Г.Занданшатартай холбоотой мэдэгдэл хийсэн таван гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандана

5

Г.Занданшатарыг авлига, албан тушаалын хэрэг болон хар тамхины сүлжээтэй холбон мэдээлсэн УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Х.Булгантуяа, Э.Болормаа, Д.Амарбаясгалан, П.Сайнзориг нарыг шалгуулахаар түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ өнөөдөр /2026.10.19/ Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдлээ.

Өмгөөлөгчийн зүгээс дээрх гишүүдийн мэдэгдлийг бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, баримтаар нотлогдоогүй мэдээлэл хэмээн үзэж байгаа бөгөөд Г.Занданшатарын нэр төрд халдсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлыг шалгуулах юм байна.
Тэрбээр Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар Г.Занданшатарыг буруутгах нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр, тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар ордыг төрийн мэдэлд авах ажиллагаанд оролцож, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох, улсад учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр ажилласан аж.
Мөн Авдрантын ордыг Г.Занданшатар хувьдаа авах гэж байсан гэх агуулгатай мэдэгдлийг өмгөөлөгч няцааж, өмнө нь ашиглагдаж байгаад үйл ажиллагаа нь зогссон ордуудыг төрийн мэдэлд авч, ашиглах боломжийг судлах асуудлыг хувьдаа эзэмших оролдлого мэтээр тайлбарласан нь бодит байдлыг гуйвуулсан гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Г.Занданшатарыг уул уурхайн ордууд болон хар тамхины сүлжээтэй холбон мэдээлсэн нь нэр төр, алдар хүндэд нь халдсан үйлдэл гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, төрийн албан тушаалтнууд болон нэр бүхий сэтгүүлчид уг мэдээллийг хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр, цаашлаад гадаад хэлээр орчуулан түгээж байгаа тул холбогдох байгууллагуудаар шалгуулах шаардлагатай гэжээ.
Ийнхүү улс төрийн хүрээнд өрнөсөн харилцан буруутгал хууль хяналтын байгууллагын түвшинд хүрэхээр болж байна. Гэхдээ дээрх гишүүдийн мэдэгдэл хууль зөрчсөн эсэх, өмгөөлөгчийн дурдсан асуудалд ямар нэгэн зөрчил байгаа эсэх нь эрх бүхий байгууллагын шалгалт, дүгнэлтээр тогтоогдох юм.

П.Самдан
www.BOLOD.mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.