Telegraph: Ши Жиньпин, Путин нар шинэ “Хүйтэн дайн” зарлав
Орос орон ЗХУ задран унаснаас хойших бүх цаг үеийнхээс илүү их протекционист, илүү хуваагдмал байдалтай байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд халдан довтолсны нэг жилийн ойн үеэр БНХАУ хамгийн ахмад дипломатчдаа ОХУ-д илгээсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг нь өөр улс руу хууль бусаар халдаж, өөр нэг байнгын гишүүн нь уг халдлагыг буруутгахаас татгалзаж байгааг шинжээчид шүүмжилж байна. Путин, Ши нар барууны орнууд, тэр дундаа Америкийг сулруулах гэсэн нийтлэг зорилгыг баримталж байгааг ажиглагчид онцолж байгаа юм. Түүнчлэн, аль аль нь шаардлагатай бол цэргийн аргаар нөлөөллийн хүрээгээ тэлэх хөтөлбөр баримталж байгааг дурдаад буй.
Оросын түрэмгийлэлд Хятад улс далдуур дэмжлэг үзүүлж байгаа нь олон жилийн турш хөгжиж ирсэн стратегийн түншлэлийг баталж байна гэж ажиглагчид онцолжээ. Олон улс Оростой санхүүгийн харилцаатай хэвээр байгаа тул Путины үйлдэл дэлхийн тавцанд ямар ч шийтгэлгүй өнгөрч байгааг тэд шүүмжилсэн байна. Бээжингийн эдийн засгийн өсөлт нь Хятадыг олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөхөд хүргэнэ гэж олон хүн найдаж байсан ч Ши Жиньпин Өмнөд Хятадын тэнгист ноёрхлоо тогтоож, авторитар үзлийг барууны ардчиллын оронд боломжит хувилбар болгон харуулахыг хичээсээр байна. Хятад улс эдийн засгийн асар их хүч чадлаа ашиглан "Нэг бүс Нэг зам"-ын бодлогоор дамжуулан олон улс орныг урт хугацааны өрөнд оруулах замаар Хятадын удирдагчдыг шүүмжилсэн шүүмжлэлийг саармагжуулж, батерей, технологийн салбарт ашигладаг ховор ашигт малтмалын олборлолтоороо дэлхийн зах зээлд ноёрхож байна.
Өнгөрсөн долоо хоногт Путин Орос улс START гэрээнээс гарна гэж мэдэгдсэн нь 50 жилийн турш цөмийн нөөцөө хязгаарласны дараа бид зэвсгийн шинэ уралдаанд орж магадгүй гэсэн дохио болсон. Хятад улс ойрын 10 жилд цөмийн зэвсгээ гурав дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Иран цөмийн зэвсэгтэй, Хойд Солонгос цөмийн цэнэгт хошуу, баллистик пуужинтай. Хамтад нь авч үзвэл, цөмийн аюул дэлхийн II дайн дууссанаас хойших аль ч цаг үеийнхээс өндөр байх магадлалтай.
Нөгөө талаас манай дэлхий нөлөөллийн хоёр талбарт хуваагдаж, дэлхийн дахин шинэ Хүйтэн дайны нөхцөл байдалд шилжчихлээ гэж үзэх шинжээчид ч байна.