Токиогийн олимпыг зорих бөхчүүдээ албан ёсоор зарлав

582



Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос “Токио-2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн барилдах тамирчдаа албан ёсоор зарлалаа. Ийнхүү олимпын эрх авсан 9 бөхийг танилцуулахад, эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Т.Тулга, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Б.Хонгорзул, 62 кг-д Х.Болортуяа, 68 кг-д С.Батцэцэг, 76 кг-д О.Бурмаа нарыг сонгон оролцуулахаар болсноо зарлав.


Цар тахлын нөхцөл байдлын улмаас ямар нэгэн сорил хийлгүй эрх авсан бөхчүүдийг шууд оролцуулахаар дасгалжуулагчдын саналаар шийдвэрлэснээ МЧБХ-ноос мэдэгдсэн. Ямар ч спортын тамирчдын хувьд хамгийн чухал тэмцээн бол олимп байдаг. Олимпын аварга, медальтан болох түүнчлэн эх орноо төлөөлөөд барилдах явдал тамирчны нэн чухал нэр төрийн хэрэг билээ. Харин энэ удаа МЧБХ-ны мэдэлд ирсэн олимпын 9 эрхийг хэн хүртэх учиртай, тухайн жинд хэнийг сойх сонголтын сорил барилдаан хийлгүй ийнхүү сонгосон нь зарим дасгалжуулагч, тамирчид харамсч байгаа аж.


Тухайлбал, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа: Бүх юм анхнаасаа хэлсэн, ярьсныхаа дагуу, нээлттэй, тодорхой, шударга байвал ямар ч тамирчин гомдол гаргахгүй. Ер нь тэмцээн болгоны өмнө шахам ийм заваарсан юм болдог. 2012 Лондоны олимпод яасан билээ. Би С.Батцэцэг хоёр удаа ялж, ДАШТ-д оролцоод медаль авсан. Дараа нь УАШТ-д би түүнд ялагдсан. Тэгэхэд ямар ч сорил хийлгүйгээр С.Батцэцэгийг Лондоны олимпод шууд оролцуулсан шүү дээ. Гэтэл энэ удаа мөн ийм болчихлоо. Дахиад эрх мэдлээр далайлган, үзэмжээр сонгосонд би гомдолтой байна” гэв.


ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран:“Би гомдолтой байна. Сорил барилдаан хийгээд, Тулгад би ялагдсан бол би өөртөө л гомдохоос өөр аргагүй. Элдэв юм ярих утгагүй. Гэтэл тэгсэнгүй, шууд шийдчихлээ. Тодорхой эрх мэдлээр далайлгачихлаа. Тулга бид хоёр хоорондоо нэг удаа барилдсан. Олимпын эрхийн авсан жинд нь би түүнийг 2020 оны УАШТ-д ялсан. Цар тахлын улмаас дахиж хүч сориогүй. Миний сүүлчийн боломж Токиогийн олимп байсан юм шүү дээ. “2024 оны олимпод дутуугаа гүйцээнэ” гэх боломж надад байхгүй” гэлээ.


Гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч, “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч З.Дүвчин: “Э.Сумъяа өнгөрсөн хугацаанд алдаа, оноогоо яаж цэгнэж, форм хэр сайтай байгааг надаас өөр хүн мэдэхгүй. Сорил хийсэн бол яах байсан юм билээ. Олимпод барилдуулах тамирчдыг сорил барилдаан хийлгээд сонгох саналтай байлаа, би. Тэгвэл шударга. “Тэгэхгүй ээ, шууд сонгоно” л гэчихлээ. Одоо яах вэ дээ” хэмээж байв. Монголын чөлөөт бөхийн баг тамирчид 2019 оны ДАШТ, Алматы, Софигийн олимпын эрхийн тэмцээнээс “Токио-2020”-ийг зорих эрхээ гардсан.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.