АН-Д НЭГДЭХ ХУВЬ ТАВИЛАН ДААНЧ АЛГА ДАА

323

Сонгууль ч дуусаж, Ардчилсан намын эвлэрэл түр зуурын анхаарал татах арга байсан гэдэг нь илт болов. Саяхан л Ардчилсан нам эвлэрч, Их хурлаа хамтдаа хийхээр боллоо хэмээн мэдэгдэж байсан залуу дарга нар өнөөдөр бахь байдгаараа хоёр тийшээ гарчихсан нэг нь “Онц их хурал хуралдуулна” гээд нөгөө нь “Тийм зүйл байхгүй, бид хуралд оролцохгүй учир намын гишүүд битгий оролцоорой” гэх мэдэгдэл хийгээд хоёр талд завгүй тайлбар хийж сууна.
         Үндсэндээ хоёр удаагийн сонгуульд далаараа цэвэр тавиулсан энэ намынхан эрх баригчдын эрхшээлд орж, дахин сэхэхгүй нь тодорхой болов. Угаасаа ч Онц их хурал хуралдаж чадахгүй, өмнөх жишээгээр л хоёр талцаад дуусах болов уу гэсэн хүлээлт олны дунд байсан. Энэ байдлаасаа гарахад ардчилсан намд дор хаяж дөрөв, магадгүй түүнээс их хугацаа шаардагдахыг үгүйсгэхгүй юм.

         Нэг бол энэ хагарал хоёр нам болж дуусах нь тодорхой боллоо. Өнөөдөр О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намынхан Онц их хурлаа хуралдуулах тов гаргасан. Мэдээж гишүүд дэмжигч нарынх нь тал хагас ирж, хэдэн зураг дарж баталгаажуулаад бид “жинхэнэ даргаа сонгочихлоо” хэмээн Улсын дээд шүүхэд гарын үсэг цуглуулсан баримт бичиг аваад очно. Гэтэл мөнөөх М.Тулгат даргатай Ардчилсан нам нь “Бид энэ хуралд оролцоогүй учир албан ёсных биш” гэж тас гэдийж, дахиад л баримт сэлт аваачиж өгнө. Энэ мэтээр матрын нулимс унагаж, бие биенээ адласан Ардчилсан нам 31 жилийнхээ босгон дээр “амь тавих” нь тодорхой боллоо.

     Уг нь Ардчилсан намын лидер, Улсын баатар Э.Бат-Үүл намаа нэгдүүлчих санаатай хэд хэдэн удаа шийдэмгий үйлдэл хийсэн ч ийм тусыг эс олов. Анх Ц.Туваан талынхан намын Их хурлаа хуралдууллаа гээд цар тахлын хорио цээрийн үед 2000 хүн Дүнжингарав худалдааны төвийн урд цуглуулан хурал хийсэн. Энэ үеэр Э.Бат-Үүл тайзан дээр гараад үгээ ч хэлж чадалгүй аргаа бараад буусан удаатай. Түүнээс хэдхэн сарын дараа Ардчилсан намын бүлгийн гишүүд үүр түрүүндээ орж, хаврын хавсарга салхинд суулт зарлаж байлаа. Энэ үеэр хөөрхий Үүл дарга дахиад л “Найрамдъя. эвлэрье. Бид коммунист нам биш шүү” гээд уриа лоозонгоо бариад гишүүд дэмжигч нартаа үсдүүлж, худалч, хулгайчаараа дуудуулаад буцсан. 
            Харин сая УИХ-ын нөхөн сонгууль түүний хувьд намаа эвлэрчих болов уу гэх хүлээлт, горьдлого  байв бололтой. Ингэхдээ намын залуу гишүүдээ дотор нь эвлэлдүүлчих санаатай хоёр талыг уулзуулж, холбож гүйж явсаар хамт хэвлэлийн хурал хэдэнтэй хийлгэж, эцсийн удаа Улсын баатрынхаа тэмдгийг намдаа зүүж өгөөд ч тусыг эс олов. Э.Бат-Үүл ч, гишүүд дэмжигч залуу гишүүдэд намынхаа төлөө бодсон бодол, хийх зүйл байгаа байх гэсэн хүлээлттэй байлаа.
 
Харамсалтай нь эд дээрээ нэг хүний заавартай, түүний зөрчих эрхгүй, ямар ч сонголтгүй гэдэг нь илэрхий боллоо. Олны хардаж байгаагаар О.Цогтгэрэл тэргүүтэй Ардчилсан намын ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга, М.Тулгат даргатай Ардчилсан намын ард УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ бий гэлцэх. Энэ нь оргүй хоосон биш юм. Ямар сайндаа л хэрсүү дэмжигчид С.Эрдэнэгүй эвлэрэл гэж юу байх вэ, удахгүй зэс нь цухуйх нь гэх шүүмжүүдийг хэлж байсан нь ийн биелэлээ олжээ
     Уг нь Улсын төсөв хэлэлцэж, улс эх орны ирээдүй хувь заяатай холбоотой чухал асуудлыг парламентаар хэлэлцэж байхад  өдийд сөрөг хүчний гишүүд бат нягтарчихсан МАН-аас хариуцлага нэхээд хуулийн төслийн хуудуутай заалт бүрт ам асууж суумаар. Гэтэл ус балгасан аятай чимээгүй сууцгааж байснаа нэгнээ адлаж, бүлэг дотроо хагарч намынхаа нэр хүндээ шороотой нь хутгаж сууна. Хөгжил дотроо багтахгүй тэдний үгийг өнөөдөр эрх баригчид тоох нь битгий хэл тэднээр тохуурхаж, дунд нь хэрүүлийн алим шидээд бах таваа хангаж суугаа нь тодорхой.
 
Ийн Ардчилсан намын дайсагнал эцэс төгсгөлгүй үргэлжлэх нь тодорхой болов. 

https://ergelt.mn/news/35/single/15191
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.