Монгол-Хятадын худалдаа эдийн засаг, хилийн боомтын өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлага

313

Монгол-Хятадын худалдаа эдийн засаг, хилийн боомтын өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлага

 

МЭӨ III зууны эхээр Монгол нутагт анхны төр улс Хүннү үүсэх үед тэдгээр нүүдэлчний эрхлэх аж ахуйн гол нь мал аж ахуй байжээ.Үүнийхээ зэрэгцээ тэд газар тариалан, гар урлал, ан агнуурыг ямар нэг хэмжээгээр аж ахуйнхаа салбар болгон эрхэлж байв. Тэд цөм хөрш зэргэлдээ улс орон ялангуяа Хятадтай улс төр, худалдаа эдийн засгийн өргөн харилцаатай байлаа. Эртний Хятадын түүхэн эх сурвалж, судалгааны ном зохиолоос үзэхэд Хүннү нар Хятадтай худалдаа хийхийг маш их сонирхож, Хятадтай хаяа нийлсэн нутгаараа хилийн зах хүртэл байгуулж байжээ. Газар тариалан, мал аж ахуй, ан агнуур, гар урлал зэрэг дор дороо аж ахуй эрхэлдэг хүмүүс улсууд өөрийн хэрэгцээнээс илүү гарсан бүтээгдэхүүнийг өөрөө эрхэлдэггүй боловч бүтээгдэхүүн нь шаардлагатай байгаа бусад аж ахуйн бүтээгдэхүүнээр солих хэрэгцээ байнга гарсаар иржээ. Ийм хэрэгцээний үндсэн дээр хилийн худалдаа арилжаа үүссэн байна.
Олон зууны турш Монгол, Хятадын хооронд худалдаа арилжаа амжилттай тасралтгүй өрнөсөөр 21-р зуунтай тулжээ.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож улмаар хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн. 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа ээдрээтэй замыг туулсан ч тасралтгүй хөгжсөөр ирсэн юм. 1989 оноос хоёр талын бүх талын харилцаа идэвхжиж, ялангуяа шинэ зуун гарснаар хоёр улсын харилцаа урьд байгаагүйгээр хурдацтай хөгжин эдүгээ нэгэнт “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаанд хүрчээ. Өнөөдөр “Нэг бүс, нэг зам” болон “Хөгжлийн зам”-ыг уялдуулах болсноор хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж, хамтын ажиллагааны цар хүрээ нь улам бүр өсөн нэмэгдэж байна.
 
Хоёр талын улс төрийн харилцааны дэвшлийг даган Монгол- Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой хөгжсөөр цоо шинэ түүхэн цаг үед оржээ. 2014 оны 8 дугаар сард Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлахад талууд Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтсоныг зарлан 2020 он гэхэд худалдааны хэмжээгээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлжээ. 2015 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийхэд, талууд хамтын ажиллагааны 11 баримт бичиг байгуулж, “Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гарган БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам”, Монгол Улсын “Хөгжлийн зам”-ын хөгжлийн стратегийг бүх талаар уялдуулан хамтын ажиллагааны олон шинэ боломжийг нээсэн билээ.
 
 
Монгол-Хятадын эдийн засгийн харилцааны өнөөгийн түвшин  
 
Гадаад худалдаа. БНХАУ нь Монгол улсын гадаад худалдааны хамгийн том түнш билээ. 1990 онд хоёр талын хооронд хийгдсэн худалдааны хэмжээ дөнгөж 33,6 сая ам.доллар байсан бол 2021 оны 12 сарын байдлаар БНХАУ-тай 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж, гадаад худалдааны эргэлт 31 гаруй жилийн хугацаанд 240 дахин нэмэгджээ.
 
Хөрөнгө оруулалт. БНХАУ нь Монгол Улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд 1990-2020 оныг хүртэл 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Энэ хөрөнгө оруулалтыг Дэлхийн банк “250 мянган ам.долларын цалинтай 170000 хүний ажлын байр шинээр бий болгожээ” гэж судалгаандаа дүгнэсэн байдаг. Энэ жилийн байдлаар Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 5300 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Харин Монгол Улсаас БНХАУ-д үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүүгийн салбарт голлон хөрөнгө оруулалтыг хийж байна.
 
Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж. 1990-2018 оны хүртэлх хугацаанд БНХАУ-ын Засгийн газраас монголын талд нийт 4,2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Хятадын талаас 2003 онд 300 сая, 2005 онд 500 сая, 2014 онд 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийг хоёр тал харилцан тохиролцсон төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд зам, барилга, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, гаалийн тоног төхөөрөмж зэрэг нийгэм, эдийн засагт ач холбогдолтой салбаруудад амжилттай хэрэгжүүлж байна.
 
