Хил дээр алба хааж байсан хилчид харамсалтайгаар амиа алджээ

1 892

“Этик” продакшны дэлгэцийн бүрэн хэмжээний гурав дахь уран бүтээл “Хэлгүй жим” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болох гэж байна. Одоогоос 26 жилийн өмнөх болсон явдлыг өнөө цагт үзэгчдийн хүртээл болгохоор кино уран бүтээлчид 0257-р ангийн 10-р застав, Цагаан-Үүр сумын ард иргэдтэй хамтран нөр их хүч хөдөлмөрийн эцэст “БОЛСОН ЯВДАЛ”-ыг  бүрэн хэмжээний уран сайхны кино болгон амилуулж чаджээ.

-Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд уран бүтээлээс эхлэн асуусан нь зүйтэй болов уу?  “Хэлгүй жим” УСК-г хийхэд хэр хугацааг зарцуулав.

-н.Батбаяр:  “Этик” продакшны гурав дахь бие даасан уран бүтээл “Хэлгүй жим” гэх түүхэн уран сайхны кино байгаа. Бидний анхны түүхэн уран бүтээл гэхэд болно.  “Хэлгүй жим” уран сайхны кино төсөл нь нийт 10 сар гаруй хугацаанд болсон бол зураг авалт нь сар гаруй хугацаанд үргэлжилсэн байгаа. Уран бүтээлээ Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт бэлтгэсэн. Киноны маань түүх нь өөрөө энэ аймгийн газар нутагтай салшгүй холбоотой учир киноныхоо зураг авалтыг энд хийх нь зүйтэй юм байна хэмээн үзсэн.

н.Батбаяр: Манай кинонд буриад болон тувачуудын амьдрал цухас гарна. Тухайн үеийн Тува болон Буриад зон олны аж амьдралыг яг ямар байсныг сайн мэдэхгүй учир найруулагч, зураглаач нараас маш их уран сэтгэмж шаардсан. Өөрөөр хэлбэл Тура, Буриадуудын амьдардаг отогыг бодитоор харж байгаагүй учраас тэдгээрийг сэтгэж хийсэн. 1990-ээд оны эхэн үеийн хилийн заставт ажиллаж, амьдарч байсан хүмүүс маш хүнд нөхцөлд байсан юм билээ. Яагаад гэвэл  адуу мал, эд хогшлыг нь дээрэмддэг байсан. Мөн тэдгээр иргэдийн амь нас маш эрсдэлтэй нөхцөлд байдаг байсан. Ерөнхийдөө зэрлэг догшин тайгад шууд л буу зэвсгээ хангинуулан байлдчихдаг. Хаанаас бол хаанаас буу зэвсгээ гаргаад буудчихдаг үе байсан юм байна лээ. Ийм нөхцөл байдал, цаг үед эх орноо хамгаалж байх үедээ амь эрсэдсэн гурван хилчны талаар манай уран бүтээл өрнөх болно.

Д.Төмөрбаатар: Тухайн үеийн хилийн зөрчилдөөн ноцтой байдал одоог хүртэл байдаг гэж нутгийнхан болон заставынхан хэлж байсан. Одоо мэр сэр хилийн мөргөлдөөн гардаг ч тэр үеийнх шиг шууд л буудалцаад байдаггүй. Гэхдээ бидний хувьд тухайн орчин, бодит нөхцөл дунд ороод уран бүтээлээ амжилттай хийгээд ирсэн жүжигчдийн хувьд эх орныхоо амар амгалан байдлыг нэр төртэйгөөр хамгаалж байгаа хилчдээрээ үнэхээр их бахархаж, өөрийн эрхгүй омогших мэдрэмж төрсөн.

-Нэрний хувьд их онцгой санагдлаа. Яагаад хэлгүй жим гэж нэрлэх болсон бэ?

