Д.Монголхүү: Цагдаа нар бүх баримтаа дэлгэчихсэн, харин би дэлгээгүй байгаа

253

“No double standart” хөдөлгөөний зохион байгуулагч Д.Монголхүүтэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт хөдөлгөөний хязгаартайгаар суллагдаад байгаа юм.
-Таныг баривчлагдах үед гэмтэл авсан гэж дуулсан. Хэр байх юм, одоо?
-Есдүгээр сарын 30-ны өдрийн жагсаал дээр болсон үйл явдлын үеэр зүүн талын эгэм мэдээ алдаж, сарвуу хөөж хавдаад гар атгах боломжгүй болчихсон. Маргааш өглөө нь нуруу их л зовуурьтай босч ирж, цусаар шээсэн. Гэсэн хэдий ч тэр өдөр гараа сойлттойгоор Эрх чөлөөний талбай дээр очиж эсэргүүцлээ үргэлжлүүлсэн. Гэтэл нөгөөдөр нь бүр хэвтэрт орчихсон. Бүтэн нэг хоног хэвтэж байж хөл дээрээ босч ирээд Хэнтий явж ирсэн. Ирээд л баригдсан. Тухайн үед мэдэгдээгүй юм, гэтэл одоо баруун мөр бас л зовуурьтай байгаа. Бас түрүү булчирхайны асуудал үүсч байгаа бололтой. Уг нь хорих ангид байхдаа эход үзүүлэхэд “Зүгээр байна” гэсэн. Гарч ирээд эмнэлэгт үзүүлтэл “Хэвийн биш байна, томорсон” гэсэн онош сонслоо. Маргаашнаас эмчилгээ эхлүүлж байна. Яах вэ, цагдаа нар энэ асуудал дээр “Монголхүүгийн биед халдсан уу, үгүй юү” гэдгийг тогтоохоор ЦЕГ-ын Тусгай субьектийн хэлтэс шалгалт хийж эхэлсэн. Ямартаа ч хүч хэрэглэж, миний биед халдсан. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсэх хэмжээний гэмтэл биш байна гэж асуудлыг замхруулж байх шиг байна.
-Дээр нь таны хөдөлгөөнийг хязгаарлачихсан биз дээ. хөдөлгөөнийг яаж хорьж байна вэ?
-А.Одбаярыг суллахдаа хуулийн байгууллага-гэр-эмнэлэг гэсэн маршрутаар гаргасан байдаг. Тэгсэн чинь Э.Одбаяр маань хуулийн байгууллага юм чинь гээд Хорих 461 дээр очоод үг хэлэх эрх чөлөөгөө эдлээд эсэргүүцлээ илэрхийлээд эхэлсэн. Мөрдөгч, прокурор нь яаж ч чадаагүй. Тэгээд намайг гаргахдаа дахиад ингэж болзошгүй гээд “Яг энэ хэрэгтэй холбоотойгоор цагдаа, прокурор, шүүхийн байгууллага, гэр гэсэн хязгаартайгаар хөдөлгөөнд оролцож болно” гээд нарийвчлаад заагаад өгчихсөн байдалтай байна.
-Таны баривчилгаан дээр олон эргэлзээтэй асуудал үүсээд байгаа. Хорих анги дээр оргуулаад явсан гээд л...
-Есдүгээр сарын 30-нд болсон үйл явдал дээр биднийг мэдээлэл өгч болохгүй гэдэг баталгаа гаргуулж авчихаад цагдаа, прокурор зэрэг эрх бүхий нөхөд өөрсдөө хэргийг дэлгэж яриад байгаа юм билээ. Ж.Болд генерал нь гарч ирээд л хайрцагтай гутал яасан ийсэн, хууль бус жагсаал цуглаанд бид хүндэтгэлтэй хандсан гээд яриад байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хэргийг өөртөө ашигтай байдлаар яриад байна.
