ДАШТ-д Мароккогийн шигшээ баг хожсоны дараа Бельги, Нидерландад үймээн самуун дэгджээ

274

Ням гарагт Доха хотод болсон F хэсгийн хоёрдугаар ээлжийн тоглолтод Мароккогийн шигшээ баг Бельги улсын шигшээ багийг 2:0 харьцаагаар хожсон нь Катар 2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий нэг том дуулиан болсон юм.
Бельгийн үндэсний шигшээ баг нь ДАШТ-д хүрэл медаль, Европын АШТ-д мөнгө, хүрэл медаль, зуны олимпын наадамд алтан медаль зүүж байсан дэлхийн хүчирхэг багуудын нэг.
Одоо тус баг FIFA-гийн чансаагаар Бразилын шигшээ багийн дараа дэлхийд хоёрт бичигдэж байгаа.
Харьцуулбал Умард Африкийн Марокко улсын шигшээ баг үүнээс 20 байрын доогуур буюу 22 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Энэхүү тоглолтын дараа Европын орнуудад амьдардаг Марокко гаралтай иргэд хөөр баяраа өргөн тэмдэглэсэн бол хожигдсон багийн эх оронд үймээн самуун дэгджээ.
Ням гарагийн орой Бельгийн хотуудад хэсэг хүмүүс үймээн дэгдээж, зогсоолд байсан автомашинуудыг галдан шатаах, эвдэн сүйтгэх зэргээр танхайрсан байна.
Цагдаа нар үймээнийг дарахын тулд усан буу, нулимс асгаруулагч хий ашиглаж, нийслэл Брюссель хотоос арав гаруй, умард бүсийн Антверп хотоос найман хүнийг баривчилжээ.
Хөрш Нидерланд улсын боомт хот Роттердамд мөн үймээн дэгдэж, мөргөлдөөн гарах үеэр цагдаагийн хоёр ажилтан бэртсэн тухай мэдээлж байна.
Брюссель хотын захирагч Филипп Клозе эмх замбараагүй байдлыг таслан зогсоохын тулд эрх баригчид бүх арга хэмжээг авч буйг мэдэгдээд хотын төв рүү ирэхгүй байхыг иргэдэд анхааруулжээ.
“Эд нар бол хөл бөмбөгийн фэнүүд биш, үймээн дэгдээгчид юм. Баяраа тэмдэглэж буй Мароккогийн фэнүүд ч бас тэнд байна” гэж Клозе ярьсан байна.
“Цөөн тооны хүмүүс нөхцөл байдлыг урвуулан ашиглаж, эмх замбараагүй байдал үүсгэж байгаа нь харамсалтай” гэж Бельгийн дотоод хэргийн сайд Аннелис Верлинден мэдэгджээ.
Нидерландын нийслэл Амстердам хот болон Гааг хотод мөн үймээн дэгдсэн мэдээ ирж байна.
 
Эх сурвалж: Associated Press
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.