Парламент найм хуралдахдаа 24 хууль хэлэлцэж, шинэ жишиг тогтоох уу?

489
 
Цар тахлын нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцээд шатахуун хомсодсон нь улс төрийн хүрээнд гал дээр тос нэмэв. Сөрөг хүчнийхэн 76 гишүүнийг яаралтай цугларч ээлжит бус чуулган зарлахыг шаардсан. Үгүй бол төв талбайд жагсана хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм. Тэгвэл намрын ээлжит чуулган тав хоногийн дараа хөшгөө нээхээр боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригт захирамж гаргаж, 2021 оны намрын ээлжит чуулган. Тэр дундаа аравдугаар сард хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо. Их хурлын 76 гишүүн аравдугаар сарын 1-нд Төрийн ордонд цугларч тухайн сардаа багтаж 24 хуулийн төсөл хэлэлцэхээр боллоо. УИХ-ын чуулган долоо хоногт хоёр удаа буюу пүрэв баасан гаригт хуралддаг. Ингэж тооцвол парламент нээлтээс тус найм хуралдахдаа 24 хуулийн төсөл хэлэлцэж нэлээн ачаалалтай ажиллах нь. Өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж, батална гэдэг нэлээн хугацаа шаарддаг.
Ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох байнгын хороодоор хэлэлцэхээс эхлээд эргэж, буцах асуудал ч гарах тохиолдол бий. Тэгвэл цар тахлын үеийн намрын чуулган найман хуралдаанд 24 хууль хэлэлцэж шинэ жишиг тогтоох бололтой.
 
Өмнө нь сард ийм олон хууль хэлэлцэж баталсан нь цөөхөн юм байна. Нөгөө талаас яаралтай горимоор хэлэлцэх хуулиуд байгаа учраас спикер аравдугаар сард хэмээн онцлон захирамж гаргасан биз. 
Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг оруулж иржээ. Мөн Зөвшөөрлийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Актив удирдлагын компанийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна. Зөвхөн захирамжид дурдсан хуулийн  төслүүдээс гадна цар тахлын үед цаг үеийн шуурхай шийдвэрлэх асуудлууд байгааг ч сөрөг хүчин сануулсаар буй юм. 

С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.