Харин би бол энэ хэргийг нэг талд шийдсэний дараа баримттайгаар ярина гэсэн ойлголттой байна. Хүчээр хэрэг зохиож чадаад байгаа хүмүүс миний хэлсэн үгэн дээрээс яаж ийгээд л дахиж сэдэл гаргаад намайг шоглохоор анаад сууж байгаа. Тиймээс ийм болгоомжлол байна. Ер нь нийгэмд ямар зүйл харагдсан бэ гэхээр “Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн” гэх агуулгыг их явуулсан байна лээ. Дээр нь миний цагдаатай өндөр дуугаар ярьж байгаа бичлэгийг ч явуулсан. Энэ хоёроор “Энэ нөхөр чинь өөрөө болдоггүй юм” гэсэн мессэжийг өгөхийг оролдсон. Харамсалтай нь жагсаал дээр энэ зүйл эсрэгээрээ байсан. Би цагдаатай мэндэлж эхлээд ямар хуулийн үндэслэлээр биднийг жагсахыг хорьж байгааг асуудаг. Энэ тухай бичлэг хангалттай олон нийтэд хүрсэн. Намайг зургадугаар сард барихад, сүүлийн баривчилгаан дээр байсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Ганбат гээд хурандаа бий. NTV-гийн сэтгүүлч асууж байгаа бичлэг байдаг даа. “Жагсаж байгаа хүмүүсийг эндээс гаргаж ирэхгүй байгаа шалтгаан юу вэ” гэхэд “Шалтгаансаад...” гээд юу ч хэлж чадахгүй таг гацчихдаг даа. Тэр хүн 9 дүгээр сарын 30-ны жагсаал дээр ч тийм л байсан. “Цагдаагийн албан хаагчид та нарт хууль ёсны шаардлага тавьж байна” гэдэг. Би хариуд нь “Шаардлага нь юу вэ” гэхээр бултаад зугтчихдаг. Ерөөс жагсаал дээр би ямар ч асуудал эхлүүлээгүй. Эхлээд цагдаагийн ажилтантай мэндлээд, иргэн хүнийхээ хувьд хууль ёсны шаардлагынх нь үндэслэлийг нь сонсохыг хүссэн. Энэ бол иргэн хүний мэдэх эрх. Цагдаагийн албан хаагч хуулийн мэдээллээр иргэнийг хангах үүрэгтэй. Хэрэв би хууль асууж байвал надад тайлбарлаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй. Ийм процессыг л хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилж биед нь халдсан гэж яриад байгаа юм. Цагдаагийн газраас бүх нотлох баримтаа дэлгэчихлээ. Би бол юу ч дэлгээгүй байгаа. Бид шүүх дээр дэлгэнэ.
-Жаахан бүрхэг болчихлоо. Ямар баримт вэ?
-Маш ноцтой баримтууд бий.
-Агуулгын хүрээнд хэлж болно биз дээ?
-Жишээ нь, Э.Одбаяр улсын тусгай субьект рүү халдаж, хүч хэрэглээд Д.Монголхүүг өргөөд аваад явчихсан гэж цагдаагийн дарга мэдэгдсэн. Түүн дээр юу болсон талаарх нотлох баримтууд нь байгаа.
-Ж.Болд даргын ярьсанчлан тийм явдал болсон уу?
-Болоогүй.
-тэгвэл д.Загджав даргын тайлбар үнэний ортой гэсэн үг үү?
-Тэр хүн яг үнэн хэлсэн. Өөрийнх нь байгууллагын камерын бичлэг байгаа. Тэр бичлэгийг үзэж байж мэдэгдлээ хийсэн байж таараа.
-Танд одоо ямар, ямар зүйл ангиар хэрэг үүсгэчихээд байгаа юм бэ. Нэлээд олон үйлдэл байх шиг байсан?
