Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн бол гэмт хэрэгт тооцож, ял оногдуулна

37

Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн бол гэмт хэрэгт тооцож ял оногдуулна. Тухайлбал, Иргэн Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба Цагдаагийн алба хаагчийн “тээврийн хэрэгслээ унтраа” гэсэн шаардлагыг эсэргүүцэн түүний хэвлийн тус газарт гараараа нэг удаа цохьсон.
Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол гэмт хэрэгт тооцно.
Хуульд зааснаар “хууль сахиулагч” гэж цагдаа…”-г ойлгох ба Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасан.
Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих, зодох гэх мэт бие махбодийн хүчирхийлэл үйлдэхийг ойлгоно.
Шүүхээс Б-гийн дээрх үйлдлийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэрүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.
Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулахаар заасан.
Б-гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Шүүхээс торгуулийн ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож өгсөн ба тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой. Шийдвэрийн дугаар 2022/ШЦТ/28 Энэ шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хураангуйг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.