"Squid Game" цуврал сарын хугацаанд 111 сая хандалт авчээ
БНСУ-ын уран бүтээлчдийн "Squid Game буюу Арваалжин тоглоом" цуврал Netflix үйлчилгээний түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо. Дөрвөн долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн цуврал одоогоор 111 сая хандалт авсны зэрэгцээ 80 гаруй оронд үзэгчдийн тоогоор тэргүүлж явна.
Тус цувралын араас 82 сая хандалт аваад буй "Bridgerton" хэмээх олон ангит кино бичигджээ. Франц хэл дээрх уран бүтээл болох "Lupin" харин үэзгчийн тоогоороо гуравт явж байна.
"Squid Game" цувралын амжилт нь BTS хамтлаг, Оскарын шагналт "Parasite" киноны араас Өмнөд Солонгосын дэлхийн нийтэд үзүүлэх соёлын нөлөө улам бүр нэмэгдсээр байгааг харуулж байна хэмээн The Guardian сонины урлагийн тоймч бичжээ.
Дэлхийд хамгийн түгээмэл ашиглагддаг стриминг үйлчилгээ үзүүлэгч Netflix компани өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Солонгосын кино зах зээлд 500 сая долларын хөрөнгө оруулахаа зарлаж байсан юм.