Европт жолооны үнэмлэх шаарддаггүй машины хэрэглээ нэмэгджээ

5

Европт жолооны үнэмлэх шаарддаггүй машины хэрэглээ нэмэгджээ

 

Европт өсвөр насныхны дунд жолооны үнэмлэх шаардагдахгүйгээр унаж болдог жижиг автомашины хэрэглээ нэмэгдэж байна. Ялангуяа Францад 14 наснаасаа эхлэн жолоодох боломжтой эдгээр автомашин нь хөдөө орон нутагт амьдардаг хүүхэд, залуусын хувьд сургуульдаа явах, найз нөхөдтэйгөө уулзахад ихээхэн хэрэг болж байна.

Францын 16 настай Селена Бюс хэмээх охин "Citroën Ami" маркийн жижиг автомашин унадаг. Тэрбээр уг машиныг сургуульдаа явахын тулд авсан бөгөөд амралтын өдрүүдээр найзуудтайгаа уулзахдаа ч ашигладаг байна. Түүний хувьд энэ машин өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэсэг болжээ. Эдгээр автомашиныг Францад 14, Итали улсад мөн 14, Герман болон Испанид 15, харин Их Британид 16 наснаас эхлэн жолоодож болдог аж. Гэхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтад хамрагдаж, "AM" ангиллын жолооны үнэмлэх авах ёстой. Энэ нь энгийн суудлын автомашины B ангиллын үнэмлэх биш бөгөөд мопед болон 45 км/цаг хүртэл хурдлах жижиг дөрвөн дугуйт автомашин жолоодох эрх олгодог тусгай ангилал юм. Уг үнэмлэхийг онол, дадлагын найман цагийн сургалтад суугаад л авах боломжтой.

Эдгээр машин цагт дээд тал нь 45 км хурдлах боломжтой бөгөөд хурдны замаар зорчихыг хориглодог.

Францад ийм төрлийн автомашины бүртгэл 2019 онд 13 мянга орчим байсан бол өнгөрсөн онд 25 мянга болж өсжээ. Харин Европ даяар сүүлийн таван жилд борлуулалт нь 30 мянгаас 60 мянга болж хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ өсөлтөд 2020 онд худалдаанд гарсан "Citroën Ami" загвар ихээхэн нөлөөлжээ. Өмнө нь ийм машиныг голдуу хөдөө амьдардаг ахмад настнууд болон жолооны үнэмлэхгүй хүмүүс хэрэглэдэг байсан бол одоо өсвөр насныхан гол худалдан авагчдын нэг болж байна.

Зарим залуус скүүтер, мопед унахын оронд жижиг автомашин сонгох болжээ. Учир нь дөрвөн дугуйтай тул цаг агаарын нөхцөлд ажирахгүй бөгөөд хоёр дугуйт тээврийн хэрэгслээс илүү хамгаалалттай гэж үзэж байна. Мөн 2026 онд шинээр худалдаалагдаж буй жолооны үнэмлэх шаарддаггүй жижиг автомашины 67 гаруй хувь нь цахилгаан хөдөлгүүртэй болжээ.

Гэхдээ эдгээр машинд сул тал бий. Зөвхөн хоёр хүний суудалтай, хурд нь хязгаарлагдмал бөгөөд том оврын автомашинтай зам дээр зорчиход аюултай нөхцөл үүсэх магадлалтай.

Жолооч нар араас ирж буй автомашинд зам тавьж өгөх шаардлага ч гардаг байна. Гэсэн хэдий ч Селена шиг өсвөр насныхны хувьд эдгээр жижиг машин бие даан зорчих, гэр бүлээсээ хамааралгүйгээр сургууль болон бусад газарт хүрэх боломжийг олгож байна. Тэрбээр "Citroën Ami" автомашиныг сард 60 еврогоор түрээслэдэг бөгөөд даатгалын төлбөрөө нэмж төлдөг аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.