 
Монгол-Хятадын хилийн боомтын хамтын ажиллагаа
 
Монгол-Хятадын худалдаа эдийн засгийн харилцаанд хилийн боомтын үүрэг оролцоо туйлын чухал билээ.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр” (Монгол Улсын ГХЯ 2020.9.15-ны өдрийн А/20-1008, Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ мөн өдрийн 218/2020 тоот ноот бичиг солилцож, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ийн дагуу Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт ажиллаж, 4 боомт шинээр нээхээр тусгасан.
Коронавирус (КОВИД-19)-т халдварын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол, Хятадын хилд хилийн 4 боомт (авто замын Замын-Үүд, Булган, Гашуунсухайт, Ханги, төмөр замын Замын-Үүд) ажиллаж байна.
 
1956 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт бол Монгол- Хятадын хамгийн анхны боомт билээ. Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажилладаг. Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.
 
1989 оноос хоёр улсын эдийн засгийн харилцаа идэвхжиж эхлэхэд худалдаа, эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа зөв голдрилд орж, хоёр улсын хоорондох худалдаа шинэ шатанд гарч, улмаар өссөөр өнөөг хүрчээ. Шинэ зууны эхээр Монголын эдийн засаг сэргэхэд гадаад худалдаанд нь Хятадын эзлэх хувь огцом өсчээ. 2010 оноос Монгол Улс уул уурхайн салбараа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэг шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг нь сэргэж, “Нэг бүс, нэг зам”, “Хөгжлийн зам”-ыг талууд идэвхийлэн дэвшүүлж, уялдуулснаар Монгол-Хятадын худалдааны хэмжээ шинэ түвшинд хүрсэн юм. 2021 онд Монгол Улс Монгол Улс өнгөрсөн онд 159 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 9.2 тэрбум, импорт 6.8 тэрбум ам.доллар байв. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 3.2 (25 %) тэрбум, экспорт 1.7 (22.1 %) тэрбум, импорт 1.5 (29.2 %) тэрбум америк доллароор нэмэгдсэн бол БНХАУ-тай өнгөрсөн онд 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байгаа аж. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 32.3 хувийг чулуун нүүрс, 38 хувийг зэсийн баяжмал эзэлж байна.
Далайд гарцгүй, өргөн уудам газар нутагтай Монгол Улсын хувьд хөрш орнуудтай хилийн боомтыг өргөжүүлэх замаар худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах нь хилийн аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааг өргөжүүлэх нэг гол шийдэл байж болох юм. Монгол Улс БНХАУ-тай хил дамнасан чөлөөт бүсийг байгуулах асуудалд сүүлийн жилүүдэд онцгойлон анхаарч, энэ чиглэлийн яриа хэлэлцээг төр засгийн түвшинд хийгдсэний үр дүнд хүрээд байгаа билээ.
 
Хилийн боомтын дагуу эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал нь улс орнуудын Засгийн газрын түвшинд хийгдсэн яриа хэлэлцээнээс шууд шалтгаалдаг. Хоёр орны төр засгийн албан ёсны айлчлал, уулзалтын үеэр хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудалд ихээхэн ач холбогдол өгч, холбогдох бичиг баримтуудад тусгалаа олсон нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал хэсэг болоод байна.
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал “Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулсан билээ. Энэхүү хөтөлбөрт “Талууд хоёр улсын хамтын ажиллагааны тодорхой суурь нөхцөл бүрдсэн хил орчмын бүс нутагт хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах боломжийг идэвхтэй эрэлхийлнэ” гэж тусгасан нь хоёр орны бизнес эрхлэгчид болон судлаачдын анхаарлыг татаж эхэлсэн.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны 8 дугаар сарын 21-22- ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр орны төрийн тэргүүн “Иж бүрэн стратегийн түншлэлийн хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Энэхүү тунхаглалын хоёр дахь хэсэгт “Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц боломжийг ашиглан, худалдааг хөнгөвчлөх бодлогыг дэмжих, Зүүн Хойд Азийн үзэсгэлэн яармаг, Монгол, Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, Монгол, Хятадын үзэсгэлэн яармаг зохион байгуулах зэрэг замаар хоёр улсын худалдааны хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх, 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхийг зорино. Талууд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний хоёр талын худалдаан дахь хувийг нэмэгдүүлэхийг хөхиүлэн дэмжинэ” гэж тусгасан.
Улмаар 2018 оны 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээг түргэтгэх тухай санамж бичиг байгуулсны дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах бэлтгэл үйл явц эрчимжиж 2019 оны 6-р capын 4-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлэлцээрт гарын үсэг зурж байгуулжээ.
 
Замын –Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн эрхзүйн орчин тэр тусмаа хөрөнгө оруулагчдыг татах давуу талууд нэн чухал юм.
 
Бизнес эрхлэгчид энэхүү бүсэд үйлчлэх татварын тусгай дэглэмийг ихээхэн сонирхож байгаа бөгөөд Чөлөөт бүсийн тухай хуулиар дараах хөнгөлөлтүүд үйлчилнэ. Үүнд:
 
➢ Хилийн чанадаас чөлөөт бүсэд импортолсон бараанд импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй;
 
➢ Барааг чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад татвар ногдуулахгүй;
 
➢ Онцгой албан татвар ногдох бараа болон эм эмнэлгийн хэрэгслээс бусад зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө.
 