-Нийтдээ зөрчлийн гурав, эрүүгийн хоёр хэрэг үүсгэсэн. Эрүүгийн нэг хэрэг нь удахгүй шүүхээр орох гэж байгаа Эрүүгийн хуулийн 23.1. Нөгөө нь хорих 461 дээр болсон Ж.Болдын хэлж байгаагаар хүч хэрэглэж оргон зайлж зугтаасан гэдэг зүйл анги. Тэр хэргийг прокурор дээр “Тийм зүйл болоогүй байна” гэж өөрсдөө батлаад хэрэгсэхгүй болгосон. Зөрчлийн нэг хэрэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой хоёр пост, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай холбоотой нэг постон дээр хэрэг үүсгээд хоёр нь хэрэгсэхгүй болсон. Нэг нь сая намайг 461 дээр байхад онлайнаар шүүх хурал нь болж, шүүх хэрэгсэхгүй болчихлоо. Тэгэхээр таван хэргээс дөрөв нь хэрэгсэхгүй болчихсон гэсэн үг.
-Одоо цагдаагийн албан хаагчийн биед халдсан үйлдэл үлджээ?
-Тийм. Би чинь Джеймс Бонд юм байна. Зургаа, долоон цагдааг зэрэг зодчихдог.
-Уг нь энэ хэргүүдээр үндэслэж сар орчим цагдан хорьсон байж таарна. Таныхаар бол бараг ихэнх нь хэрэгсэхгүй болж байгаа юм байна. тэгэхээр хорьсон үндэслэл нь юу болж таарах нь вэ?
-Одоо үлдсэн 23.1 гэдэг нь бас зохиомол хэрэг. Шүүх энэ хэрэг дээр шийдвэрээ яаж гаргахаас шалтгаалж иргэдийн шүүх засаглалд итгэх итгэл хаашаа эргэх нь тодорхойлогдох байх. Гэсэн ч миний хувийн итгэл үнэмшил шүүхийн шийдвэр яаж ч гарсан байлаа би хуультай, эрх чөлөөт орны иргэн. Зөвхөн хуулинд захирагддаг. Философийнхоо хувьд шүүхийн шийдвэр бол эцсийн үнэн байдаггүй. Харин нийгмийн амьдралын эцсийн шийдвэр л байдаг. Шүүхийн шийдвэр буруу ч гарсан, зөв ч гарсан түүнийг бид даган мөрдөж биелүүлэх нь хууль дээдлэх зарчим.
Яах вэ, шүүх намайг буруутай гэж үзвэл тэр л биз. Буруугүй гэж үзвэл миний эрх өнгөрсөн хугацаанд ингэж зөрчигдлөө гэж үзээд эргээд хууль, шүүхийн байгууллагаас эрхээ нэхэмжлэх үү гэж асуугаад байна, тийм үү. Надад тэгж явах хүсэл сонирхол алга. Тэртэй тэргүй шүүх гэм буруугүй гээд үзчихвэл олон нийт мэдэж л таарна. Миний анхны зорилго бол хууль шүүхийн байгууллагатай асуудал үүсгэх биш байсан. Ковидын энэ олон үхэл, бизнесийн дампуурлууд, энэ олон худалдааны салбарын ажилчдын бизнесийн уналтыг хяналтандаа аваач гэж Засгийн газрыг шүүмжилсэн.Та нар хэрэв чадахгүй бол дараагийнхаа багийг оруулж ажиллуул гэсэн шаардлагыг тавиад явж байх үед урдуур шал өөр, цагдаа, прокурорын нөхөд орж ирээд асуудлыг сарниулаад байна. Тиймээс би өөрийнхөө эрхийг нэхэж хууль шүүхийн байгууллага дээр хугацаа алдаж, нийгмийн харж байгаа үнэ цэнийг сарниулаад баймааргүй байна. Бүх асуудлын эх үүсвэр Засгийн газар байгаад байхад бид яагаад цагдаа нартай зууралдаад байх ёстой гэж.
-Та ер нь яагаад анх жагсаал цуглаан болоод явчихав. дабль стандарт гэж эсэргүүцэж эхэлсэн шалтгаан юу байсан юм бэ?
