Үйл ажиллагааг нь түр зогсоосон 4825 аж ахуйн нэгж, байгууллагад өнөөдрөөс халдваргүйжүүлэлт хийнэ
Нийслэлийн Засаг даргын өчигдөр гаргасан захирамжийг өнөөдөр холбогдох албаныхан танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Коронавирусээс сэргийлэх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 8-наас эхлэн халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуй худалдаа зэрэг эрсдэл бүхий 11600 гаруй цэгт графикын дагуу халдваргүйжилт хийлгэх ажил үргэлжилж байна. Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар өчигдрөөс эхлэн 4825 байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 16-ны хүртэл түр зогсоолоо.
Эдгээр байгууллагуудад өнөөдрөөс мөн халдваргүйжүүлэлт хийж эхэлнэ. Харин захирамжид хамрагдаагүй үйл ажиллагаа нь үргэлжилж буй байгууллагуудын хувьд өдөр тутам ариун цэврийг сахиулж, угаалга цэвэрлэгээ хийлгэхээс гадна 2 дахь, 3 дахь удаагийн халдваргүйжүүлэлтийг хийлгэх тухай мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байгаа аж.
Халдваргүйжүүлэлтийг 1м.кв-ыг 600 төгрөгөөр хийдэг байсан бол дээрх 37 байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 200 төгрөгөөр хийж байгаа гэдээ. Ингээд МХЕГ-аас доорх зөвлөмжийг өглөө. Бидний өдөр тутам хэвшүүлвэл зохих зөвлөмжүүдийг дурьдахаас гадна доорх нэмэлт зөвлөгөөг өгсөн юм.
Айл өрхүүдийн хувьд жавелин болон белизна гэсэн хоёр төрлийн бодис хэрэглэж байнгын ариутгал, халдваргүйжилтийг хийж болно. Ингэхдээ өдөрт 3-аас доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Мөн өрхийн гишүүд тус бүрдээ өөр өөрсдийн аяга, таваг, халбага сэрээ, алчуур, ор дэрний хэрэглэлтэй байхыг зөвлөж байна.
Аж ахуйн нэгж байгууллагууд ариутгал, халдваргүйжилтэд жавелин болон натри зэрэг бусад химийн бодисуудыг хэрэглэж болно. Өглөө бүр байгууллага дээр ирсэн хүмүүсийн биеийн халууныг хэмжиж, маск тогтмол зүүлгэж, гарыг ариутгана. Хэрэв халуунтай хүн илэрвэл тусгаарлахад зориулсан байрыг бэлдэх ёстой. Ялангуяа худалдааны төвүүд, тухайлбал моллууд зэрэг үйл ажиллагааг нь түр зогсоосон байгууллагууд энэ хугацаанд нийтийн угаалтуур, суултуур, нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн ариутгаж байх шаардлагатай. Цэвэрлэгээнд хэрэглэсэн алчуур сав, багаж хэрэгслээ уусмалд 30 минут дэвтээсний дараа дахин цэвэрлэх хэрэгтэй зэрэг зөвлөмжийг МХЕГ-аас өгч байна.