ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР: Монгол Улс 22 байраар ухрав
-ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 22 БАЙР УХАРЧ ЖАГСАВ-
Өнөөдөр /2023.05.03/ “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.
Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) олон улсын байгууллагын эрэмбэлснээр өнгөрөгч 2022 онд Монгол Улс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр нэг жилийн дотор 22 байраар ухарч, 90-д жагссан юм.
Үүний учир шалтгааныг манай улсын нийгэм эдийн засгийн нөлөөллөөс гадна улс төрийн нөлөөлөл, Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн хэрэгжилт, хуулийн буруу хэрэглээнээс үүдсэн гэж дүгнэжээ.
-ЭХ СУРВАЛЖАА ХАМГААЛАХ ЭРХЗҮЙН ХАМГААЛАЛТ ШААРДЛАГАТАЙ-
“Сэтгүүлчийн эх сурвалжийг хамгаалах нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах үндсэн нөхцөл болдог” гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг.
Олон улсад мэдээллийн эх сурвалжийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрэлдсэн байдаг бөгөөд нууц эх сурвалжгүйгээр Вотергейтийн хэргээс авахуулаад 2014 оны Оффшорын дуулиант хэрэг илрэхгүй байлаа.
Тиймээс дэлхий даяар сэтгүүлчид мэдээллийн эх сурвалжаа нууцлах ёс зүйн үүрэг хүлээдэг. Зарим улс оронд энэ нь хуулиар заасан үүрэг байдаг.
Тухайлбал, Швед улсад мэдээллийг эх сурвалжийг хамгаалах үүргийг маш хатуу заасан байдаг ба эх сурвалжаа илчилсэн сэтгүүлч хуулийн хариуцлага хүлээдэг байна.
Түүнчлэн Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрт “Сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжийг хамгаалах нь хэвлэлийн эрх чөлөөний суурь нөхцөл юм. Ийм хамгаалалтгүй мэдээллийн эх сурвалжууд хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх боломжгүй. Энэ нь нийгэмд ач холбогдолтой асуудлаар үнэн, бодит мэдээлэл хүргэх хэвлэлийн чадварт сөргөөр нөлөөлнө” заавал заадаг байна.
Мөн, Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/, түүний системийн байгууллага болох ЮНЕСКО-ийн тогтоолууд, олон улсын гэрээ, тунхагт сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжийг хамгаалах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэгэн амин чухал хэсэг ба үүнийг дэлхийн бүх улс, үндэстэн чандлан хамгаалах учиртай хэмээн заасан байдаг.
Энэ хүрээнд сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжийн нууцлах эрхийг дараах олон улсын эрх зүйн актуудаар баталгаажуулсан байдаг. Тухайлбал,
- 2012 оны НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүний эрхийг дээдлэх, хамгаалах, хэрэгжүүлэх тухай “A/HRC/RES/20/8” тогтоол. Энэхүү тогтоолоор мэдээллийн эх сурвалжийн хүний эрхийг баталгаажуулж байна.
- 2012 оны НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сэтгүүлчдийн аюулгүй байдлын тухай A/HRC/RES/21/12 тогтоол. Энэ тогтоолд хэвлэл мэдээллийг ажилтнууд болон тэдний эх сурвалжийн хамгаалалтыг баталгаажуулах шаардлагатай гэж заасан байдаг.
- 2013 оны НҮБ-ын Ерөнхий ассамблейн сэтгүүлчдийн аюулгүй байдал, сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргээс ял шийтгэлгүй үлдэх асуудлын тухай A/RES/68/163 тогтоол. Тогтоолд сэтгүүл зүй нь хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүн болон бүх төрлийн байгууллагаас мэдээлэл авах, иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын дагуу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрэгжүүлж хөгжинө гэж заасан. Энэ баримт бичиг нь сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хүний эрхийг хамгаалагчдын эсрэг гэмт хэрэгтэй адилтган үзнэ.
- 2013 оны ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 37-р чуулганаар батлагдсан мэдээлэл, мэдлэг олж авах тухай тогтоол эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмд үзүүлэх нөлөөг үнэлж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үйл ажиллагааны баталгаа нь нууцлал юм хэмээн заасан.
- Нууцлалын асуудал нь сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжийг хамгаалах амин чухал. Ингэснээр, эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь сайн засаглал, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, эх сурвалжийн нууцлалд хөндлөнгөөс хууль бусаар оролцох, дарангуйлах замаар нөлөөлж болохгүй.
- 2013 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн эх сурвалжаа нууцлах эрхийн тухай A/C.3/68/167 тогтоолд мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хүндэтгэх, хамгаалах тухай зааж, гишүүн орнуудад үндэсний хууль тогтоомжийг хүний эрхийн тухай олон улсын хууль, тогтоомжид нийцүүлэх үүрэг хүлээлгэсэн.
Дээрх эрх зүйн актуудаас олон улсад сэтгүүлч эх сурвалжийн мэдээллийг нууцлах нь тухайн улс орны нийгэмд онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг харж болохоор юм.
Харин манай улсын хувьд сэтгүүлч эх сурвалжийнхаа талаарх мэдээллийг ямар ч тохиолдолд чандлан нууцлах ёс зүйн үүргээ биелүүлж чаддаггүй. Тийм боломж ч байдаггүй.
Угтаа бол Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн орны хувьд дээр дурдагдсан эрх зүйн акт, зөвлөмж, олон улсын хууль тогтоомжуудыг дагаж мөрдөх ёстой. Түүгээр зогсохгүй улсынхаа хууль тогтоомжид, дээрх заалтуудыг уялдуулан оруулж өгөх шаардлагатай.Гэвч Монголын сэтгүүлчид одоогоос 25 жилийн өмнө буюу 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультайгаар өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь дөрвөн зүйлээс бүрдэх бөгөөд эх сурвалж нууцлах, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалах тухай үг, үсэг ч үгүй.
Харин Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан ёс зүйн зарчмын 8 дугаарт “Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална” гэж заасан байдаг боловч хууль, цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийг шалгахдаа “Заавал эх сурвалжаа илчлэхийг шаардаж” эрхийг нь зөрчсөөр ирсэн нь бидэнд хуулийн хамгаалалт байхгүй байгааг харуулж байна.
Тийм ч учраас эрх мэдэлтнүүд сэтгүүлчдийг дуугүй байлгахын тулд эрүүгийн хуулийг цензур болгон ашигласаар байна.
Монгол Улс сэтгүүлчийн эрхийг хангах, үйл ажиллагааг зохицуулах тусгай хуульгүй мөртлөө тэднийг “яллах, шийтгэх” хуультай байгаад гажуудал үүсээд байгаа юм.