С.Одбаяр: Одоо нэрнийхээ утгыг хэлчихвэл бүх юм ойлгомжтой болчихно. Үзэгчдийн ойлголтод бол жим нь хэлгүй, юм дуугардаггүй, эсвэл улс нь хилгүй ч юм уу гэх мэтчилэн үзэгчид өөр өөрсдийнхөөрөө тунгаах байх. “Хэлгүй” гэж бичсэн байхад зарим хүмүүс “хилгүй” гэж ойлгоод байх шиг байсан. Хил дээр байсан гурван хилчинд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй. Түүнийг бид уран сайхны аргаар бүтээл болгож гаргасан. Киногоо үзээд нэрний утгыг бүрэн ойлгох болно.

-Киноны гол дүрүүдийг танилцуулбал?

н.Батбаяр: Гол дүрийн гурван хилчдын жинхэнэ эзэд нь н.Баяраа, н.Цоодол, н.Нямдорж гэх гурван хүн  байсан. Тэд 20-30 насны, хоёр нь ахлах ахлагч, нэг нь ахлах дэслэгч цолтой байсан юм билээ. Энэ гурван хилчдын дүрд жүжигчин н.Хосбаяр, н.Сумъябазар, н.Даваазул нар тоглосон.   


Манай кинонд баярлах, гуниглах, харамсах, уурлах гээд бүхий л сэтгэл хөдөлгөх үйл явдлууд өрнөнө

р нь энэ уран бүтээлийг хийснээр та бүхэн юу ойлгож авсан бэ? Үзэгчид юуг ойлгож авах ёстой вэ?

н.Батбаяр: Тэр хил дээр алба хааж байгаа залуус өөрсдөө ч эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч, хийж байгаа ажилдаа үнэхээр дуртай байгаа нь гайхамшигтай санагдсан. Тэр утгаараа бидний кинонд хилчдийн ар амьдрал, хилчид яаж алба хаадаг юм гэдгийг харуулж, мөн хүүхэд залуучуудад хилчдийн сайн сайхан талыг нь харуулах, эх оронч сэтгэлд нь цучил нэмэхийг зорьсон.

- Хөвсгөл аймгийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

С.Одбаяр: Улсыг хил дээр очоод, алба хааж байгаа залуусаа хараад ер нь цэргийн албыг хил дээр хаамаар юм байна гэж бодогдсон. Гэхдээ хилийн цэрэг болохын тулд ахлагчийн курсэд сурч байж очдог юм байна. Бас гэрээт алба хаагчид байж болно. Түүнээс биш дөнгөж татагдаж очсон цэрэг байгаагүй.   

Цагаан-Үүр сумын хувьд 3 мянган хүн амтай гэнэ лээ. Сумын бүх зүйл модоор хийгдсэн байсан нь их сонирхолтой санагдсан. Хилийн цэргийн застав гэхэд 5-ын банзан жижигхэн хашаатай айл шиг харагдсан. Гаднаасаа ямар ч хилийн застав гэж харагдахааргүй. Хил дээр ажилладаг хүмүүсийн гэр нь ойрхон, гэр бүлийнхэнтэйгээ ойрхон байдаг учраас гэртээ байгаагаас ялгаагүй юм билээ.  Цагаан-Үүр сум нь Мөрөнгөөс 180 км-ын зайтай. Байгалийн 96 хувь нь мод, дөрөвхөн хувь нь тал газар гэхэд болно

н.Батбаяр: Бид Мөрөнгөөс анх очихдоо Камаз машинаар сум хүртэл нэлээн шороо боссон замаар явж очсон. Заставт очоод бид машинаас үсрээд буухад шуудайтай гурил буулгаж байгаа юм шиг тоос манарч байсан гэсэн.

Цагаан-Үүр сум руу очиход зам нь маш овон товон байсан. Очих гэж нэлээн их цаг зарцуулсан. Гэвч очоод эх орон минь ямар сайхан газар нутагтай юм бэ гэдгийг мэдсэн. Зам нь тийм бэрх учраас л энэ онгон байгаль нутаг минь сайхнаараа байгаа юм байна гэдгийг ойлгосон доо.

-Уран сайхны кинонд ивээн тэтгэгч хэр олдох вэ?