-Уг нь энэ асуудал ийм түвшинд ирнэ гэж огт төсөөлөөгүй. “No Naadam” ч тэр, тийм хэмжээнд хүрэх чинээ санаагүй. Анх клаб хаус дээр хэсч яваад ажиглахад нийгмийн асуудлаар чухал зүйл яриад байсан нь твиттерийн өрөө. Тэнд байгаа хүмүүсийн ярьж байгааг сонсоход Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолоо хийнэ гэнэ. Тэгсэн хэрнээ хувийн хэвшлүүд хаалгаа барьчихсан байдаг гээд л агуулгууд яригдаж эхэлсэн. Би ч тухайн үед тэр асуудалд ихэд бухимдаж байсан. Твиттерийн өрөөнд тухайн асуудлаар зургадугаар сарын 25-нд талбай дээр очиж эсэргүүцлээ илэрхийлэхээр хүмүүс ярьж эхэлсэн. Тэгээд л яваад очсон. С.Зоригийн хөшөөн дээр цөөхөн хэдэн хүмүүс байсан. Цагдаа нар хөөгөөд л. Тэгээд над дээр ирээд “Та нар тарцгаа” гэсэн. Би ч “Болж байна. Та эхлээд Ерөнхийлөгчийн парадыг тараачих” гэсэн. Тэгэхэд “Би тэр парадыг тараах хүн биш” гэнэ. “Тэгвэл та биднийг тараах ёстой” юм уу гэхэд “Тийм” гэсэн. Тэгээд л эгдүүцэл төрөөд явчихсан. Яг л дабл стандарт байгаа биз дээ. Тиймээс шууд самбараа бариад урагшаа зам руу гараад зогсчихсон. Гэтэл явган хүний зам руу гаргахгүй гээд л эхэлсэн. Би бас л хууль асуусан. “Байрлал зааж үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх хуулийн заалт хаана байна, байхгүй бол битгий намайг хоригло” гэсэн. Тэгээд л цагдаа нар хүч хэрэглээд баривчилгаа болсон нь тэр. Түүнээс л би хүний эрхийн асуудал хүнд түвшинд болж байгаа юм байна гэж харсан.
Би бол эрх чөлөөнд маш харамч хүн. Гэтэл тэрхүү эрх чөлөөгөөр минь оролдоод байгаа юм байна. Тэгэхдээ бүр миний мэдэхгүй барьц ахиулчихсан юм байна. Урд нь гар бариад, бугуй бариад л, одоо бол хэзээний шилэн хүзүүн дээрээс зуурчихсан байгаа юм байна гэж мэдэрсэн. Хэрэв ингэж байгаа юм бол үүнд иргэдийн хяналт хэрэгтэй юм байна гэж бодсон. Яагаад гэвэл бид улс төрийн сөрөг хүчиндээ найдах аргагүй болчихсон. Улс төрийн бусад намууд нь ямар ч үүрэг рольгүй. Дөрөв дэх засаглалдаа найдъя гэхэд байхгүй. Бүгд хаалтын гэрээтэй.
-Та үүн дээр баримттай хэлэх хэрэгтэй...
-Ер нь дийлэнх нь.
Улс төрийн дархлааг нь барьж байдаг цорын ганц институци нь шүүх засаглал хэдий ч улстөрчдийн халаасанд яваад орчихсон. Тэгээд л эцсийн найдвар иргэд өөрөө өөрсдөө юм байна гэж бодоод л хөдөлсөн хэрэг.
Анх тэр жагсаал дээр энд тэндээс үхрийн бөөр шиг нийлсэн хүмүүстэй юм ярихад ер нь ойролцоо сэтгэдэг хүмүүс цугларсан байж таарсан. Аяндаа тэгээд л нэгдээд явчихдаг юм билээ. Амраа Соёлын төв өргөөний урдаас баригдаад, Одко гэрийнхээ үүднээс баригдаад, би Зоригийн хөшөөн дээр баригдаад гурвуулаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр таарч, анх удаа нэгнийгээ олж харж байх жишээтэй. Зовлон нэгтэй найзууд гэдэг шиг сүүлдээ найзууд болоод л явчихсан.
Б.ЭНХЗАЯА
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.