БНСУ-д 10:00 цагаас хойш COVID-19 халдварын тохиолдол 84-өөр нэмэгджээ
БНСУ халдварт өвчний аюулын зэрэглэлийг "Онцгой анхаарах"-аас "Ноцтой" түвшинд нэмэгдүүлсэн. Иймээс Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх Нэгдсэн удирдлагын төвийг БНСУ-ын Ерөнхий сайд тэргүүлж, дараах чиглэлүүдээр арга хэмжээ авахаар болов. Үүнд:
1. Хилийн чанадаас халдвар нэвтрэхээс урьдчилан сэргийлэх;
2. Дотоодын дэгдэлтийг таслан зогсоох;
3. Нэмж тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг тус тус авна.
Хилийн боомтууд дээр тавьсан хорио цээрийн дэглэм, БНХАУ-д тавьсан хориг арга хэмжээ урьдын адил үргэлжилнэ.
Дотоодод тархах явдлыг таслан зогсоох, вирусыг эмчлэх орон нутгийн эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, цэргийн эмнэлгүүдийг ашиглах, цэргийн эмнэлгүүдээс хүн нэмэх арга хэмжээг авч байна.
Мөн дотор, битүү орчинд болж буй олон нийтийн арга хэмжээнд оролцохоос зайлсхийх, оролцсон тохиолдолд бусадтай харилцахаас зайлсхийх, өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлгийн байгууллагад хандахыг анхааруулав.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 17:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол өнөөдөр 10.00 цагаас хойш 84-өөр нэмэгдэж нийт 977-д хүрснийг мэдэгдэв. Шинээр Сөүл хотод 4, Бусан хотод 5, Дэгү хотод 44, Улсан хотод 1, Кёнги мужид 2, Умард Гёнсан мужид 23, Өмнөд Гёнсан мужид 2, Умард Чүнчон мужид 2, Өмнөд Чүнчон мужид 1 тохиолдол тус тус илэрсэн байна.
Одоогийн байдлаар 40304 (+3588) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 25447 (+2897) иргэний хариу сөрөг гарч, 13880 (+607) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 22 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 10 (+2) иргэн нас барсан. Одоогоор 945 (+82) иргэн тусгаарлагдсан байна.