Я.Содбаатар: Ирэх сард 10 дахь үнэлгээг хийж цаашид авах арга хэмжээг тодорхойлно

Манай улсад КОВИД-19 халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэнээр бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар КОВИД-19 халдварын батлагдсан 261 тохиолдол, эмчлэгдэн гарсан 207 тохиолдол байна. ХӨСҮТ-д 54 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.
Манай улс ДЭМБ аргачлалаар гурван удаагийн халдварын тооцоолол, нийт есөн удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн байна.
Хамгийн сүүлд нийт хүн амын нэг хувь буюу улсын хэмжээнд 32,760 хүн халдвараар өвчилнө гэдэг тооцооллыг гарган, энэхүү тооцооллын үндсэн дээр эрүүл мэндийн салбар тоног төхөөрөмж, хүний нөөц, тусгаарлах байр болон эм хангамж, эмчилгээ үйлчилгээний нөөц, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа тухай Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Шадар сайдад танилцууллаа.
Хүн амын нэг хувь халдвараар өвчилсөн тохиолдолд хэвтэн эмчлэх байр, эм хангамж, мөн эмч, эмнэлгийн ажилтны нөөцийн асуудал хамгийн чухал.
Тиймээс Хан-Уул дүүрэг дэх Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан. Хэдийгээр тус эмнэлгийн барилга бүрэн дууссан ч өвчтөн хүлээн авахад тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авах ажиллагаа явагдаж байгаа юм. Тус эмнэлэг бүрэн ашиглалтад орж өвчтөнийг нэг, нэгээр тусгаарлахад 880 ор бэлэн нөөцөнд байгаа гэсэн үг юм.
Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүн УНТЭ, УХТЭ болон Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн бэлтгэл бэлэн байдлыг газар дээр нь шалгасан.

УНТЭ-ийн тухайд нэг сарын хэрэглээний зөвхөн КОВИД-19 халдварын зориулалтын 180-190 сая төгрөгийн 500 гаруй нэр төрлийн эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл нөөцөнд бэлэн байгааг танилцууллаа.




Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар эрүүл мэндийн салбарын нөөц, бэлэн байдлыг шалган тодорхой үүрэг, чиглэлийг өглөө. Тэрээр "Өнөөдөр бид дотооддоо халдвар алдаагүй байна. Цаашид халдварыг дотоодод алдсан тохиолдолд хоёр, гуравдугаар шатны арга хэмжээг хэрхэн авах вэ. Үүнд бэлэн үү гэдгийг газар дээр нь шалгаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын хувьд ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг нэгт тавьж байна. Ард иргэддээ мэдээллэхэд цар тахлын нөхцөл байдал амаргүй хүнд байна. Тийм учраас бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Сүүлд зургаадугаар сард хийсэн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн орны тоонд орсон. Наймдугаар сарын эхээр 10 дахь үнэлгээг хийнэ. Ингээд цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно. Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлага байна. Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг шалгаж байгаа нь ч энэ эрсдэлийн үнэлгээний өмнө хийгдэж байгаагаараа онцлогтой" гэлээ.



