Шилээ дахин амьдруулж, эдийн засгийн эргэлтэд оруулъя

594
Дотроо чихэрлэг, гашуун, исгэлэн, амтгүй гээд зүсэн зүйлийн шингэн агуулсан өнгө, өнгийн шилэн лонхнууд  үйлдвэрээс гарч агуулах, дэлгүүр, хөргөгч, уут, ширээ, бас дахин хөргөгч гэх зэргээр дамжин явсаар эцэстээ хэн нэгний гарт очиж хоосон лонх болон хувирна. Бид доторхыг нь уучихаад юу ч бодолгүй хогийн сав руу чулуудаж орхидог тэдгээр лонхны “хувь заяа” хэрхдэг вэ. Бүрэн задарч дуустлаа байгальд дор хаяж 1000 жил болно. Эсвэл дахин боловсруулагдаж эргээд хэрэглээнд шилжинэ.

Дэлхий дээр жилд дунджаар шингэн хүнсний хоёр их наяд сав үйлдвэрлэгддэг. Гэвч тэд хаашаа шингэдэг бол. 2019 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр энэ асуулт олны анхаарлыг хамгийн их татсан сэдвийн нэг байсан аж. Эдгээрийн ердөө 24 хувь нь л дахин ашиглагддаг гэсэн тооцоо бий. Сав баглаа бүрийн байгаль орчинд үзүүлэх нөлөө өөр. Энэ дундаас шилэн сав 100 хувь ашиглагдах боломжтой байдаг ба бид ямар их нөөц баялгийг хаягдал болгон газарт шингээж байгааг харуулж байна.

Дэлхий даяар Covid-19 цар тахалтай нүүр тулгарч аливаа бэрхшээл, сорилтуудыг хамтын хүчээр даван гарахаас өөр сонголтгүй болж байна. Цар тахлын дараа хүн төрөлхтний өмнө хамгийн чухлаар эрэмбэлэгдэн шийдэл хүлээж байгаа асуудал бол гарцаагүй байгаль экологийн тэнцвэрт байдал, уур амьсгалтын өөрчлөлт болоод байна.  Аливаа шилийг ангилан ялгаж, байгальд шууд хаяхгүйгээр дахин ашигласнаар түүхий эд, орц найрлагад орох байгалийн нөөц баялгийг хэмнэх, улмаар шил шинээр үйлдвэрлэхээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах зэрэг байгаль экологийн олон давуу талтай.
 
“1000 тонн шилийг дахин ангилах үйл явц тутамд найман ажлын байр шинээр бий болдог” 
Тухайлбал, дахин ашиглаж буй шингэн хүнсний шил нь дунджаар 21 дахин байгаль орчинд ээлтэй байдаг. Нөгөө талаас шил нь 100 хувь дахин боловсруулах боломжтой бөгөөд чанар, цэвэршилт алдагдахгүй, ариутгалын өндөр стандартаар дахин ашиглаж болдог нь эдийн засгийн өгөөжийг тодорхойлж байна. Энэхүү төсөлд хэрэглэгч төдийгүй харилцагч дэлгүүр, бөөний болон жижиглэнгийн төв, тээврийн агентлагууд гээд олон талын төлөөлөл хамрагдах ба хэрэглэсэн шилийг дахин ашиглах нийлүүлэлтийн сүлжээ нь оролцогч тал бүрт нэмүү өртгийг бий болгож өгөөж хүртэх, ашиг олох боломжийг бүрдүүлж байгаа нь хамтын үнэ цэнийг бий болгож компанийн тогтвортой хөгжлийн бодлогын суурь болж байгаа юм. Дэлхийд дунджаар 1000 тонн шилийг дахин ангилах үйл явц тутамд найман ажлын байр шинээр бий болдог байна.  Мөн шилний импортыг бууруулж дотоод нөөц боломжоо дахин ашигласнаар валютын гадагш чиглэх урсгалыг бууруулж ханшид ч эергээр нөлөөлөх дам нөлөөтэй юм.
 
Шилийг дахин ашиглана гэдэг нь энгийн мэт уншигдах энэ өгүүлбэрийн үндсэн утга, үр дүнтэйгээ нийлэхээр байгаль, хүрээлэн буй орчинд ямар чухал үр дүн гарах вэ гэдгийг тодруулж үзвэл, зургаан тонн шил дахин ашигласнаар нэг тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулсантай тэнцэхүйц үр нөлөө гардаг. Дахин ашиглаж буй шингэн хүнсний шил нь байгаль орчинд 21 дахин ээлтэй байдаг.
 
Мөн нэг тонн шил тутамд нэг тонн гаруй шил үйлдвэрлэлд шаардагдах байгалийн нөөцийг хэмнэдэг. Тэгэхээр энгийн мэт шийдвэрийн эх байгальд үзүүлэх сайн үр нөлөө ямар том байж болохыг та харж байгаа байх.
 
 
Б.НамуунтамирЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.