N1: Монголыг зорьсон буриадууд буцаж харихаар яарахгүй байна

264

ОХУ-д есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа цэрэгт татагдах залуус олноороо гадаадын орнуудыг зорьсон юм. Тэдний ихэнх нь хуурай замаар шууд хиллэдэг орнуудыг зорьсноос багагүй хувь нь Монголд ирсэн. Тэр үеэс хойш л Монгол дахь оросуудын талаар Оросын хэвлэлээр төрөл бүрийн мэдээлэл гарсаар байна. Энэ удаад Буриадын "Номер один" (N1) сонинд нийтлэгдсэн "Монголыг зорьсон буриадууд буцаж харихаар яарахгүй байна" гэсэн нийтлэлийг товчлон хүргэж байна. 

Есдүгээр сарын 22-нд дайчилгаа зарласны дараа Монголыг зорьсон Буриадын олон мянган хүний хувьд энэ улсад визгүй байх 30 хоногийн хугацаа өнгөрсөн ням гарагт дууслаа. Монголыг зорьсон хүмүүсийн ихэнх нь IT, үйлчилгээний салбар, жижиг бизнесийн салбарт ажилладаг залуус байсан юм. Хөрш оронд дасан зохицоход хүнд, амжиргааны өртөг өндөр байсан ч тэднээс тун цөөхөн нь буцжээ.
 
"Багахан" цагаачлал
Физиологч Уолтер Кэннон стресст үзүүлэх хариу үйлдлийн талаар бичсэн өнгөрсөн зуунаас хойш юу ч өөрчлөгдсөнгүй. Хүн хүнд стресс эсвэл аюултай тулгарвал хүсэл зоригоосоо үл хамааран "цохих, зугтах, хөдөлгөөнгүй болох" гэсэн гурван хариу үйлдлийн аль нэг нь автоматаар ажилладаг.
 
Есдүгээр сарын 20-доор Буриадын хэдэн мянган залуу бүхнийг орхин, хоёр дахь хувилбарын дагуу, "Хиагт-Алтанбулаг" боомтоор Монгол руу зугтсан юм. Буриадаас цагаачилж буй хүмүүсийн заримыг нь Хүннү Эйр компани зөөсөн бөгөөд тэд маш шуурхай нислэгийн тоогоо нэмэгдүүлж, үнээ ч эрс өсгөж байлаа.
 
Үүнээс хойш сарын хугацаа өнгөрөв, одоо энэ үзэгдлийн үр дагаврын талаар ярих ч боломжтой болжээ. Учир нь Буриадад нүүрлэсэн энэ цагаачлал энэ бүс нутгийн нөхцөл байдалд шууд нөлөөлнө, залуус олноор цагаачилснаас үүдэх эдийн засгийн хохирлыг шууд тооцоолоход бэрх. Чадварлаг ажиллах хүчнээ ч алдлаа, мөнгөө ч алдлаа.
 
Монгол руу явсан залуусын олон нийтийн сүлжээн дэх хуудаснуудаас харахад тэд шинэ оронд дасан зохицож амьдрах эхний шат дууссан бололтой. Хэдийгээр хөрш орон соёлын хувьд ойролцоо ч ихэнх залуус өмнө нь Монголд огт ирж байгаагүй. Гэлээ ч мөн л олон нийтийн сүлжээ, танил талынхаа ачаар хүмүүс байр түрээслэх асуудлаа шийдэж, ажиллах, сурах асуудлаа цэгцэлж эхэлж байгаа аж.
 
Ажиллах тархи, гар
 
Олон нийтийн сүлжээн дэх цагаачлагчдын группт байх зараас харахад Монголд IT салбар, үүрэн холбоо, уул уурхай, барилга дээр ажиллах хүч ихээхэн эрэлттэй байгаа аж. Зарим тохиолдолд монгол хэлний мэдлэг ч шаардахгүй байгаа гэнэ. Англиар сайн ярьдаг байхад л хангалттай. Түүнчлэн малын эмч, хүний эмч шаардлагатай байгаа ч ийм ажилд монгол хэлтэй хүнийг л авна гэжээ. Цалингийн тухайд, олон салбарын хөдөлмөрийн хөлс ОХУ-ынхтай харьцуулахад бага юм.
 
Буриадын цагаачдын нэг хэсэг нь хэлний курсэд сууж, сургалтын виз авах боломжийг бий болгон, дасан зохицох явцаа эхэлжээ. Харин нөгөө хэсэг нь захаас бараа бүтээгдэхүүн авч, хориг арга хэмжээний улмаас хомстсон барааг Орос руу зуучлах ажил хийж байгаа аж.
 
Буриадаас явсан хүмүүсийг буцаан авчрах шийдвэр эсвэл тэднийг буцаах ямар нэг хөтөлбөр одоогоор байхгүй. Энэ талаар бодолцож байгаа эрх баригчид ч гэж үгүй бололтой. Тэд өөрсдөө ч зугтаж байгаа. Хэсэгчилсэн дайчилгаа эхлэхээс ч өмнө, 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш л Буриадын депутат, албан тушаалтан, бизнесменүүд Израиль, канад, АНУ, Таиландыг зорьсон гэх мээдэлэл бий.
 
Түүх давтагдаж байна уу?
 
Хөрш оронд урт хугацаанд үлдэх, Буриадын оршин суугчдын хүрээлэл Монголд үүсэх үү? Дэлхийн нэгдүгээр дайн, Иргэний дайн, нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, 100 жилийн өмнө буриадууд олноор Монгол, Хятад руу дүрвэж байсан шиг үйл явдал дахин давтагдах уу? 
 
Ийм түүх давтагдах нөхцөл хэдийнэ бүрдсэн, гэхдээ улс орны ерөнхий нөхцөл байдлаас ихээхэн хамаарна гэж алдартай нийтлэлч  Александр Махачкеев үзэж байгаа аж. 
 
"ХХ зууны эхээр Өвөр Монгол руу 10 мянга орчим буриад зугтсан. Нэгдүгээр дайны үед тэднийг дайчиллаа ч гагцхүү арын албанд илгээж байхад шүү дээ. Тухайн үед цагаачлалын хэд хэдэн хүчтэй давалгаа үүссэн. Гэхдээ энэ нь газар нутаг хүрэлцээгүй, амьдралын төвшин унасан, буриадуудын уламжлалт амьдралын хэв маяг гэнэт л огцом өөрчлөгдсөнтэй холбоотой байсан, харин одоо ийм байдал үүсээгүй" хэмээн Махачкеев өгүүлжээ.
 
Түүнчлэн, Монголд цагаачдын багахан хэсэг нь л үлдэнэ, учир нь хөрш орны эдийн засаг том биш, хүссэн хүн бүрийг хүлээн авах боломжгүй гэж Александр Махачкеев үзэж байгаа аж.
 
"Монгол руу явсан хүмүүсийн ихэнх нь энэ орныг Израиль, Өмнөд Солонгос, АНУ зэрэг дэлхийн бусад орныг зорих дамжин өнгөрөх цэг болгон ашигласан, ашигласаар ч байна" хэмээн тэрбээр өгүүлжээ.
 
Энд сануулахад, буриадууд Монголд визгүй байх хугацаа нь дууссан. Гэсэн ч залуус Оросоос явж, агаарын орон зай нь нээлттэй энэ улсыг бусад орон руу хүрэх гүүр болгон ашигласаар байна.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/544403
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.