В.Путин, Э.Макрон нар Украины талаар зургаан цаг орчим хэлэлцжээ

470

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон нарын хэлэлцээ Кремльд зургаа орчим цагийн турш үргэлжилжээ. Тэд Украины эргэн тойронд үүсээд буй хямралыг хэлэлцсэн байна. 


Францын Ерөнхийлөгч хэлэлцээний дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, В.Путинтэй зарим тусгаарлах цэгүүд болон хурцадмал байдлыг намжаах арга замын талаар хэлэлцсэн бөгөөд тэрбээр эдгээр асуудлыг Киев, Вашингтон болон ЕХ, НАТО-гийн холбоотнуудтайгаа цаашид хэлэлцэх болно гэжээ. Э.Макрон чухам ямар цэгүүд, ямар арга замууд болохыг тодорхой хэлээгүй бөгөөд зөвхөн эдгээр асуудлын хувь заяа ойрын ирээдүйд шийдэгдэх болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


"Ойрын хэдэн өдөр шийдвэрлэх өдрүүд байх бөгөөд бид хамтдаа эрчимтэй хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай” гэж Э.Макрон В.Путинтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ. ОХУ-ын удирдагч мөн чухам ямар асуудал ярьж байгааг хэлээгүй ч Э.Макроны зарим саналыг ирээдүйтэй гэж үзжээ. "Түүний хэд хэдэн санаа, саналууд нь ярихад эрт байгаа хэдий ч тэдгээрийг бидний цаашдын хамтын алхмуудын үндэс болгох бүрэн боломжтой гэж би бодож байна" гэж В.Путин мэдэгдсэн байна.


Францын Ерөнхийлөгч мөн хамгийн чухал асуудлаар, тухайлбал НАТО-гийн нээлттэй хаалганы зарчмын талаар В.Путинтэй санал зөрөлдөөн байсаар байгааг мэдэгджээ. Украин (ба Гүрж)-ийг хүлээж авахгүй байхыг Орос улс НАТО-гоос шаардаж байгаа боловч НАТО болон Зүүн Европын орнууд энэ шаардлагыг эрс эсэргүүцэж, нэгдэн орох эсвэл үл нэгдэх асуудлыг тусгаар тогтносон улс болон эвсэл өөрөө шийдэх ёстой гэж мэдэгдэж байгаа юм.


В.Путин мөн хэвлэлийн бага хурал дээр эдгээр санал зөрөлдөөний талаар ярьсан байна. НАТО болон АНУ бичгээр өгсөн хариундаа гол шаардлагыг нь үл тоомсорлосон гэдгийг тэрбээр дахин хэлжээ. "НАТО-г өргөжүүлэхгүй байх, манай хил дээр цохилтын систем байрлуулахгүй байх, НАТО-гийн дэд бүтцийг 1997 оны хил рүү буцаах зэрэг бүх гол асуудлаар ямар ч байр суурь, тэр байтугай тийм эсвэл үгүй гэсэн хариулт ч алга. Бид тэндээс бидний асуултуудын хариулт биш улс төрийн улиг домог болсон зүйлийг л харж байна" гэж В.Путин хэлжээ.


ОХУ, Францын Ерөнхийлөгч нар сүүлийн хоёр жилд анх удаа биечлэн уулзсан нь энэ юм. В.Путин, Э.Макрон нар хамгийн сүүлд 2019 оны зун уулзсан бөгөөд тухайн үед Францын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгчийг зуны өргөөндөө хүлээн авсан юм. Харин энэ удаад Э.Макрон Украины хямралыг хэлэлцэхээр Москвад хүрэлцэн очжээ. Тэрбээр Москвагаас Киевийг зорих бөгөөд хоёрдугаар сарын 8-нд тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөсөн байна. 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.