С.Болдсайхан: Сенсац хөөдөг сэтгүүл зүй хөгжсөөр байвал урт хугацаандаа сэтгүүл зүйд итгэх олон нийтийн дэмжлэг байхгүй болно

436


Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 22 байр ухарч, 90 дүгээрт эрэмбэлэгдсэн болохыг Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF)-аас мэдээлээд байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” хэлэлцүүлэг болсон юм. .
Цахим эринд мөрдөн тагнах программ боловсронгуй болж, үүнийг сэтгүүлчид, хүнийг эрхийг хамгаалагчдын эсрэг ашиглах нь нэмэгдэж байгаань чөлөөт хараат бус сэтгүүл зүйд аюул учруулж, мөрдөн тагнах ажиллагаа нь сэтгүүлч, шүгэл үлээгч нарын мэдээллийг илчилж, эх сурвалжаа хамгаалах зарчимтай зөрчилдөж байгааг 2022 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний үзэл баримтлалын бичигт онцолжээ.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр хэвлэл мэдээллийн эрх чөлөө дэлхий даяар тулгарч буй нийтлэг сорилт бэрхшээл, гарц гаргалгааны талаар ЮНЕСКО-гоос хийсэн “Үзэл бодлоо, илэрхийлэх эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн хөгжлийн Дэлхийн чиг хандлага, дэлхийн тайлан 2021/2022” тайлангийн талаар болон сэтгүүл зүйн чиг хандлагын талаар танилцуулсан юм.
ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан
болдсайхан С.Болдсайхан: Сенсац хөөдөг сэтгүүл зүй хөгжсөөр байвал урт хугацаандаа сэтгүүл зүйд итгэх олон нийтийн дэмжлэг байхгүй болно
“Дижитал эрин нь уламжлалт сэтгүүл зүйг хувирган өөрчилж байна. Нэг талдаа асар их боломжийг нөгөө талдаа сорилтуудыг авч ирж байгаа юм. Сорилт бэрхшээлээс дурдвал цахим орчинд зар сурталчилгааны нийт орлогын талаас илүү хувийг хоёрхон компани авч байх жишээтэй. Энэ нь уламжлалт санхүүжилтийн хэлбэрээр ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагууд болох өдөр тутмын сонин, телевизийн орлогын эх үүсвэр тогтвортой биш болж байгааг илтгэнэ. Zenith агентлагийн мэдээлснээр сүүлийн таван жилд дэлхийн сонины зар сурталчилгааны орлого хоёр дахин буурсан.

Цаашдаа цахим орчинд амжилттай сайн шилжиж чадахгүй бол уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оршин тогтнох уу, үгүй юу гэдэг асуудалд хүрсэн. Дэлхий дахинд олон хэвлэл мэдээллийн байгууллагууд үүдээ хааж байгаа. Мөн цахим орчныг дагаад цахим хүчирхийлэл, дайралтууд, үзэн ядалтын үг хэллэгийг ашиглаж сэтгүүлчид руу дайрдаг, тагнаж чагнаж, дарамталдаг шинэ бэрхшээл гарч ирж байна.
Аль ч цаг үед хараат бус, чөлөөт, олон ургалч сэтгүүл зүй нийтийн баялаг байдаг. Дээрээс нь мэргэжлийн сэтгүүл зүй хэрэгтэй. Үнэн зөв, бодит, судалгаа дүн шинжилгээнд суурилсан мэдээллийг цаг алдалгүй иргэдэд хүргэдэг сэтгүүл зүй байж хэмээн ардчилал оршин тогтноно. Цахим орчинд мэргэжлийн сэтгүүл зүй өөрөө сорилттой тулгарч явна. Сошиал хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр цахим орчинд гарах контентын тоо асар хурдтай нэмэгдэж байгааг анзаарч байгаа байх. Хэрэглэгч бүр контент бүтээгч болчихсон цахим орчинд сэтгүүлчид мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлээ хүн бүртэй өрсөлдөж гаргахаас өөр аргагүй.
Манай улсад мэргэжлийн сэтгүүл зүйн хөгжил удааширч, яаж хүний анхаарлыг татах вэ гэдэг сэтгүүл зүйн хэлбэр оронд нь давамгайлж байна. Тухайн асуудлыг ул суурьтай судалж, дүн шинжилгээ хийж, баримтаа нягталж олон нийтэд мэдээлэхийн оронд хамгийн түрүүнд газар дээр нь очиж яриа аваад шууд мэдээлэх гэдэг болсон байх жишээтэй. Үүнээс болж аливаа асуудлыг нийгмээрээ өнгөцхөн хараад, нэг сенсацаас нөгөө сенсац руу савладаг нийгэм болжээ.

Нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Хэвлэлийн эрх чөлөө ямар байх вэ гэдэгт хамгийн гол үүрэгтэй тоглогчид нь сэтгүүлчид өөрсдөө юм. Мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэхийн орон сенсац хөөдөг сэтгүүл зүй хөгжсөөр байвал урт хугацаандаа сэтгүүл зүйд итгэх олон нийтийн дэмжлэг байхгүй болно. Иймд сэтгүүлчдэд хандан мэргэжлийн этика буюу ёс зүйгээ дагаж мөрдөхийг уриалж байна” хэмээв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.