Р.Эмүжин: Энэ хоёр Гомбогоо гуайгаас ИЧЭЭСЭЙ !
Нийтлэгч, яруу найрагч Р. Эмүжин өөрийн цахим хуудаснаа " Энэ хоёр Гомбогоо гуайгаас ичээсэй.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумд иргэн Гомбогоо гуай тэтгэврийн зээлээрээ гурав дахь гүүрээ босгож байхад МАН-ын энэ хоёр эрх мэдэлтэн юу хийв?
Гомбогоо гуай тэтгэврээрээ амьдардаг, эгэл даруухан нэгэн бол эд маань гялтайсан пиджак костюм, гялайсан зангиатай, төсвийн мөнгөөр засч тохижуулсан төөрмөөр гоё байшингийн хойморт суудаг, үүдэндээ харуултай, өөртөө туслахтай. 2022 онд түгжрэлийг бууруулах түүхэн шийдвэрийг МАН-ын Засгийн газар үзэглэж, 420 тэрбумыг төсөвлөлөө хэмээн Оюун-Эрдэнэ, Сумъабазар хоёр тас тэврэлдэж, тасархай PR-дсан. Түүний 11.0 тэрбумаар зөвхөн зөвлөх үйлчилгээ авахаар төлөвлөсөн байсан. Өчнөөн гоё үлгэр ярьсан, өндөр индэр хаа сайгүй зөөсөн.
Гэтэл яав? Бүтэн жил өнгөрөхөд бүрэн шийдэл үгүй. Их, дээд сургуулиуд ч хотоос нүүсэнгүй, их том захууд ч бас гарсангүй. Нөгөө метро, дүүжин тээвэр энэ тэр цэг хатгасангүй, цэр ч хаясангүй. Гоё сэдвүүдээ тойрч гороолж баахан сэвсэн, ойлгох ойлгохгүй тээврийн шийдлүүдээ тойроод орилж баахан давхисан. 2024 он гэхэд Улаанбаатар хөнгөн галт тэрэгтэй болно гэж Сумъяабазар мэдэн будилж байгаад өөрөө ярьсан шүү. Дээр нь нэмээд Түгжрэлийн сайдтай болж, түмэн хувилбар хэлэлцсэн. Тэгээд яг шийдвэр гаргах болтол тэнэг хувилбар дээрээ тэг зогсолт хийсэн.
Ирэх онд түгжрэлийг бууруулах зорилгоор төсөвт дахиад 339 тэрбумыг суулгасан. Тэгэхдээ энэ мөнгийг Түгжрэлийн сайдын багц болгон баталсан. Үүндээ нийтийн тээврийн автопарк барихад 21.7 тэрбум, автобус худалдан авахад 318.0 тэрбум төгрөг гэж тусгасан. За одоо нэг асуулт байна. Баахан шинэ автобус оруулж ирээд нийтийн тээвэрт нэвтрүүлбэл иргэд суух уу? Замаа тэлээгүй, гүүрээ нэмээгүй, хөдөлгөөний ачаалал бол хуучнаараа, хүмүүсийн хэрэгцээ бүүр нэмэгдэнэ гээд тооцоод үзвэл автобусны буудал дээр хоёр цаг хүлээж байж нөгөө шинэ унаанууддаа шил хүзүүгээ түрж зүтгээд, ширэн нүүрлэж чихэлдээд орж явчихна гэсэн үг.
Буудал дээр хөлдөөд үхэх үү, хөшөөд унах уу? Хөгшин, залуугаараа талцаад хөлөө сэлгэн суудал булаацалдах уу? Зам дээр зараа шиг арзайгаад бүх хотоороо бүтэн өдөр амьдрах уу? Эцсийн эцэст түгжрэл гэж юу юм бэ? МАН-ын сонгуулийн мөнгөө хийх арга болж хувирсан уу? Манай хотын эрх мэдэлтнүүдийн ээлжит шоу, эрээн хэтэвч, эрэмбэ тушаал юм уу? Үнэхээр 2024 он гэхэд Улаанбаатар хөнгөн галт тэрэгтэй болох уу? Хоёр он дамнан 1.0 их наяд шахам төгрөг залгих нь тодорхой болсон түгжрэл хэзээ арилах вэ?
Энэ янзаараа энэ засаг, энэ залуус чадахгүй. Гомбогоо гуайгаас ичиж амьдарвал таарна. Алив юмны хэмжээ тулна гэж хэцүү л дээ. Аймаар том том ярьчихаад, яг төсөвт сууж, шийдэлд хүрэхдээ бүх мөнгөөрөө автобус авна гэж ангайлгадаг гэнэ ээ. Ийм шийдвэрийг гаргахад ийм өндөр үнэ төлөх байсан юм уу? Нэртэйгээр нь та хоёр наад мөнгөөрөө баахан машины хөтөвч авчирч үнэгүй тарааж попрооч!" хэмээн нийтэлжээ.