ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив

104

Төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, манай улс жилд дунджаар 49.8 мянган тонн ноос, ноолуур бэлтгэх нөөцтэй боловч үүний 70.0 хувийг, 18 сая ширхэг арьс, шир бэлтгэх нөөцтэй ч 30 хүрэхгүй хувийг нь боловсруулж байгааг дурдаад, үйлдвэрлэл, боловсруулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн юм. Тухайлбал 2023 онд 10,5 сая ширхэг арьс ширийг боловсруулж чадаагүй талаар тэрбээр онцлоод, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хөрөнгийн чадавх сул, арилжааны банкны зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага өндөр, түүхий эдийн зах зээлд гаднын худалдан авагчдын өрсөлдөөн их, түүхий эдийн чанар муу, бэлтгэлийн оновчтой тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, хууль эрх зүйн орчин дутагдалтай, үйлдвэрүүдэд нарийн мэргэжлийн хүний нөөц, инженер, техникийн ажилчид дутмаг, тогтвор суурьшил багатай зэргээс шалтгаалан түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулж чадахгүй, боломжит орлогоо алдсаар байна гэлээ. Мөн тэрбээр, дэлхийн зах зээл дээрх хувцасны хэрэглээ 2027 онд 830 тэрбум амдолларт хүрэх төлөвтэйг дурдаад, үүний 2.0 хувийг ноос, ноолууран бүтээгдэхүүн эзлэхийн зэрэгцээ эко буюу байгальд ээлтэй үйлдвэрлэл 2032 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэлээ.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлд мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, гүн боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хавсаргаж, “Цагаан алт” хөдөлгөөнийг хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, зах зээлийг тэлэх болон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлүүдээр авах арга хэмжээг тодорхой тусгасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны дарга Г.Ганболд, тогтоолын төсөлд тусгагдсан арга хэмжээний санхүүжилтэд 2024 онд 70.9 орчим тэрбум төгрөг шаардагдахаар төлөвлөснийг улсын төсөвт тусгасан эсэхийг асууж хариулт авсан юм. Түүний асуултад хариулахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, тогтоолыг хэрэгжүүлэхэд нийтдээ 2.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдах талаар тодотгоод, үүний 1.5 их наяд төгрөгийг арилжааны банкнуудын чөлөөт мөнгөн үлдэгдлээр шийдвэрлэхээр тооцсон гэсэн юм. Үүний хүүгийн төлбөрт жил бүрийн улсын төсөвт 700.0 орчим тэрбум төгрөг тусгах ажээ. 2024 онд шаардагдах 70.9 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон холбогдох сайд нарын багцаас зохицуулалт хийх боломжтойг Засгийн газар мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хариулт хангалттай гэж үзсэн тул “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх гэсэн томъёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.