Аргентинаас 90 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн үлдэгдэл олджээ

101

Аргентинаас 90 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн үлдэгдэл олджээ

 

Аргентины палеонтологичид одоогийн Патагониа бүс нутагт Цэрдийн галавын сүүл үед 90 сая орчим жилийн тэртээ амьдарч байсан дунд зэргийн биетэй, хурдан гүйдэг, өвсөн тэжээлт шинэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор олсон талаараа мэдэгджээ. “Чакисаурус некул” хэмээн нэрлэсэн уг үлэг гүрвэлийн үлдэгдэл Рио-Негро мужийн “Пуэбло Бланко” байгалийн нөөц газраас олдсон байна. Өмнө нь энэ газраас бусад төрөл зүйлийн үлэг гүрвэлүүд, мөн хөхтөн амьтад, яст мэлхий, загасны чулуужсан олдворууд олдож байжээ.

 

Хамгийн том “Чакисаурус” нь 2.5-3 метр урт, 70 см өндөр байсан гэж судлаачид үзэж байна. “Чакисаурус”-ын талаарх судалгаагаар уг амьтныг хурдан гүйдэг байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд сүүл нь ер бусын байдлаар доошоо муруй байсныг тогтоожээ. “Шинэ төрөл зүйл болох “Чакисаурус некул” нь хоёр хөл дээрээ явдаг, өвсөн тэжээлт амьтан байсан бөгөөд хамгийн онцлог шинжүүдийн нэг нь доошоо муруйсан сүүлтэй байсан, бусад үлэг гүрвэлүүдийн хувьд сүүл нь шулуун байдаг” гэж судалгааны багийн ахлагч Родриго Альварес ярилаа.

 

“Энэ бол эдгээр амьтны хувьд маш шинэ зүйл юм. Үүнээс гадна маш сайн гүйдэг байсан бөгөөд олон махчин амьтадтай зэрэгцэн амьдардаг байсан тул өөрийгөө хамгаалах цорын ганц арга нь тэднээс хурдан байх ёстой байсан тул ийм чадвартай болсон бололтой” гэж тэрбээр ярив. “Чакисаурусуудын хойд мөч болон сүүл нь маш сайн хөгжсөн байсан бөгөөд гүйж байх үед хажуу тийш эргэх, тэнцвэрээ хадгалахад нь тусалдаг байсан” гэж өөр нэгэн судлаач Себастьян Розадилла “Ройтерс” агентлагт тайлбарлан ярьсан байна. Аргентины палеонтологичдын баг Үндэсний газарзүйн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр анх 2018 онд дээрх олдворыг олсон хэдий ч судалгааны талаарх өгүүллээ “Cretaceous Research” сэтгүүлд саяхан хэвлүүлжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.