Замын-Үүдийн тээврийн хөлс тогтворжоогүй, Эрээн хилээ нээгээгүй

311


Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтнууд өнгөрсөн хугацаанд Эрээний боомт нээсэн, нээгээгүй гэдэг хоёр үзүүртэй мэдээлэл өгч, импортоос хамааралтай нийт эдийн засгаа эргэлзээнд оруулсан. Тэгвэл Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос Эрээн-Замын-Үүдийн тээвэртэй холбоотой мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдэлдээ "КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны аравдугаар сарын 13-наас хойш Эрээн-Замын-Үүдийн авто замын боомтоор нэвтрэх олон улсын ачаа тээврийн хөдөлгөөн зогссон байдалтай байна.

 

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын талаас Эрээн хотод суугаа Консулын газар, БНХАУ-н талаас Эрээн хотын захиргаа хамтран уулзалт зохион байгуулж,’’Түр цагийн журам” буюу хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих талбайг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулж ачаатай болон ачаагүй чингэлэг солилцох саналыг Хятадын талаас тавьсан. Хэрэв энэ саналыг Монгол Улс хүлээн авахгүй бол ойрын таван сарын хугацаанд хил нээх боломжгүй болохыг маш тодорхой анхааруулсан байдаг.


Бид энэхүү мэдэгдлийг авмагцаа бүх нийтийн эрх ашгийн төлөө тээврийн зардлыг бууруулах, үнийн хөөрөгдлийг арилгах, Хятадын талаас тавьсан түр журмын дагуу зөвхөн нэг байгууллагатай харьцаж мэдээлэл солилцох шаардлагад нийцүүлэхийн тулд олон улсын чингэлэг тээвэр зохион байгуулагч, мэргэжлийн холбооны хувьд хамтран ажиллах хүсэлтээ, тээврийн жишиг үнийн саналын хамт Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн. Бидний зүгээс хүргүүлсэн үнийн саналд чингэлэг солилцох тэг цэгээс Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбай хүртэл НӨАТ ороод 550 мянган төгрөг, Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл 4.5 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгасан.

Уг асуудлаар   Замын-Үүд дэх Авто тээвэрчдийн холбоодуудтай удаа дараа уулзсан. Уулзалтын үеэр тээвэрчид тэг цэгээс Улаанбаатар хүртэл 8.8 сая төгрөг болгох шаардлага тавьсан. Бидний зүгээс орон нутгийн тээвэрчидтэй хамтран ойлголцлын санамж бичиг байгуулахаар санал өгсөн боловч одоогоор байгуулж чадаагүй” гэжээ.

Мэргэжлийн холбооны уг мэдэгдлээс харахад, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн тариф Хятадын талаас санаачилсан түр журам хэрэгжиж эхлэхдээ хоёр дахин өссөн нь харагдаж байгаа. Мөн Хятадын талаас хилээ нээж, хэвийн явуулахад нэмэлт шаардлага тавьсан гэдэг эх сурвалжуудын мэдээлэл батлагдаж байна. Газар дээрх эх сурвалжууд ч энэ мэдээллийг баталгаажуулсан юм.

 

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ сарын эхэнд "Хятадын тал маргаашаас Эрээний боомтыг нээнэ" гэж мэдээлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын   штабаас Монгол Улстай хилийн харилцаагаа сэргээх мэдэгдэл гаргаагүй байгаа.


Гадаад харилцааны дэд сайдын араас Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Манай талын экспортын чингэлэг тээврийг Хятадын тал буцаасан. Өмнө нь Хятадын тал дундын чингэлэг тээвэр солилцох бүсэд хоёр чингэлэг тээвэр солилцсон ч тэр нь ачаагүй хоосон, туршилт байсан” хэмээн ам алдсан.

Гэтэл Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "Арванхоёрдугаар сарын 8-нд би Замын-Үүд боомтод 20 хоногийн бэлтгэл хэр хангагдсан эсэхийг шалгахаар ажилласан. Маргааш нь энэ 10-наас хил нээгдэнэ гэж хэлсэн. Гэтэл Эрээний талаас бага зэрэг хүндрэлүүд гарсан. Хил хаагдахаас өмнө Эрээнд очиж гацсан ачаатай 130, ачаагүй 20, импортын тээврийн хэрэгслүүд, уул уурхайн машин механизм гэх мэт 192 автомашин байгаа. Эдгээрийг эхнээс нь хил нэвтрүүлж байгаа үйл явц өрнөсөн. Эрээний гаалийн бүрдүүлэлт, автомашины бодит хэмжээ, жинтэй зөрсөн асуудлууд гарсан. Гаалийн бүрдүүлэлт зөрж байгаа учраас эхний ээлжинд гарах боломжгүй болж байгаа юм.

Иймд хил нээснээс хойш гурав хоногийн хугацаанд Эрээн талд үнэлгээ хийгдсэн. БНХАУ-ын цар тахлын үеийн баримтлах дүрэм, журмын хүрээнд тэг цэг дээр монгол жолооч нар орсон учраас үүнийг халдвартай бүс гэж үзэж байгаа. Тэгэхээр халдвартай бүсэд үнэлэлт, ариутгал халдваргүйжүүлэлт зэргийн үнэлгээнүүд хийж байгаа юм.  Энэ нь олон нийтийн ойлгож байгаа шиг Эрээн хилээ дахин хаасан ойлголт биш. Харин бараа бүтээгдэхүүнээ оруулах, эргэлтийг нэмэгдүүлэх үе шаттай ажлуудын нэг хэсэг" гэж мэдэгдээд байна.


Д.ДУЛМАА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.