ГХЯ: Харьков хотод буй 23 иргэний ар гэрийнхэнтэй уулзаж, оюутнуудтай тогтмол холбоотой байгаа

408

Украин улсаас монгол иргэдээ татан авахаар Монгол Улсын Гадаад харилцааны яам хэрхэн ажиллаж буй талаар ГХЯ-наас дараах мэдээллийг өгч байна. "Украин Улсад нөхцөл байдал хүндрэх төлөвтэй болсон тул Гадаад харилцааны яамны зүгээс тус улсад оршин суугаа монгол иргэддээ эх орондоо буцах зөвлөмжийг хоёрдугаар сарын 13-ны өдрөөс өгч эхэлсэн билээ.

Энэхүү зөвлөмжийн дагуу Украинд оршин суудаг 41 монгол иргэн ар гэртэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр нөхцөл байдал хүндрэхээс өмнө эх орондоо эргэж ирсэн.

Украинд сурдаг оюутнууд, ялангуяа хэлний бэлтгэл болон төгсөх курсэд сурдаг оюутнуудад сургуулиас нь эх орондоо буцах зөвшөөрлийг өгөөгүйн улмаас явж чадаагүй үлдээд байсан. Эдгээр оюутнуудын зарим хэсэг болон Украинд байнга оршин суудаг иргэд болох 24 монгол иргэн 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Польшийн хилээр нэвтрээд байгаа бөгөөд ЭСЯ-ны ажилтнууд иргэдээ хил дээрээс тосч аван Варшавт хүргэж, эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 3 иргэн эх орондоо ирсэн бол үлдсэн иргэдээ ойрын хугацаанд эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна.

Мөн Киевээс 5, Кировоградаас 2, Одессаас 3 иргэнээ ойрын хугацаанд Польшийн хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бол нөхцөл байдал туйлын хүнд байгаа Харьков хотод буй 23 иргэнээ аюулгүй, хурдан татаж авахаар ажиллаж байна.

Харьков хотод байгаа оюутнуудын ар гэрийнхнийг өчигдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгсөн бөгөөд тус яамны зүгээс оюутнуудтайгаа тогтмол холбоотой байна" гэлээ.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.