Техаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ

423

Техаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ

 

АНУ-ын Техас муж улсын Ювалд хотод бага сургуульд гал нээсний улмаас наад зах нь 18 сурагч, нэг багшийг оруулаад насанд хүрсэн гурван хүн амиа алджээ. Урьдчилсан мэдээллээр, халдлага үйлдэгч 18 настай, нутгийн оршин суугч Сальвадор Ромасыг хэргийн газарт ирсэн цагдаа нар устгасан байна. Буудалцааны үеэр хоёр цагдаа хөнгөн шарх авчээ. Техас муж улсын захирагч Грег Эбботтын хэлснээр, гал нээсэн этгээд автомашинаа сургуулийн хажууд тавьж, барилга руу орсон байна.
Гэмт этгээд гар буу, AR-15 хагас автомат винтов буугаар зэвсэглэсэн байсан гэж хууль сахиулах байгууллагын хоёр эх сурвалж АНУ-ын телевизийн “CBS News” сувагт баталжээ.
Түүний гэмт хэргийн сэдэл тодорхойгүй байна. Гал нээсэн этгээд 18 нас хүрсэн даруйдаа винтов худалдаж авсан байсан гэж Техас муж улсын Сенатын гишүүн Роланд Гутиеррес мэдэгдсэн байна. 
Халдлага 7-10 насны хүүхдүүд сурдаг Робб сургуульд болсон байна
сонин mn
Ювалд  хот нь АНУ-ын долоо дахь том хот болох Сан-Антониогоос баруун тийш 130 км зайд оршдог.  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сургуульд болсон хэргийн талаар мэдээлэл авсан гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдэв. Эмгэнэлт хэрэг гарах үед Байден ерөнхийлөгчийн нисэх онгоцонд байсан бөгөөд Азид хийсэн айлчлалаасаа буцаж ирж байжээ. Хохирогчдод гашуудал илэрхийлэн төрийн далбааг тавдугаар сарын 28-ны орой хүртэл бөхийлгөхийг АНУ-ын Ерөнхийлөгч үүрэг болгожээ. Тэрбээр ойрын үед ард иргэддээ хандан үг хэлэх төлөвтэй байна. Америкийн ашгийн бус “Gun Violence Archive” байгууллагын мэдээлснээр, зөвхөн тавдугаар сард тус улсад галт зэвсэг хэрэглэсэн 215 хэрэг бүртгэгдсэний есөд нь дөрвөөс дээш хүн амиа алджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.