АН-ын "авралын бурхан" нь МАНАН "судар” өвөртөлсөн С.Баярцогт болох уу?

374

АН-ын "авралын бурхан" нь МАНАН "судар” өвөртөлсөн С.Баярцогт болох уу?

 

Саяхан даа, АН гээд л явдаг нэг найзтайгаа уулзлаа. Намынхаа байж байгаад их л санаа зовинож явдаг хүн байгаа юм. Тэрбээр АН-аа аргалийн сүрэгтэй зүйрлэж ярьсан. Хоржоонтой нөхөр л дөө.
“...Манай нам аргалийн сүрэг мөхдөгтэй л ижил болчихоод байна. Хөгширсөн угалзнууд нь залуу угалзуудаа аргалиуддаа ойртуулдаггүй. Айлгаад яваад байдаг. Эцэст нь аргалиуд нь хургалахгүй байсаар тэр сүрэг мөхдөг” гэсэн. Аргалийн сүрэгт яг ийм мөхөл явагддаг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ АН-ын өнөөдрийн байдалтай бол яв цав нийцсэн жишээ санагдсан. АН-ын тухайд С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН гэсэн хоёр том хуваагдалтай. Тэд эвлэлдэж нэгдэх гэдэг гол асуудал нь болсон. Гэхдээ хэн дээрээ нэгдэх вэ гэдэг нь жирийн гишүүдэд нь бараг хамаагүй гэхэд болно.
Хоёр АН нэг болох нь л чухал. Бас энэ намын залуус нь эвдрэлцэлд ах нарыгаа буруутгадаг. Тиймээс өөрсдөө нэгдэж тэмцэх гэж үзсэн. Одоогоор хүрсэн үр дүн алга. АН иймэрхүү байдалтай байна. Харин сүүлийн үед АН-ууд нийлж, даргаар нь С.Баярцогг тавигдах гэж байгаа тухай яриа хөөрөө их гарах болов. Тиймээс “...С.Баярцогт яагаад АН-ын даргад зүтгэхээр болсон бэ” гэж сонирхох хүн ч цөөнгүй байна. Тэгвэл С.Баярцогт өөрөө биш, түүнийг зүтгүүлж байгаа бололтой. Тэр нь МАНАН гэдэг улс төр, бизнесийн нийлсэн нөхдүүд гэнэ. “...МАНАН гэж юу вэ” гээд баахан нэр жагсаагаад байх хэрэггүй биз. Хэн хэн энэ нэр дор нэгддэгийг даяараа мэддэг болсон. Товчхондоо, МАН-ын ч, АН-ын ч эрх ашиг нэгтэй нөхдийн “малгай” нь энэ МАНАН гээч юм. Тэд өнгөрсөн хавраас эхлээд гадаад, дотоодгүй уулзалдаж, зөвлөлдөөд илүү нягт ажиллаад эхэлжээ.
Хамгийн сүүлд хэвлэлүүдэд гарсан мэдээллээр, наадмын дараахны амралтын өдрүүдэд Л.Гүндалайгийн Хөвсгөлд байдаг жуулчны бааз дээр Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, “АПУ”-гийн П.Батсайхан, “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал асан О.Одбаяр нар бууцгаажээ. Энэ явдлаас хэдхэн сарын өмнө С.Баярцогтын хүүхдийн хурим дээр дээрх бүлэгт багтдаг улстөрчид цуглаад түүнийг АН-ын дарга болгохоор ярьсан гэдэг. Мөн наадмын өмнөхөн Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтын хэргийг цайруулсан. Одоо түүнийг хууль хяналтынхан татаж чангаахаа больсон. С.Баярцогтыг “цэвэрлэж” чадсан.
Ер нь бол тэдэнд С.Баярцогтыг хувь хүн нь хэн бэ гэдгээс илүүтэй АН-ын ах нар, дүү нар, хамгийн гол нь МАНАН-гийнхан дунд холбоос хийх чадвар нь хэрэгтэй аж. С.Баярцогт ч угаасаа улс төр дэх маш сайн “холбоочин” байсан. Тодруулбал, С.Баярцогт АН-ын даргаар гарч ирвэл залуустайгаа ч, “ах нар”-тай ч учраа олчихно. Тэднийг гар бариулчихаж дөнгөнө. Түүнийг намын даргад “сонгоод” байгаагийн гол шалтгаан энэ. Үүнийг С.Баярцогтын ар дахь нөхдийн тооцоолол гээд ойлгочиход болно. Сайн ч тооцсон байгаа юм. Энэ бүлэглэлд ирэх 2024 оны сонгууль маш чухал болсон. Алдаж болохгүй улс төрийг энэ сонгуулиар хийх учиртай. Түүнд нь С.Баярцогт АН-ын дарга болох нь нэн чухал үүрэгтэй. Тэгж байж 2016, 2017 он хүртэл явж ирсэн тогтолцоонд буцаж очих “эрхэм зорилго”-той. Тэд түүгээр дамжаад алдсан албан тушаалууд, ер нь “алдсан” бүгдэз буцааж авна. Өөрөөр хэлбэл, “...АН- ын “авралын бурхан” нь МАНАН “судар” өвөртөлсөн С.Баярцогт болох” улс төрийн акц дуусах шат руугаа явж байна.
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.