Оюутан залуус шөнийн номын санг дүүргэж байна

354


“Хятад оюутнууд 21.00 цаг гэхэд таван давхар номын сандаа суудалгүй болтлоо битүү чихэж сууцгаана. Манай монгол оюутнууд шөнийн цэнгээний газар хэсэхээс өөрийг мэдэхгүй” хэмээсэн шүүмж цахим орчинд хөвөрсөөр олон жилийг үджээ. Харин өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сард монгол оюутнууд баасан гарагийн оройг номын санд сууж өнгөрөөж байна. Цаашлаад өглөө 06.00 цаг хүртэл сууж, хонох боломжийг МУИС-ийн номын сан оюутан залуустаа олгож эхлээд удаагүй юм. Манай ард түмний уламжлалт ойлголтоор шөнийн цагаар сурвалжилсан бүхэн архидалт, танхайн хэрэг гэх мэт хар бараан зүйлстэй холбоотой байдаг хэмээн боддог. Тиймээс манай улсад шөнийн цагаар дан хар бараан үйл явдал өрнөдөггүй гэдгийг энэ удаагийн сурвалжилгаараа хөндлөө.

 
ОНДОО БААСАН ГАРАГ
 
Улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлогч, оюуны болон биет баялгийг бүтээгчид нь оюутан залуус байдаг. Тэдний хичээллэх ая тухтай боломж нөхцөлийг хангах нь тухайн боловсролын байгууллагын нэр тэргүүний үүрэг юм. Хоёр жилийн хөл хорионы дараа оюутан залуус нэгдэж сургуулийн номын сангаа 24 цагаар бүтэн ашиглах хэрэгцээтэй байгаа талаараа санал хүргүүлсэн нь үр дүнд хүрчээ.
Манай сурвалжлах баг МУИС-ийн номын санд  20.00 цагийн орчимд очиход оюутнууд буйдан дээр тухлах нь тухалж, ширээний ард хичээлээ хийж сууж байлаа. Номын санг 24 цагаар ажиллуулах тушаал гарахаас өмнө 20.30 цаг гэхэд бүх үйл ажиллагаа нь зогсож хаалгаа барьдаг байжээ. Харин шөнийн номын сан ажиллаж эхэлснээр 21.00 цаг дөхмөгц хонож хичээлээ хийхгүй оюутнуудыг номоо хураалгаад гарахыг сануулах аж.
Шөнийн номын сангийн үйл ажиллагаа 21.00 цагаас эхлэн 06.00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн энэ хугацаанаас өмнө гэртээ харих хүсэлтэй оюутнуудыг 00.00 цагаас өмнө номын сангаас гарч болохыг зөвлөдөг байна. Харин тус цагаас хойш гарч орох, сэлгүүцэх хориотой юм. Ерөнхийдөө нэгэнт хонож хичээлээ хийхээр шийдсэн оюутнууд 00.00 цагаас өмнө хоол, хөнгөн зууш идэж ойр зуурын хэрэгцээтэй зүйлсээ базаагаад авах боломжтой.
Шөнө сууж хичээлээ хийхийн тулд оюутан тухайн өдрийн 09.00-20.00 цаг хүртэл цахимаар болон номын сангийн нэг цэгийн үйлчилгээнд биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хичээлийнхээ холбогдох сурах бичгийг захиалж болох аж. Хэрэв ном захиалах хэрэггүй бол бүртгүүлчихсэн байхад л хангалттай. Ингээд 20.00 цаг гэхэд бүртгүүлсэн оюутнуудын нэрсийг гаргаж захиалсан номуудыг нь нэгтгэж авчран номын сангийн нэг цэгийн үйлчилгээний хэсэгт байршуулах ажил 21.00 цаг хүртэл үргэлжилдэг байна. Анзаарч харвал танхим, фонд бүрээс цуглуулж ирсэн номуудын дээр захиалсан оюутны нэрийг бичиж ялгасан байв. Түүнчлэн шөнийн номын сангийн хамгийн том давуу тал нь аль ч салбарын номыг унших боломжтой явдал юм.
Тухайлбал, оюутан А Хууль зүйн салбар сургуульд суралцдаг. Оройн цагаар сургуулийнхаа төв номын санд суухад нь зөвхөн хууль зүйн номын сангийн уншлагын танхимд байх ном хэрэг болж болно. Хэрэв хуучин цагийн хуваариар ажиллаж байсан бол оюутан А тухайн номын агуулгыг 20.30 цаг хүртэл зөвхөн салбар сургуулийнхаа номын санд сууж унших боломжтой байж ээ. Тиймээс шинээр хэрэгжиж буй цагийн хуваарь олон оюутанд ашиг тусаа өгч байгаа аж.
Үүнтэй холбогдуулан шинэ цагийн хуваарийн талаар сэтгэгдлээ илэрхийлсэн МУИС Бизнесийн сургуулийн I түвшний оюутан н.Мөнх-Эрдэнэ “Энэ жил элссэн шинэ оюутны хувьд номын сангийн хуваарьт орсон өөрчлөлт таалагдаж байна. Одоогоор наймдугаар долоо хоног буюу явцын шалгалтын үе таарч байна. Тиймээс энэ шийдвэр шалгалтад бэлдэх, хол гэртэй хүүхдүүд номын сандаа хоночхоод өглөө эрт хичээлдээ хоцрохгүй бэлэн байх гэх мэт давуу талыг олгосон гэж болно. Цаашдаа номын сангийн бүх танхим 24 цагаар үйлчилбэл гоё байх даа” гэлээ. Тус сургуулийн уриа “Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой” хэмээсэн байдаг.
Энд сууж хичээлдээ шамдах залуус ирээдүйд эх орныхоо хөгжлийн галыг бадраах нь дамжиггүй. Томчуудын хэлдгээр одооны залуус наргиж цэнгэхээс өөр юм мэдэхгүй л гэх. Энд харин агсан согтуурах бус хичээлдээ мэрийх сэхээтнүүд сууж байлаа. Цаг үе өөр болсон. Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр заавал архидах алба үгүй. Архи уух нь хувь хүний сонголт тул хичээлээ хийх гэсэн эрмэлзэлтэй залуусаа бүх шатны боловсролын байгууллага, бусад номын сангууд дэмжвэл хэрэгцээ шаардлага нь хангалттай үүссэн харагдана.
 
