Улстөрчдийн увайгүй мэдэгдэл найман хувийн ипотекийн зээлийг зогсоочихов уу

478


ЗАЛУУЧУУД НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГ БАНКУУД ТАЙЛБАРЛАЖ БАЙНА
   Монгол Улсын хэмжээнд ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэтэл "Энэ оны дөрөвдүгээр сарын дунд   үеэс эхлэн ипотекийн зээл олгохгүй байна" гэсэн иргэдийн  гомдол, мэдээлэл манай сайтад ирсний дагуу нөхцөл байдал ямар байгаа талаар холбогдох арилжааны банк, Монгол банкнаас тодрууллаа.

2022 оны дөрөвдүгээр сард 112.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ.

 

 Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.4 хувь нь хэвийн, 0.7 хувь нь анхаарал хандуулах, 1.9 хувь нь чанаргүй зээл байна.Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн 60.2 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 39.2 хувийг хөтөлбөрийн зээл, 0.6 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байна.                       

 
Ипотекийн зээл гэж юу вэ?
    Орон сууцны ипотекийн зээл гэдэг нь бүрэн баригдаж дууссан, Улсын комисс  ашиглалтад хүлээж авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийг хэлнэ. Монгол Улсад 2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт  105,006 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Үүнээс энэ оны дөрөвдүгээр сард 1094 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ. Үүний 37.9% хувийг хөтөлбөрийн буюу Монгол банкнаас санхүүжүүлжээ. Ипотекийн зээл авах иргэд хамгийн эхэнд арилжааны банкнуудаас сонгон ипотекийн зээлийн хүсэлтийг өгч зээлэх авах шалгуурыг хангаж байгаа эсэхээ тодорхойлуулдаг билээ.
Тэгвэл ипотекийн зээл олгогдохгүй байгаа талаар арилжааны банкнуудаас тодрууллаа.
   Хаан банкны мэдээллийн ажилтантай холбогдон ипотекийн зээлийн хүсэлт авах, зээл олголтын талаар мэдээлэл авахад “Манай банк бусад цалингийн, хэрэглээний зээлүүдээ түр зогсоосон байгаа. Гэхдээ орон  сууц худалдан авах ипотекийн зээлийн хүсэлтийг зогсоогоогүй, хэвийн авч байгаа. Зээлийн үйл явц тасалдаагүй” гэсэн юм.
   Харин Худалдаа хөгжлийн банкны мэдээллийн ажилтан  “Иргэдийн ипотекийн зээлийн хүсэлтийг  хэвийн хүлээн авч байна. Хүсэлтийг хүлээн аваад шалгуурт тэнцэх эсэхийг судалж шалгадаг. Монгол банкнаас санхүүжилт хэвийн орж ирж байгаа” гэв.
  Голомт банкны Кастодиан банкны газрын захирал Г.Зориг  “Манай банк орон сууц худалдан авах зээлийн хүсэлтийг хэвийн хүлээн авч байгаа. Ямар нэгэн зээл олголт тасалдсан, зээл өгөхгүй гэсэн асуудал байхгүй” гэв.
  Энэ талаар Төрийн банкны   “Манай банкнаас ипотекийн зээлийн хүсэлтийг хэвийн хүлээж авч ажиллаж байна. Үйл ажиллагаа тасалдаагүй” гэсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай үед иргэддээ дарамт учруулахгүй байх үүднээс 2021 оны  долдугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байсан юм. Тэгвэл уг зээл хойшлуулах хугацаа дахин зургаан сараар  сунгагдаж 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр зээлийг хойшлуулахаар болсон билээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт 16.0% байна.

Ипотекийн зээлийн үлдэгдэл 2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар 5,860.4 тэрбум төгрөг байна. Үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр 80,809 зээлдэгч 4,369.9 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 74.6 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 23.4 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2.0 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл байна.

  Харин Монголын банкны холбооны иргэдтэй харилцах мэдээллийн ажилтан ипотекийн зээл гаргахгүй, удаашралтай гэсэн иргэдийн гомдол мэдээллийн  талаар “Цар тахалтай холбоотойгоор Монгол Улс зээлүүдийн эргэн төлөлтийн хойшлуулсан. Эргэн төлөлт хойшлуулсан зээлэн дунд ипотекийн зээл ч хамаарна. Монгол Банкны хувьд  ипотекийн зээлийн эргэн төлөлтийг г буцааж санхүүжилт болгон оруулдаг. Гэтэл одоогоор эргэн төлөлт байхгүй учир санхүүжилт удаашралтай байгаа. Гэхдээ арилжааны банкнуудаас Монгол банкнаас эх үүсвэр тасалдлаа гэсэн мэдээлэл ирээгүй байна” гэлээ.
   Монгол Улс дахь иргэдийн авч  байгаа ипотекийн зээлийн санхүүжилтийг олгодог Монгол банкны хэвлэл мэдээллийн албаны ажилтан энэ асуудал дээр “Монгол банк зээлийн санхүүжилтийн хэвийн олгож байгаа. Зээл гэдэг тодорхой шалгуур шаардлага, шат дамжлагын дагуу олгогддог зүйл тиймээс зарим иргэний мэдээллийн шалгах гэж удаж байж болно. Мөн зээлийн эргэн төлөлтийн хойшлуулсан учир санхүүжилт багасан. Гэхдээ манай банкны хувьд ямар нэгэн асуудал байхгүй, ипотекийн зээлийг хэвийн  олгож байгаа” гэсэн юм.
   Монгол банк болон арилжааны банкнуудаас тодруулахад бүх банкууд ипотекийн зээлийн хүсэлтийг хэвийн авч, зээлийг олгож байгаа. Харин удаашралтай байгаа шалтгаан нь зээлийн эргэн төлөлтийн хойшлуулсантай холбоотой гэж тайлбарлав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.