвнаар, эрх тэгш, найрсгаар зэрэгцэн орших, хэн хэндээ ашигтайгаар чөлөөтэй харилцах, аливаа түрэмгийллээс бүрэн татгалзах нь энэ цаг үеийн үндсэн зарчим, зөв шударга ёс билээ.
 
Шинэчлэгдсэн, зүсээ хувиргасан, улам бүр харгис, хэрцгий болсон фашист, нацист үзэл санаа 21-р зууны төөрөгдөл болж хүн төрөлхтөнг сүйрэлрүү, дэлхийн 3-р дайнруу, цөмийн аюул руу хөтлөх учиргүй!
 
Өмнө дурьдсан аюулыг зайлуулж, сэрэмжилж байхад НҮБ онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Хэрэв НҮБ аль нэгэн хүчирхэг улс, аль нэгэн хүчирхэг бүлэглэлийн нөлөөнд автаад “хаяанд ирчихээд байгаа дэлхийн дайн, цөмийн сүйрлийн аюулд хайхрамжгүй, хариуцлаггүй хандах” аваас НҮБ-ын эс үйлдлийн балгаар нийт хүн төрөлхтөнд сүйрэл, мөхөл ч ирж болно. НҮБ-ыг чухам хэн удирдаж байгаагаас түүний үйл ажиллагааны чанар, үр дүн ихэд хамаардаг нь өнгөрсөн түүхээс тодорхой байна. Энэ байгууллага хэнээс ч, юунаас ч хараат бишээр, зөвхөн дүрмэндээ л захирагдаж ил тод, шуурхай, шударгаар ажиллах ёстой. НҮБ хүн төрөлхтөнг хамгаалах ёстой. Байгаа бүхнийг ганцаар эзэгнэх, хаана ч болов зоргоороо байх, элдэв шалтгаар бусад улс, үндэстэнг гадуурхах, үзэн ядах, устгах бурангуй сурталд автагдаад, тэр бүхнээ хэрэгжүүлэх гэж оролдох, үүний тулд цэрэг зэвсгийн, эдийн засгийн, мэдээлэл-сурталчилгааны, хими-биологийн зэрэг олон талтай дайныг өдөөх, өөгшүүлэн дэмжих үзэгдэл хавтгайрч болзошгүй байна. Дэлхийн нөөц, баялаг ямар ч тооцоо, зохицуулалтгүйгээр дуусч, шавхагдаж байгаа, дэлхийн хүн ам ямар ч төлөвлөлтгүйгээр өсөж, олширч байгаа, аливаа зөрчил, тэмцлийг дайн хийж шийдвэрлэх оролдлого дэлхийн олон бүс нутагт гарсаар байгаа, хими-биологийн тусгайлсан зориулалт бүхий зэвсэг бүтээх оролдлого өргөжсөөр байгаа зэрэг нь хүн төрөлхтний хүмүүнлэг, соёлтой, боловсролтой хэсгийг түгшүүрт автуулах боллоо. Төөрөлдөж, харгис сурталд автагдаж хүн хүнээ хөнөөхгүйгээр, 200 гаруй улс орнууд эв эеийг хичээж, хамтран ажиллаж, харилцан туслалцаж, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг тууштай баримтлах нь хэн хэндээ хэрэгтэй, бүх нийтэд өлзийтэй байх болно. Өөрөөр байх гэж оролдоод осолдсон удирдагчдын нэрсийг хүн төрөлхтөн цаашид нэг, хоёроор ч болов нэмэхгүй байх юмсандаа!
 
Энэ дэлхийд дангаар, ганцаар ноёрхох эзэн эрх аль ч угсаатан, үндэстэнд байхгүй. Аль нэгэн харгис үзэл сурталд автаж төөрөлдсөн хүмүүс л ингэж боддог, эцэсдээ устгагддаг. “Бид дангаараа үлдэж бусад нь устгагдах ёстой” гэх үзэл санааг зөвтгөж, бүр туршиж үзсэн тохиолдол цөөн биш. Орон зай, газар нутаг, ашигт малтмал, ус, ургамлын хэмжээ, бололцоонд түшиглэж бусад улс, үндэстэнг гадуурхах, үзэн ядахын оронд иймэрхүү шинж, гарвалтай бэрхшээлийг хэрхэн, яаж зохицуулах арга, замыг эрэх нь зөв шийдэл юм. Хүн төрөлхтөнд нийт тоогоо хянах, зохицуулах, хэрэгцээ, хэрэглээгээ оновчтой болгох, нөхөн үйлдвэрлэх, дахин сэргээгдэх боломжтой бүхэнд түшиглэх гэх мэтийн өчнөөн гарц, арга буй билээ. Хүн төрөлхтөн хоёр хуваагдаад ( ашиг сонирхлоороо, аль эсвэл үзэл суртлаараа ) нэг нь нөгөөгийнхээ дээр гарахын тулд өргөн цар хүрээтэй дайн хийж эхэлбэл хоёр тал хоёулаа л сөхрөн унах болно. Ингэснээр дэлхий даяарт самуурал, анархизм, өлсгөлөн, бүр дээрэм тонуул, хүчирхийлэл олон арван жил ноёрхох аюултай. Ийм ирээдүйгээс сэргийлэх, болгоомжлох чадавх хүн төрөлхтний тэргүүний, оюунлаг хэсэгт байгаа гэж найднам. Эцэст нь товчхон дурьдахад шинжлэх ухаанд ч бас хуурамчлал, төөрөгдөл бий. Жишээ нь философи сэтгэлгээн дэхь идеализмын олон урсгал бол хатуу ярьвал, нийгэм дэхь сөрөг үр дагаврыг нь тооцвол мөн төөрөгдөл юм.
 
Идеалист үзэл, онолуудын зарим харгисдуу урсгалууд нь нацизм, фашизм, милитаризм, шашины харгис урсгалуудад хөтлөн хүргэх муу үр дагавартай. Ийм тохиолдол, баримтууд ч олон буй. Төрийн өндөрлөгүүдэд ( УИХ, Засгийн Газар, Шүүх засаглал, Улсын Ерөнхийлөгч) жинхэнэ шударга улс төрчдөө сонгон гаргах чадваргүй (улс төрийн ухамсар дорой) улс орны хувьд бол Ардчилал, Ардчилсан сонгууль нь дэвшил, хөгжил, бүх нийтийн сайн сайхныг авч ирдэггүй нь тив бүхэнд нотлогдлоо. Бүх нийтийн задгайрал, чөлөөт байдлыг ашиглан зүсэн зүйлийн зальт этгээдүүд төр засгийн өндөрлөгт шургалан ороод улсын төсөв, валютын нөөц, ашигт малтмалын ордууд, үл хөдлөх хөрөнгө, байрлал сайтай газар мэтийн хөрөнгө, баялагруу хомхойрон дайрцгаадаг, зөвхөн өөрсдөө л баяжицгаадаг нь Монголын жишээн дээр ч (1990-2022 он) нотлогдлоо. Ингэхлээр дүр эсгэсэн хуурамч ардчилал, зальжин шунахай ардчилагчид бол яг үнэндээ улс төрийн том луйвар, луйварчид юм. Ардчиллын далбаан дор ард олныг мэхлэж оруулаад “Ардчилал, тэгш эрх, чөлөөт байдал, хүний эрх” гэж тэднээр хашгируулаад, араар нь байгаа бүхнийг нь цөлмөн авч цөөхөн гэр бүл өмчилж болохгүй биз дээ? Би энэнийг л зориглон, бас харамсан өгүүлж буй юм шүү!
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.