Эмнэлгүүдийн 41 хувь нь ачаалалтай ажиллаж байна
Covid-19 халдварын хоногт батлагдах тохиолдлын тоо буурсан ч эмнэлгүүдийн ачаалал 41 хувь хэтэрчээ. Учир нь өвчтөнүүдийн 35 хувь нь хүнд, маш хүнд хүмүүс байгаа тул нэг хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний үргэлжлэх хугацаа урт болж орны эргэлт удааширсан байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар халдвараар өвдсөн иргэдийг эмчилж буй 23 эмнэлгийн 41 хувь нь ачаалалтай, хүний нөөцийн дутагдалтай ажиллаж байгаа нь тогтоогджээ. Мөн нэг эмчид 30-70, нэг сувилагчид 120-130 өвчтөн ногдож байна.
Ор зохицуулалтын баг, дүүргийн тандалтын багаас 60 хүний нэр ирэхэд 30 нь ирж хэвтдэггүй, хөнгөн өвчтөнүүд, асран хамгаалагчгүй нярай хүүхэд ирдэг зэрэг нь эмнэлгийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байгаа зэрэг шалтгаан болж байна. Иймд УОК–ын Нэгдсэн штабаас ор зохицуулалтын баг, дүүргийн тандалтын багаас халдварын батлагдсан тохиолдлын эрэмбэлэн ангилалтыг оновчтой хийх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахыг үүрэг болгожээ.