БОЛОВСРОЛД ОРУУЛСАН ДЭМЖЛЭГ БҮХЭН ИРЭЭДҮЙД 1000 ДАХИН ҮРЖДЭГ
 
Биднийг энд ирснээс хойш хэдийн гурван цаг өнгөрчээ. Хонож хичээлээ хийхээр шийдсэн оюутнууд ямар нэгэн чимээ анир гаргалгүй урд байгаа зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэн сууцгааж байна. Хаа нэгтээ номын сангийн ажилтан заавар өгч, зарим мөрдөх дүрэм журмыг сануулахаас өөр чимээ энд алга. 00.00 цаг хараахан болоогүй учир оюутнууд ойрхон гарч юм идэх, агаар амьсгалах зэрэг ажлаа зохицуулахаар явах аж.
Зарим нь найзууддаа зориулж тор дүүрэн будааны ороомог хийж авчирснаа хуваан идэцгээж байлаа. Мэдээж нойр хүрэх асуудал бага зэрэг гарах тул зөөврийн компьютер, гар утсаараа хөгжилтэй бичлэг үзэх эсвэл дуртай дуугаа сонсох оюутнууд ч байв. Өнөө орой номын санд хонож хичээллэх оюутны тоо 100 орчим байна. Цаг орой болсон тул оюутнууд аль болох тухтай байрлаж чадахаараа төвлөрөн суух гэж хичээж буй нь илхэн байлаа.
Уншлагын танхимд зэрэгцэж суунгаа бие биедээ туслах оюутан охидыг н.Оюунбилэг, н.Мөнхтэнгэр гэдэг. Тэд МУИС-ийн Бизнесийн сургуулийн IV түвшний оюутнууд юм. Охидын хэлж буйгаар оюутнуудтай цуг хичээллэх нь илүү урам зориг, эрч хүч өгдөг байна. Мөн гэртээ ганцаараа хичээлээ хийхэд нойрмоглох, бага зэрэг залхуу хүрэх гэх мэт асуудал тулгардаг гэнэ. Гэрээр ном олгох фондод хүссэн ном нь байдаггүй, зөвхөн уншлагын танхимд байх нь элбэг аж. Тиймээс номын санд хонож хичээллэх нь яг хэрэгцээтэй номоо хэрэглэх боломж олгож буйг дурдлаа. IV түвшний оюутнуудын хувьд диплом хамгаалалтын ажил дөхөж буй. Тиймээс тэдэнд хамгийн хэрэгцээтэй зүйл нь шөнийн номын сан юм. Аюулгүй байдлыг хангах үүднээс шөнийн номын сангаар зөвхөн 18 нас хүрсэн оюутан үйлчлүүлнэ хэмээн дотоод журамд заажээ.
МУИС-ийн номын сангийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэнямаас шинэ цагийн хуваарийн талаар товч тодруулбал “Өдөрт хамгийн багадаа 70 оюутан шөнийн номын сангаар үйлчлүүлж байна. Суудлын дээд хязгаар 100 гэж бичсэн. Гэсэн ч түүнээс давсан олон оюутан бүртгүүлбэл нэмж байрлуулах ширээ, сандал бэлдсэн. Гэрээр ном олгох фондод байгаа номоо оюутнууд урьдчилан захиалаад 21.00 цагаас эхлэн өглөө болтол хэрэглэх боломжтой юм. Ирэх долоо хоногт шалгалт эхлэхээр бүүр ч их оюутан ирж суух байх гэж бодож байна. Мөн зөвхөн уншлагын танхимд байх номыг ч хэрэглэх боломжтой болсонд оюутнууд ам сайтай байгаа. Номын санг 24 цагаар ажиллуулах шийдвэр гарсны дараа хэдэн оюутан ирэх бол гэж бодож байсан. Харин бидний төсөөлснөөс илүү буюу хоногт 70-аас эхлэн өгссөөр 100 хүртэлх оюутан ирж буйд баяртай байна” гэв.
