Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Төрийн ордонд ажиллах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр: "Монгол Улсын Их Хурлын гишүүн гэдэг нь төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөн суудаг хариуцлагатай албан тушаалтан. Харин манай зарим албан тушаалтнуудыг өдөр бүр дуудаж авчран загнах, зандарч дарамтлах, улмаар бие махбодын халдлагад өртөх хэмжээнд хүрч байгаа нь байж боломгүй үйлдэл юм.
Саяхан Д.Энхтүвшин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг мөргөж унагаасан гэх мэдээлэл гарсан. Энэ нь зөв үйлдэл мөн үү гэдгийг бид бодох ёстой. Мөн зарим УИХ-ын гишүүдийн өрөөнд уржигдар орой заналхийлсэн, “буудна”, “ална” гэх мэт ноцтой үг хэллэг хэрэглэсэн тохиолдлууд гарсан байна.
Ийм асуудлууд удахгүй Улсын Их Хурлын бүтцийн хүрээнд, халдашгүй байдлын дэд болон байнгын хороодод хэлэлцэгдэхээр гишүүд өргөдлөө өгөхөөр зэхэж байгаа бололтой. Цаашлаад зарим гишүүдийн нүүр рүү архи, ус цацсан зэрэг зохисгүй үйлдлүүд гарсан нь асуудал хэр хэмжээнд даамжирсныг харуулж байна.
Нөгөө талаас байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд иргэдээс санал авах, судалгаа, тооцоолол хийх ажлууд ч хийгдсэн байна. Түүнчлэн Монгол Улсын сүүлийн 100 жилийн хугацаанд Туул голын усны үерийн урсац, газрын гүнд хуримтлагдаж буй усны нөөц зэрэг асуудлуудыг харгалзан үзэх шаардлагатай. Миний хувьд Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнд албан ёсоор хандаж, тус дүүргийн нутаг дэвсгэр дээр тайван жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг авсан." гэлээ.

