Ц.Ганзориг: 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байна

513

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 
Залуус халдварт өртөх нь нэмэгдэж байгаа тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхийг бүх аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэв. 

Монгол Улсад вакцинд хамрагдах зорилтот бүлгийн хоёр сая 67 мянган хүний 90 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 64 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Хоёр тунгаа аваад 14 хоносон буюу бүрэн дархлаа тогтсон 652 хүн байгаа аж. Дархлаажуулах ажилд өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүсийг нэн тэргүүнд хамруулсан бол 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байгааг мэдээллийн үеэр дурдав. Тухайлбал, 18-34 насныхны 81 хувь нь зөвхөн вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байна. Энэ хэрээр залуус халдварт өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бүх аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийж, вакцинжуулах ажлыг орон нутагт эрчимжүүлэх үүрэг өгсөн гэдгийг тодотголоо. 

Тархвар судлаач болон МУИС-ийн эрдэмтдийн тооцоолсноор, зургаадугаар сарын 15-наас вакцины эхний үр дүн гарч халдварын улмаас нас барах, хүнд өвдөх, өвчлөл багасаж эхлэх тооцоо гарчээ.

Манай улсад одоогоор вакцинд хамрагдах боломжгүй 1.1 сая хүүхэд, 77 мянган жирэмсэн эх, вакцины эсрэг заалттай, эрүүл мэндийн бусад шалтгаантай 200 мянган иргэн байна. Өнөөдрийн байдлаар, нийт иргэдийн 652 мянга буюу 30 хувь нь бүрэн дархлаа тогтсон. Өөрөөр хэлбэл, 70 хувь нь халдварт өртөх эрсдэлтэй байгаа тул дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ халдвар хамгааллын дэглэмээ чанд сахих хэрэгтэйг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллийн үеэр тэмдэглэв.
https://montsame.mn/mn/read/265807скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.