С.Амарсайхан: Хүнс, эмийн хэрэгслийг төмөр зам, агаарын тээврээр татна

197
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
 
-Урд хил хаасантай холбоотойгоор хүнс, эрүүл мэндийн салбар доголдож эхэллээ. Цаашид ч Эрээн хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа энэ үед ямар шуурхай арга хэмжээ авч байна вэ?
-Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 58 байгууллагаас долоо хоног тутам мэдээлэл авч байна. Ялангуяа, тасалдсан болон тасалдаж болзошгүй эм тарианы нөөцийг зохицуулах ажлын хэсэг байгуулсан. Өнөөдрийн байдлаар эрсдэл маш өндөр байна. Эрүүл мэндийн яам, эм ханган нийлүүлдэг, чанар стандартыг хариуцдаг байгууллагуудаас өгч байгаа мэдээллийг үндэслэн нэн яаралтай татан авах шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн судалгааг гаргаж байна. Хүнсний хангамжийн багагүй хувь нь урдаас орж ирдэг. Нарийн ногоо, жимс жимсгэнэ, хүнс татан авах ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ханган нийлүүлэлтэд анхаарч байна.
Эрээн хэзээ нээгдэх нь тодорхойгүй. Дахин нэг, хоёр сар болохыг үгүйсгэхгүй.  Хамгийн сүүлд халдвар гарснаас хойш 21 хоногийн дараа хилээ нээнэ гэдгээ хэлсэн. Тиймээс энэ сард тасалдаж болзошгүй эм тариа, хүнсний хангамжийг худалдан авахаар Хятадын талтай ярилцаж 300 вагоны захиалга өгсөн. Эхнээсээ нэг, хоёроороо орж ирж байна. Өчигдөр /уржигдар/ дөрвөн чингэлэг ачигдлаа. Ойрын өдрүүдэд Сөүл, Бээжингээр дөрвөн онгоц нисгэнэ.
Манай улсад тасалдаж болзошгүй 18 төрлийн эм, 10 төрлийн эмийн хэрэгсэл бий. Өөрөөр хэлбэл, дусал, дуслын шингэний уут, зүү тариур байна. Үүнийг татан авахтай холбоотой зардлуудыг зохицуулж байна. Нэг зүйлийг онцлоход, бүх эмийн хэрэгслийг хувийн аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлөөр татан авдаг. Захиалгууд энд тэнд саатаж байгаа учраас зөвхөн Эрээнийг хүлээхгүйгээр Гашуун сухайт, Ханги, баруун бүсийн боомт, шаардлагатай тохиолдолд онгоцоор татна. Дээр хэлсэнчлэн ойрын өдрүүдэд дөрвөн онгоц нисгэж энэ сард 200 тонн тариурыг Бээжингээс авах ёстой. Залгуулаад 49.2 тонн ачааг БНСУ-ын Инчон боомтоос онгоцоор тээвэрлэн авчирах бэлтгэл ажлыг хангаж байна.  Энэ сард нийт 43 ширхэг чингэлэг, үүнээс 15 ширхэг 20 футын чингэлэг, 28 ширхэг 40 футын чингэлэг эм, эмийн бүтээгдэхүүнийг Тяньжин боомтоос төмөр замаар тээвэрлэх ажлыг зохион байгуулна. Шууд манайхаас хамааралтай биш хөрш орнуудын хил гааль, ханган нийлүүлэгч, импортлогч компаниудын хамтын ажиллагаа, гэрээ хэлцлээс багагүй зүйл шалтгаалж байна. Ямар ч байсан таслахгүй байх тал дээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
-Цар тахалтай тэмцэж байгаа бодлого үр дүнд хүрч байна уу. Цаашид хөл хорих уу, зэрэгцэж амьдрах уу гэдэг дээр Засгийн газар ямар бодлого баримтлах вэ?
-Цар тахал ойрын жилүүдэд арилахгүй нь тодорхой боллоо. Дээрээс нь мутацид орсон хувилбарууд бий болж байна. Мутацитай холбоотойгоор вакцины үйлчлэл 3-6 сарын дараа нэлээдгүй хэмжээгээр буурч байгаа судалгаа гарч байна. Тиймээс нэмэлт тун хийхээс аргагүй болж байна. Цар тахал хэзээ алга болох нь тодорхойгүй учраас өнөөдөр хаагаад, маргааш нээх асуудал тодорхойгүй. Хүн бүрийн ахуй амьдралтай холбоотой. Тиймээс дасан зохицохоос аргагүй. Өөр сонголт алга.
Эрдэнэт хүний амь нас эрсдэж байгаа харамсалтай тохиолдол буурахгүй байна. Амь эрсэдсэн хүмүүсийн шалтгааныг харахад 75 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан, бүрэн хамрагдаагүй эсвэл огт хамрагдаагүй байна. Мөн 80 хувь нь суурь архаг өвчтэй иргэд байна. Тиймээс архаг суурь өвчтэй эрүүл мэндийн эрсдэлтэй иргэд маань вакциндаа хамрагдах хэрэгтэй байгаа юм.
