Монголын далбаатай хөлөг онгоцноос 1.16 тонн кетамин хураан авчээ

7

Индонезийн хууль сахиулах байгууллагууд Монгол Улсын далбаатай газрын тос тээвэрлэгч хөлгийг саатуулж, 192.64 сая ам.долларын үнэ бүхий 1.16 тонн кетамин хураан авчээ.

Индонезийн Цагдаагийн газар, Мансууруулах бодистой тэмцэх үндэсний агентлаг (BNN), Гаалийн байгууллага болон бусад холбогдох албаны хамтарсан баг 2026 оны аравдугаар сарын 20-нд Хойд Суматра мужийн Таньжунг-Балай-Асахан орчмын усан хилд MT Global 168 нэртэй танкерыг саатуулсан байна. Энэ талаар Индонезийн BNN болон олон улсын Reuters агентлаг мэдээлжээ.

Хөлөг онгоцонд нэгжлэг хийхэд 58 шуудайд савласан, нийт 1.16 тонн жинтэй кетамин гидрохлорид илрүүлэн хураан авсан байна. Индонезийн цагдаагийн ерөнхий газрын дарга Суюди Арио Сето уг бодисын хууль бус зах зээл дэх үнийг 3.48 их наяд рупи буюу ойролцоогоор 192.64 сая ам.доллар гэж үнэлжээ.

Хөлгийн багийн найман гишүүнийг саатуулсан бөгөөд долоо нь Индонезийн иргэн, нэг нь гадаадын иргэн байв. 

Хөлгийн хөдөлгөөн сэжиг төрүүлжээ

Индонезийн эрх баригчид уг хөлгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 14-нөөс эхлэн ажиглаж, автомат таних системийн (AIS) мэдээлэлд зөрчил илрүүлсэн байна. Тус системд хөлөг онгоцны нэрийг MT Global 168 болон Gross Dolphin гэж өөр өөрөөр бүртгэж, дамжуулж байжээ.

Мөн хөлөг Малаккийн хоолойгоор дамжин Андаманы тэнгис рүү чиглэж, улмаар Индонезийн усан хил рүү буцсан хөдөлгөөн хийсэн нь сэжиг төрүүлсэн байна. Эрх баригчид далайд өөр хөлөгтэй бараа шилжүүлэн ачсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Монголын далбаа болон хөлгийн эзэмшлийн асуудал

Малайзын хэвлэлүүдийн мэдээлснээр, MT Global 168 хөлөг нь Жохор-Бару хотод байрладаг Малайзын компанийн эзэмшилд байдаг бөгөөд Монгол Улсын далбаан дор аялж байжээ. Малайзын цагдаагийн байгууллага уг хэрэгт холбогдох боломжтой этгээдүүд болон хар тамхины сүлжээний оролцоог шалгахаар Индонезийн талтай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна.

Одоогоор хураан авсан бодисын гарал үүсэл, хөлгөөр тээвэрлэсэн зорилго, цаана нь ямар этгээд, олон улсын сүлжээ байгааг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Индонезийн Мансууруулах бодистой тэмцэх үндэсний агентлаг (BNN), Reuters, Channel NewsAsia, The Star.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.