Канарын арал: Галт уулын дэлбэрэлт 892 га талбайг халуун лаваар хучиж, 2200 гаруй барилга байшинг устгажээ
Испани улсын Канарын арлуудын нэг болох Ла Палма арал дээр оршдог Cumbre Vieja галт уул 2021 оны 9 дүгээр сарын 19-д дэлбэрсэн (Зураг 1). Галт уулын дэлбэрэлттэй холбоотойгоор газар хөдлөлт 9 дүгээр 11-ээс эхлэн мэдрэгдэж эхэлсэн ба дэлбэрэлтээс хойш өнөөдрийг хүртэл 892 га талбай халуун лавад өртөн, 2200 гаруй барилга байшин устсан байна.
Зураг 1. Ла Палма арлын Landsat-8 хиймэл дагуулын мэдээ
Зайнаас тандан судлал, тэр дундаа синтетик апертуртай радар (САР)-ын мэдээг галт уултай холбоотой байгалийн гамшгийг урьдчилан таамаглах, мониторинг хийхэд ашигласаар ирсэн билээ. САР нь оронзайн шийд өндөртэй, өдөр шөнө, цаг агаарын нөхцлөөс үл хамааран, хүрч очиход аюултай нөхцөлд галт уулын дүрс мэдээг хангаж өгдөгөөрөө давуу талтай билээ.
ENVI SARscape програм нь газрын гадаргын шилжилт хөдөлгөөнийг радарын мэдээ ашиглан боловсруулж, дүн шинжилгээ хийдэг програм хангамж бөгөөд Sentinel-1 хиймэл дагуулын мэдээ, ENVI SARscape програмыг ашиглан Швейцарийн “sarmap” компани, Италийн “Геофизик, Галт уул Судлалын Үндэсний Хүрээлэн” (Instituto Nazionale di Geofisica e Vulcanologia) хамтран газрын гадаргын деформацийг тооцоолж үзсэн байна.
Ингэхдээ ascending чиглэл (хиймэл дагуул дэлхийн бөмбөрцөгийн өмнөд туйлаас хойд чиглэл руу зураглах)-ийн 9 дүгээр сарын 14, 20-д авсан интерферометрийн хос зураг, descending чиглэл (хиймэл дагуул дэлхийн бөмбөрцөгийн хойд туйлаас өмнөд чиглэл руу зураглах)-ийн 9 дүгээр сарын 16, 22-д авсан интерферометрийн хос зургуудийг ашиглан, деформацийн зургийг босоо болон хөндлөн чиглэлд үүсгэсэн байна. Үүсгэсэн интерферограмын болон газрын шилжилтийн зургийг Зураг 2, Зураг 3-д тус тус үзүүлэв.
Зураг 2. Интерферограмын зураг (Хоёр зураг дээр харагдаж байгаа том хэмжээний интерферометрийн цагираг нь деформацийн нөлөөг үзүүлж байгаа бөгөөд арлын өмнөд хэсэгт өөрчлөлт харагдаж байна
Зураг 3. Хэвтээ шилжилтийн зураг дээр сөрөг утга бүхий шилжилт арлын баруун хэсэгт ажиглагдаж байна. Босоо шилжилтийн зураг дээр эерэг утга буюу дээшээгээ өндөрссөн үр дүн харагдаж байна.
Эх сурвалж: https://www.l3harrisgeospatial.com/
https://en.as.com/
ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн: Э.Нямжаргал