Ивээн тэтгэгч нар олдоно. Гэхдээ хувь тохирох байдлаар хамтарч ажилладаг. Алтан үеийн уран бүтээлчдын хувьд гэвэл улсаас хөрөнгө оруулдаг байсан учраас маш чанартай уран бүтээл гаргадаг. Хоёр жилийн хугацаатай байсан ч хамаагүй. Гэтэл бидний хувьд ,кино уран бүтээлчдын хувьд зардлаа өөрсдөө гаргаж байгаа учир маш эрчимтэй , шуурхай ажиллах шаардлагатай байдаг. Энэ хооронд алдаа, оноо зөндөө л зүйл байлгүй яах вэ. Муу хэлүүлэх юм гаралгүй л яах вэ.  Бор зүрхээрээ явж байгаа бизнесээс ялгаа байхгүй.

-Үзэгчдийн зүгээс сүүлийн үед гарч байгаа дэлгэцийн уран бүтээлүүд драмжсан, үзүүшгүй болсон гэх мэт шүүмжлэлийг дагуулж байна. Тэдгээр бүтээлүүд чухам яагаад ийм шүүмжлэлд өртөх болсон гэж бодож байна вэ?

С.Одбаяр: Таны хэлснээр зарим кино яагаад шүүмжлэл дагуулдаг вэ гэхээр ашиг олох нь бага. Мэдээж олсон ашигаа жүжигчид гээл тухайн уран бүтээлийн ард ажиллаж байгаа бүх ажиллагсдадаа хуваана. Ийм бага мөнгө авч байгаа хүмүүс ч гэлээ ард түмэндээ шинэ уран бүтээл үзүүлчих гээд л хичээгээд яваа юм шүү дээ.

Д.Төмөрбаатар: Ер нь 1990-2004 оныг хүртэл уран бүтээлчид кино урлагийнхаа голыг нь таслачихгүйхэн шиг видеогоор киногоо хийгээд л авч явдаг байсан. 2004 оноос хойш техникийн дэвшил гарч, HD форматтай болж, гадагшаа дотогшоо харьцдаг болсон. Мөн янз бүрийн камер, техник хэрэгслүүд оруулж ирэн, кино урлаг эрчимтэй хөгжиж ирсэн.

Энэ 20 жилийн хугацаа гэдэг нь сонсоход их боловч хөгжлийн хувьд маш бага хугацаа. Бухимдаад, шүүмжлээд байгаа олонд хэлэхэд, өөрөө ядаж нэг богино хэмжээний кино хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Хүн чинь урмын амьтан шүү дээ. Алдааг олоход амархан. Зураг авалтын үед найруулагч загнаж байсан ч бусад нь жоохон л урам өгөхөд баярладаг.

Жүжигчин н.Батбаяр, н.Одбаяр, н.Даваазул нар оюутан цагын нэг анги мөртлөө найруулагч гэдгээрээ н.Даваазул энэ хоёрыгоо овилгогүйгээр загнана. Уг нь энэ хоёр, хоёулаа дүртэй, жүжигчид шүү дээ. Зургийн дундуур ямар нэгэн юм болоход шууд Батбаяр аа ингэ тэг гээд орилно. Бас гурвуулаа тусдаа хуралдана. Тэгээд зураг дуусахаар чухам сүрхий инээлдэж хөхөрөлдсөн сайн найзууд.

С.Одбаяр: Ядаж клипнээс дүрс авад эвлүүлээд үзэх хэрэгтэй /сурв: инээв/. Ер нь урлаг бол хурд, хүч. Хамгийн наад зах нь уран бүтээлээ цаг хугацааны хувьд сунжирсан, удаан хийх юм бол эдийн засагт яаж нөлөөлөх билээ.

Д.Төмөрбаатар: Кино урлаг бол тухайн нийгмийн толь. Хүн үнэнийг нь хэлсэн хүнд дургүй байдаг шүү дээ. Монголын кино урлаг асар хурдацтайгаар маш сайн хөгжиж байгаа. Гэхдээ энэ техникийн дэвшлээс, мөн үзэгчдээс шууд хамааралтай зүйл. Кино театрт очоод Монголын уран сайхны киногоо үздэг үзэгчдийн тоо 40-50 мянга дотор л эргэлддэг.