Шинээр мөрдөх цагийн хуваарь хэрэгжээд удаагүй. Тиймээс одоохондоо 100 суудалтай нэг уншлагын танхимыг ажиллуулж байгаа аж. Хэрэв туршилт болон судалгаа амжилттай хэрэгжиж чадвал 2-3 давхрын уншлагын танхимуудыг мөн 24 цагаар ажиллуулах боломжтой гэнэ. МУИС-ийн номын сан 1942 онд байгуулагдахдаа нэг ажилтан 100 гаруй номын нөөцтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Харин 80 жилийн дараа  400 мянга гаруй хэвлэмэл болон цахим ном, 52 ажилтантай болж өргөжсөн байна.
Монголчууд үргэлж биенээ хэмлэж, болж бүтэхгүй зүйлсийг илүүтэй дэвэргэж ярих дуртай. Оюутан залуусыг гадуур сэлгүүцэж "баасан ахын" төрсөн өдөр тэмдэглэхээс цаашгүй, ухамсар муутай, залхуу гэж өнгөц дүгнэх нь бий. Гаднын орны оюутнуудтай харьцуулж хичээлээ хонон өнжин хийдэггүй гэж бас шүүмжилнэ. Цар тахлын хязгаарлалт хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд хамгийн удаан хаалттай байсан газруудын нэг нь номын сангууд юм. Хөдөө орон нутгийн оюутнууд гэртээ харьсан гэдэг утгаар их дээд сургуулиудын номын сангийн хаалгыг дангинатал түгжиж явсан цаг саяхан.
Хичээл сургалтын үйл ажиллагаа танхимын хэлбэрт шилжсэн ч номын сангууд 20.00-20.30 цаг хүртэл ажиллаж байхад шөнийн цагаар номын санд өнжиж хичээлээ давтах оюутан хаа олдох билээ. Тиймээс ажиллах цагийг нь цаанаас хязгаарлаж байхад тэнд суух хүн мэдээж үгүй юм. Өнгөрсөн хугацаанд залуусаа хангалттай муулж, гоочиллоо. Шөнийн цагаар ажилладаг тоотой хэдэн газар нь цэнгээний болон уушны газар л байсан. Харин тэр цагаар ажиллах номын сан байгаагүй тул энэ чиглэлийн үйл ажиллагаа ус агаар мэт дутагдаж байсныг энд суух оюутнууд гэрчилнэ. Боломжийг нь нээж өгөөгүй хэрнээ бусдыг чичлэх нь “байгаа олж буудаагүйн үлгэр” байсан аж.
Цаашлаад бусад сургуулиудын номын сан энэ цагийн хуваарийг аль болох нөхцөл бололцоогоо шавхан хэрэгжүүлбэл олон залууст дэм болох нь тодорхой. Ирээдүйн хөгжлийг бүтээхэд сургалтын таатай орчин бүрдүүлэх нь  хамгийн чухал хүчин зүйл  гэдгийг бусад боловсролын байгууллагын удирдлагууд нэг анзаараад үзээсэй. Тэдэнд нөхцөлийг нь бүрдүүлж өгвөл ирээдүйд бидний төсөөлснөөс ч илүү үр дүнг гаргах боломжтой. Аливаа зүйлд албадлага бус дэмжлэг хамгийн том тус болдог гэдгийг үүнээс ажиглаж болох аж.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.