Шанхайн хөл хорио яагаад дэлхийн эдийн засагт нөлөөлөх вэ?

467


Хятадын эрх баригчид Шанхай хотод эрчимжсэн коронавируст халдварын тархалттай 20 орчим хоног тэмцэж байна. Хорин таван сая хүнийг гэрт нь хориод буй Шанхай хот нь тус улсын хамгийн том, хамгийн баян хот, дэлхийн томоохон метрополисуудын нэг юм. Энэ сарын эхээр хөл хорио тогтоосон хөрш зэргэлдээх Куншан хотын хамт Шанхай дэлхийн эдийн засагт асар их үүрэг гүйцэтгэдэг.
Шанхай нь ковидын голомт болоод байгаа хэдий ч Хятадын 45 хотод бүрэн болон хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Үүнд тус улсын хүн амын 25 хувь, эдийн засгийн 40 хувь нь өртөөд байна.

Бизнес, санхүү

Шанхай хотын ДНБ 4.32 их наяд юань буу 679 тэрбум ам.долларт хүрдэг. Энэ үзүүлэлтээрээ Хятадын бусад хотуудыг тэргүүлдэг. Түүнчлэн тус хот дэлхийн гурав дахь том хөрөнгийн зах зээл бол тэрбумтнуудын тоогоор дэлхийд тавд эрэмбэлэгддэг. 2021 оны байдлаар, 800 гаруй үндэстэн дамнасан корпорац Шанхай хотод өөрийн офисоо нээжээ. Үүний сацуу тус хотод 70 гаруй гаднын хөрөнгө оруулалттай компани, тэр дундаа 24 мянга гаруй Японы хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 7.3 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй Шанхайн хөрөнгийн бирж 1990 онд байгуулагдаж, зөвхөн Нью Йорк, Лондонгийн биржийн ард ордог.

Худалдаа, ложистик 

Шанхай хот Хятадын ДНБ-ний 3.8 хувийг бүрдүүлдэг бол Хятадын гадаад худалдааны 10.4 хувь тус хотод ногддог. Шанхай хотын боомт нь дэлхийн хамгийн ачаалалтай боомтод тооцогддог. Тус боомтоор 2021 онд нийт 47 сая нэгж карго дамжсан нь Лос Анжелесын боомтоос даруй дөрөв дахин их юм. Өнгөрсөн онд тус боомтоор Хятадын нийт чингэлэг тээврийн 16.7 хувь дамжсан байна.
Шанхай хот нь Азийн агаарын тээврийн гол зангилаа. Тус хотын Пудон олон улсын нисэх онгоцны буудал, Хонгяо нисэх онгоцны буудал 2019 онд нийт 122 сая зорчигчид үйлчилж, энэ үзүүлэлтээр Лондон, Нью Йорк, Токиогийн дараа дэлхийд дөрөвт бичигдэж байна.
Гэвч ковидын улмаас боомтын үйл ажиллагаа саарч, олон тооны нислэг цуцлагдсаны улмаас агаарын ачаа тээврийн үнэ өсөхөд нөлөөлж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний ачааллыг улам нэмсээр байна. Шанхай хотын боомт ажиллаж байгаа хэдий ч гуравдугаар сарын мэдээллээр, ачаагаа ачуулах болон гарахаа хүлээж буй хөлөг онгоцны тоо тэнгэрт тулжээ.

Үйлдвэр, технологи
Куншан болон хэд хэдэн хотыг багтаасан Их Шанхай бүс нь мөн аж үйлдвэрийн гол зангилаа. Энд автомашинаас авахуулаад хагас дамжуулагчийн үйлдвэр хүртэл үйлдвэрлэдэг. “Volkswagen”, “General Motors” компани, Хятадын төрийн өмчит “SAIC Motor” компани Шанхайд үйлдвэртэй бол “Tesla” Ази дахь анхны гига үйлдвэрээ энд нээгээд байгаа билээ. Нэгдүгээр сард “Ford” компани Шанхайд автомашины загварын төвөө нээсэн бол дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч “TSMC” компанийн  хагас дамжуулагчийн үйлдвэр тус хотын захын Сонжян дүүрэгт ажилладаг. Харин Хятадын “SMIC”, “Hua Hong Semiconductor” топ чип үйлдвэрлэгчид хөрш зэргэлдээх Пудон хотод үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл ковидын хязгаарлалт олон үйлдвэрийг үйл ажиллагаагаа түр зогсооход хүргэж автомашин, цахилгаан барааны нийлүүлэлтийн гол сүлжээ, тасалдах эрсдэлд хүргээд байна.
Шанхай дахь “Volkswagen”, “Tesla” зэрэг томоохон үйлдвэрүүд хаалгаа бариад байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.