➢ Чөлөөт бүсэд инноваци, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг тодорхой хугацаанд орлогын албан татвараас чөлөөлнө.
 
➢ Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөөс тодорхой хугацаанд чөлөөлөгдөнө.
 
➢ Чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүд оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдэлнэ.
 
➢ Үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө.
 
➢ Чөлөөт бүсэд бүртгэлтэй иргэн, хуулийн этгээдийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй.
 
Монгол Улсын “Хөрөнгө оруулалтын тухай” хуулинд эдийн засгийн тусгай бүсэд хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх тохиолдолд эхний 5 жил татвараас чөлөөлөхөөр тусгагдсан. Татварын энэхүү таатай нөхцөл хөрөнгө оруулагчдыг татах нэг гол хөшүүрэг болох юм.
Энэхүү хамтын ажиллагааны бүсийг байгуулахдаа бусад орнуудын туршлагыг судлах зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, БНХАУ, Казахстаны хилийн бүсэд байгуулагдсан Хоргосын чөлөөт бүс нь бидний судлах ёстой хамгийн ойрын жишээ. Энэ бүс нь БНХАУ-ын Төв Ази, Өмнөд Ази, цаашлаад Европ руу гарах гол гарцуудын нэг гэж тооцогддог, олон улсын зэрэглэлийн эдийн засгийн нээлттэй бүс бөгөөд боловсруулах үйлдвэрийг голлон хөгжүүлэхээр төлөвлөжээ.
 
 
 Монгол, Хятадын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах тухайд
 
Нэг: Хөрөнгө оруулалтын орчин, нөхцөлийг идэвхтэй сайжруулах, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтцийн байгууламжийг түргэтгэх хэрэгтэй. Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй. Харилцан ашигтай механизм байгуулах, хууль эрх зүй, бодлогын чиглэлээр харилцан хүлээн зөвшөөрөх, хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаанаас гадна байгаль орчны хөгжлийн тогтолцоог дэмждэг, найдвартай, хамтын ажиллагааны чанарыг хангах нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эрүүл хөгжлийн зам болно.
 
Хоёр: Дэд бүтэц нь хамтын ажиллагааны суурь болох тул хоёр талын дэд бүтцийн байгууламжийг бэхжүүлэх ажлыг түргэтгэх хэрэгтэй. Цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, тээвэр зэргээс гадна хөрөнгө оруулалтын идэвхийг нэмэгдүүлэх, улмаар сайжруулах шаардлагатай. Монгол, Хятадын боомтуудын ихэнх нь алслагдсан бүс нутагт байдаг тул орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боомтын төгс бус байдлыг арилгах, тээвэрлэлт, хадгалалтыг сайжруулах шаардлагатай байна.
 
Гурав: Боомтын нэвтрүүлэх чадвар болон гаалийн бүрдүүлэлтийн үр ашиг хангалтгүй байгаа нь Монгол, Хятадын боомтууд дахь менежментийн нийтлэг асуудал юм. Хоёр талын боомтууд алслагдсан бүсэд хамаарах бөгөөд боомтын дэд бүтэц хоцрогдох, үйлчилгээний чадамж доройтох, гаалийн ажилчдын мэргэжлийн ур чадвар дутмаг байх зэрэг нь Монголын экспорт импортын худалдааны хөгжилд сөргөөр нөлөөлөх таагүй хүчин зүйл болдог. Монгол, Хятад хоёр улсын алинд ч боомтын менежмент дутмаг байгаа нь экспорт импортын барааны огноонд нөлөөлөх, ялангуяа боомтод зарцуулсан хугацаанаас болж тухайн барааны борлуулалтад нөлөө үзүүлдэг байдлын өөрчлөх шаардлагатай байна.
 
Дөрөв: Цар тахлын эсрэг хамтран тэмцэхийн зэрэгцээ онцгой нөхцөл байдалд ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг аль болох хэвийн өрнүүлэхэд анхаарч өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээг боломжит хэлбэрээр зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хурдасгаж хоёр улсын хилийн боомтуудад хэрэгжүүлж байсан “Ногоон гарц”-ын түр журмыг дахин эхлүүлж зорчигч урсгалын нэмэгдүүлснээр хоёр улсад ажил, үйлдвэрлэлтийг сэргээх, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно. Хамтын ажиллагааны эдгээр чиглэлийг үргэлжлүүлж, халдварын тархалтаас сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй байна.
 
Хятад судлаач Х.Баатархүү
 
Ашигласан эх сурвалж:
 
1. https://www.nso.mn/
 
2. https://zfz.gov.mn/
 
3. http://bpo.gov.mn/content/56
 
4. https://mfa.gov.mn/diplomatic/56803
 
5. http://treaty.mfa.gov.cn/tykfiles/20180718/1531876867720.pdf
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.