Тооцооллоор халдварын тохиолдол есөөс аравдугаар сарын сүүлч хүртэл оргил үедээ хүрсэн бол арваннэгдүгээр сарын 1-нээс буурах төлөвтэй байгаа. Гэхдээ хөл хөдөлгөөн их байгаа учраас хангалттай буурсангүй. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд вакцины гуравдугаар тунгаа хийлгэхээс өөр аргагүй болж байна.
-Гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдахгүй бол манай улсын татан авсан вакцины хугацаа дуусах эрсдэл байгаа юу?
-Вакцины гуравдугаар тунд иргэдийг хамруулах ажил эрчимтэй үргэлжилж байна. Вакцины хугацаа дуусах болоогүй. Өнөөдрийн байдлаар манай улсад хоёр сая гаруй тун файзер, 800 гаруй мянган тун вироселл байна. Дахин АНУ-аас 5-12 насны хүүхдэд вакцин хийгээд эхэлсэн. Зөвшөөрөл олгосон байгаа.
 Вакцины үр дүн маш сайн байгаа. Хүндрэл, нас баралтаас өндөр хувиар хамгаалж байгаа гэсэн судалгаанууд гарсан. Өнгөрсөн хугацаанд нэг, хоёрдугаар тунд хамрагдсан гадаад, дотоодын байгууллагууд 45 мянган хүний дунд санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийхэд өндөр үр дүн гарлаа. Гуравдугаар тунд хамрагдсан 380 мянган иргэнийг судлахад 0.2 хувь буюу вакцин хийлгэсэн хүмүүс халдварт өртөх хувь маш бага байна. Вакцины үйлчлэл 99 хувиас дээш байна гэж ойлгож болно.
-Манай улс 5-11 насны хүүхдүүдээ хэзээ вакцинжуулах вэ?
-Монголд 5-11 насны 513 мянган хүүхэд бий. Энэ хүүхдүүдэд вакцин хийхэд одоогийнхоо нөөцийг хэрэглэнэ. Тиймээс вакцины хугацаатай холбоотой асуудал ойрын саруудад үүсэхгүй. Вакцин хангалттай улс орнууд эхнээсээ 5-11 насны хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн. Гэхдээ Монгол Улсын хувьд одоогоор ДЭМБ, Эрүүл мэндийн яам гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа, санал, зөвлөмж эцэслэн гарахыг хүлээж байна.
 -Шинжилгээний хариу хоёр өөр гарч байгааг яах вэ. Ялангуяа, Монголд сөрөг гараад гадаадад очоод эерэг гарснаас иргэд их хохирч байна?
-Шинжилгээний хариу зөрүүтэй гарч байгаа хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, лабораторийн алдаанаас үүдэлтэй гэсэн дүгнэлт гарч байна. Тиймээс шинжилгээний хариуг буруу гаргасан лабораториудад хариуцлага тооцох асуудлыг Эрүүл мэндийн сайдтай ярилцсан.  Хоёрдугаарт, Монголд хэрэглэдэг PCR шинжилгээний аппарат, бусад улсад хэрэглэдэг аппаратын тохиргоо зөрүүтэй байгаа асуудал бий. Аппарат хооронд ялгаа бий. Мөн онгоцонд суухад илрээгүй далд хэлбэрт байж байгаад буухад илэрдэг гэсэн дүгнэлт гарч байна. Эерэг тохиолдол зөвхөн онгоц гэлтгүй боомтын нүүрс тээврийн жолооч нарт хамаарч байгаа. Тиймээс Халдварт  өвчин судлалын үндэсний төв дээр байгаа PCR шинжилгээний аппаратын тохируулгыг шинэчлэх, хянах ажил хийж байна. Гэхдээ айхтар зөрүүтэй асуудал гарахгүй болов уу.
-Шадар сайдын эрхлэх асуудлын нэг нь олон жил гацсан чөлөөт бүс. Менежментийг нь хэрхэн сайжруулах вэ?
-Нэгдүгээрт, чөлөөтийн бүсийн эрх зүйн орчинг тодорхой болгоно. Хоёрдугаарт, чөлөөт бүсийн захиргаануудыг удирдлага менежмент, зохион байгуулалт, засаглалын хувьд шинэ түвшинд аваачина. Хамгийн гол нь хөрш орнуудтайгаа гадаад худалдааны хэлцэл эхлүүлэх, Хятад, Орос, Монголын хамтарсан эдийн засгийн коридорыг байгуулах зэргээр харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай. Ингэж байж чөлөөт бүсийг жинхэнэ олон улсын жишгээр нь эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлнэ. Үүнтэй уялдуулан төмөр замын өргөтгөл шинэчлэлийн ажлуудыг хийнэ. Хийн хоолойн трасс чөлөөт бүсүүдээр дамжих учраас эдгээрийг түшиглэсэн ачаа, тээвэр, логистик, үйлдвэр, аялал жуулчлал, нийгмийн чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүд, тэр дундаа экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэхэд хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримтална.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.3 ЛХАГВА № 216 (6693)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.