АУДИТЫН ДҮГНЭЛТ: "Тэрбум мод" аяны хүрээнд ОБЕГ, Батлан хамгаалах яаманд 28 тэрбумыг өгсөн ч үр дүнгүй мөн 880 тэрбумыг “Ирээдүйн өв сан”-д төвлөрөөгүй байгаа нь ноцтой байна

86

Үндэсний аудитын газраас “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаанд аудит хийсэн байна.  Тодруулбал, “нүүрсний хэрэгт” шалгагдаж буй Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг удирдаж байх үеийн ажилд аудит хийсэн нь энэ аж. Тэгвэл аудитараар илэрсэн хэд, хэдэн анхаарал татах асуудлыг isee.mn энэ удаа онцолж байна. Эрдэнэс Тавантолгой ХК нь улсын төсвийг бүрдүүлдэг гол компаниудын нэг. Харин аудитын дүгнэлтээс харахад үр ашиггүй маш их зардлыг гаргаж, гүйцэтгэлд огт хяналт тавилгүй ажилласан нь харагдаж байна. Аудитын тайланг бүрэн эхээр нь ЭНД дарж харах.
-МОД ТАРИУЛАХААР ОБЕГ, БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМАНД 28 ТЭРБУМЫГ ӨГСӨН Ч ГЭРЭЭНД ЗААСАН АЖЛУУД ХИЙГДСЭН ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ -
АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭР
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 180 сая мод тарихаар төлөвлөж, 2022 онд ТУЗ-өөр 7 тэрбум төгрөгийн төсөв батлуулж, гүйцэтгэлээр 28.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Гэтэл гэрээний хэрэгжилтийг бүрэн хангуулах, түүнд тавих хяналтыг сайжруулан арвилан хэмнэлттэй ажиллах зарчмыг баримтлан, үр дүн, үр нөлөөг огт тооцолгүй орхисон байна. Тухайлбал, ОБЕГ-тай 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 28,045.8 сая төгрөгийн дүнтэй ЭТТ-2022/503 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон боловч гэрээний үүргийн хэрэгжилт бүрэн хангагдаагүй.  Батлан хамгаалах яамтай 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 9,972.8 сая төгрөгийн дүнтэй ЭТТ2022/113 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулж 0.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон ч гэрээнд заасан ажлууд хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй байгаа аж.
  • ТУЗ-ийн 2012 оны 05 дугаар тогтоолоор уурхай төслийн шатнаас - олборлолт, борлуулалт, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эхлүүлэх IPO22 төсөл хэрэгжүүлэхээр хувьцаа хариуцсан газарт 10, эрчим хүчний төсөлд 8, төмөр замын төсөлд 5, авто замын төсөлд 5, баяжуулах угаах үйлдвэрийн төсөлд 7, усан хангамжийн төсөлд 8 орон тоо зэргээр нийт 116 орон тоог нэмэгдсэн ч эдгээр төслүүд 10 жилийн дараа л эхэлсэн. 
  • ТУЗ-ийн 2018 оны 17 дугаар тогтоолоор олон улсын зах зээлд хувьцаа гаргах бэлтгэл ажил хангах, нүүрс тээврийн жолооч нарын ажиллах орчныг сайжруулах, шинээр нүүрс шинжилгээний лаборатори байгуулах, гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлээр 54 орон тоо нэмэгдсэн ч үр дүнд хүрээгүй. ТУЗ-ийн 2018 оны 26 дугаар тогтоолоор компанийн хувьцааг олон улсын болон дотоодын санхүүгийн зах зээлд арилжаалан эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалтын менежментийг сайжруулах үндэслэлээр 21 орон тоог нэмсэн ч хувьцаа гаргах үйл ажиллагаа үр дүнд хүрээгүй
  • ТУЗ-ийн 2018 оны 33 дугаар тогтоолоор компанийн газар, хэлтэс алба нь орлогч даргагүй байхаар дахин бүтцийн өөрчлөлт хийсэн ч 30 орон тоо нэмэгдсэн
  • ТУЗ-ийн 2018 оны 43 дугаар тогтоолоор компанийн үйл ажиллагааны цар хүрээ, олборлолт, борлуулалт 2019 онд нэмэгдэж байгаа шалтгаанаар 75 орон тоо нэмэгдсэн. Гэвч Эрдэнэс Тавантолгой ХК өөрийн техник, хүн хүчээр олборлолт явуулдаггүй гэрээт олборлогч компаниар ажлаа гүйцэтгүүлдэг тул орон тоо нэмэх шаардлагагүй байсан.
  • ТУЗ-ийн 2020 оны 27 дугаар тогтоолоор орон тоог 986 болгож, Эрдэнэс-Тавантолгой Майнинг ХХК татан буугдаж 138 ажилтныг шилжүүлэн авсан байна.
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр зам барих төслөөр Хилийн хяналтын бүс хүртэл төмөр зам тавьсан боловч хил холболтын төмөр замын ажил эхлээгүйгээс мухар төмөр зам болсон. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам барих ажил хийгдсэн ч үйл ажиллагаа нь жигдрээгүй.
  • Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны “Ногдол ашиг хуваарилах тухай” 09 дүгээр тогтоолоор компанийн 2019 оны цэвэр ашгаас төрийн эзэмшлийн 9,779,874,440 ширхэг хувьцаанд ногдох ашгийг компанийн эзэмшиж байгаа үнэт цаасаар хуваарилахаар шийдвэрлэж, 880.2 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд төвлөрүүлээгүй байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.
-ОЮУТНЫ ХОЛБООНЫ ХЭД, ХЭДЭН АЖЛЫГ САНХҮҮЖҮҮЛСЭН-
  • Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2020-2022 оны борлуулалтын 43.7 хувь нь төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг нүүрсээр барагдуулахад зарцуулагдаж байгаа нь тус компанийг мөнгөн хөрөнгийн дутагдалд оруулах эрсдэлтэй байна.
  • Эрдэнэс-Тавантолгой ХК уулын цулыг хөдөлгөх олборлолтын гэрээний үнийг Цанхийн баруун болон зүүн хэсэгт харилцан адилгүйгээр тогтоосноос Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогчийн зардлыг Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн зардалтай харьцуулахад 2018-2020 онд 582.8 тэрбум төгрөгөөр илүү байгаа нь цаашид компанийн зардлыг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай байна.
Эрдэнэс-Тавантолгой ХК нийгмийн хариуцлага нэрээр 2018 онд 531.5 сая төгрөг, 2019 онд 1,274.5 сая, 2020 онд 4,490.2 сая, 2021 онд 17,427.3 сая, 2022 онд 1,217.0 төгрөгийг баяр тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулах зэрэгт зарцуулжээ. Үүнд Монголын оюутны холбооны ажилд хөрөнгө заруулсан байгаа юм.
Тухайлбал,
  • Монголын оюутны спортын түүхэн хөгжил ном бүтээлгэх ажлын төлбөрт 30.0 сая,
  • Монголын оюутны спортын Универсиад 5 наадмын үйл ажиллагааны зардалд 110.0 сая зарцуулжээ. Ташрамд дурдахад, өмнөх захирал Б.Ганхуяг болон бусад хэд, хэдэн захирал Оюутны холбооноос карьераа эхлүүлсэн байдаг билээ.

https://isee.mn/n/50748
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.