Монголын кино урлагт зүтгэж байгаа дээд үеийн ах нар, доод үеийн дүү нар, бидний үеийн залуучууд ердөө ийм тооны үзэгчдэд зориулж л нөр их хөдөлмөрөөр кино бүтээж байгаа. Дээрх тооны үзэгчдийн дийлэнх нь оюутнууд. Зарим үед гэр бүлээрээ кинотеатрыг зорилоо гэхэд хүүхэд нь хүүхэлдэйн кино үзье гэвэл хүчээр тэр киног л үздэг шүү дээ.

Орос улсаар жишээ авъя л даа. 140 сая хүн амтай энэ улсад кино урлагийг хэдэн сая хүн үзэх вэ. Кино уран бүтээлчид нь уран бүтээлээ яаж чанаржуулах вэ гэхээр олон сая үзэгчийн асар их мөнгө эргэлдээд орж ирэхээр, мэдээж киноны чанар тэр хэрээр сайжираад явчихдаг. Манайд ядаж үзэгчдийн тоо 400 мянган үзэгчтэй бол чанарын талаар гомдол тэр болгон яригдахгүй байх. Бас нэг асуудал бол уран бүтээлчид чанартай бүтээл гаргахын тулд цэвэр өөрсдийн халааснаас зардлаа гаргадаг хүмүүс. Тэгэхээр мэдээж цаг хугацаанаас хамаараад богино хугацаанд чанартай, үзүүштэй уран бүтээл хийж, түүнийгээ олонд хүргэх нь бидний хувьд чухал.

-“Хэлгүй жим” УСК-г хийх болсон түүхийн талаар сонирхуулаач

-Кинон дээр гарах үйл явдал нь 1990-ээд оны социалист үеийн Монгол улс ардчилсан тогтолцоо руу шилжих үед өрнөнө. Тэр үед ард иргэдийн амьдралаас эхлэн улсын эдийн засаг ч маш хүнд нөхцөл байдал дунд байсан үе. Энэ үед Буриадуудын амьдрал ч мөн адил хатуу хөтүү үе байж л дээ. Буриадуудын амьдрал мөн адил хүндэрснээр хилийн зөрчил, хулгайн ан, Байгалын баялагыг хулгайлж тонон дээрэмдэх явдал ихсэж тэдэнтэй нэг ёсондоо дайтдаг үе байж.  Яг тухайн үед хил дээр алба хааж байсан 3 хилчид хилийн зөрчилдөөнөөс болоод мөн хүн хүчний дутмагаас болоод тэдэнд олзлогдож сураггүй болсон.

0257-р ангийн улсын хил дээр алба хааж байсан 3 хилчид удаан хугацаанд хэл сураг тасарсан тул тэднийг эрэн хайх баг гаргаж эцэст нь аймшигтайгаар хороосон байдалтай цогцсыг нь олсон юм билээ. Гэхдээ ямар шалтгаанаар амь эрсэдсэн нь тодорхойгүй байсаар жилийн дараа нэг хилчнийх нь барьж явсан бууг хулгайн анчид болох буриад хүмүүсээс олж л дээ. Тэгээд тэднийг байцааж байгаад оросын талд хэргийг нь шилжүүлснээс хойш энэ хэрэг явдал манайд чимээгүй өнгөрсөн гэнэ. Ямартай ч хил дээр гарсан мөргөлдөөнөөс болоод гурван хилчдын амь нас харамсалтайгаар эрсэдсэнийг мэдсэн аж.

Иймээс Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 0257-р ангийн 10-р заставын хамт олон тэр дундаа хошууч, Н.Отгонжаргал бидэнд хандан, энэ түүхийн тухай тайлбарлаж уран бүтээл болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ санал нь бидэнд маш их таалагдсан төдийгүй, саналыг нь шууд л хүлээн зөвшөөрсөн. Киногоо уран бүтээлчдийнхээ хамтаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын тухайн үеийн хилийн застав дээрээс хийхийг зорьсон.

Ингээд бидний анхны түүхэн, бодит явдлаас сэдэвлэсэн уран бүтээл үзэгчдийн мэлмийд хүрэхэд бэлэн болсон байна.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.

-Баярлалаа

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.