Тээврийн компаниуд 10 жилд олох орлогоо зургаан сарын дотор олжээ

305


Жижиглэнгийн худалдаачид нийлүүлэлтийн сүлжээний хямралтай тулгарсан тул өргөн хэрэглээний барааны үнэ дэлхий даяар сүүлийн 31 жилийн дээд түвшинд хүрч өсөөд байна. Далайн судалгааны бие даасан тээврийн талаар судалгаа явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг  “Drewry”-гийн тооцоолсноор  2021 болон 2022 онд зөвхөн далайн тээврийн салбарын ашиг татвараа хасаад  300 тэрбум ам.долларт хүрч магадгүй байгаа аж.
2021 онд тус салбар 150 тэрбум долларын ашиг олох төлөвтэй байгаа гэнэ. Зөвхөн далайн тээвэр жилдээ 150 тэрбум ам.долларын ашиг олно гэдэг бол түүхэнд бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт аж.
“The Journal of Commerce” сэтгүүлд бичсэнээр 2020 онд тус салбар 25.4 тэрбум ам.долларын орлого олжээ. “Drewry”-гийн үзэж буйгаар далайн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд ирэх жил ч гэсэн тооцоолсноосоо их ашиг олж магадгүй гэнэ. "Container Insight Weekly" сэтгүүлд энэ салбарын талаарх судалгаандаа "III улиралд спот ханшийн өсөлт хүлээгдэж байснаас илүү хүчтэй болж, Маерск зэрэг чингэлэг тээвэрлэгч компаниуд боомтуудын эрэлт их байгааг ашиглаж, ачааны үнийг шинэ дээд цэгт хүргээд байна” гэжээ.
Түүнчлэн “Drewry”  IV улирлын ачаа тээврийн үнэ III улирлын  дэлхийн дундаж ханшаас 126 хувиар өснө гэж таамаглажээ. Нийлүүлэлтийн сүлжээ тасалдсаны улмаас боомтууд болон терминалуудад саатал гарч боомтууд  бараа бүтээгдэхүүн ачсан чингэлэгийн зогсоол болж хувираад байгаа юм. Харин тээврийн компаниуд чингэлэгтээ хадгалж буй бараа, бүтээгдэхүүн бүрээсээ өдөр бүр төлбөр авсаар байгаа билээ. Үүний зэрэгцээ чингэлэгт тээврийн эрэлт нэмэгдэж байгаа нь тээвэрлэлтийн зардал өсөхөд нөлөөлсөн.
Дэлхийн хамгийн том чингэлэг тээвэрлэлтийн шугам болох “AP Moller-Maersk” 2021 онд 17 тэрбум ам.долларын ашиг олох төлөвтэй байгаа нь оны эхэнд 4.5 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэж тооцоолж байснаас 278 хувиар өссөн үзүүлэлт аж. Тус компани тооцоолоогүй их хэмжээний ашиг олсонтой холбоотойгоор  өнгөрсөн  долоо хоногт 80 мянган  ажилтандаа 1000 ам.долларын урамшуулал олгохоо зарласан байна. “AP Moller-Maersk”-ийн гүйцэтгэх захирал Сорен Скоу "Блүүмберг"-т өгсөн ярилцлагадаа "Дэлхийн өнцөг булан бүр дэх үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахын тулд хичээж ажилласаар байна” гэжээ. Германы “Hapag-Lloyd AG” тээврийн компани   зургаан сарын хугацаанд сүүлийн 10 жилийн нийлбэр дүнгээсээ илүү орлого олсон байна.
Дэлхий даяар цар тахал дэгдэж улс орнууд хилээ хааснаар ачаа тээвэр тасалдаж, боомтуудад ачаалал нэмэгдсэн. Цар тахалтай дасан зохицож, хэвийн амьдралын горимыг үргэлжлүүлэхээр Засгийн газрууд хичээн ажиллаж байгаа ч хоёр жил үргэлжилсэн энэ асуудал хэвийн байдалдаа орсонгүй.  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын томоохон боомтуудтай хамтран ажиллаж, удаашралыг засахаар ажиллаж байгаа бөгөөд тус улсын  армийн инженерүүдийн корпус ирэх хоёр сарын дотор хуучирсан эргийн боомтуудад дөрвөн тэрбум ам.долларын өртөг бүхий барилгын ажлыг эхлүүлнэ гэж өнгөрсөн  сард мэдээлсэн.
БНХАУ  чингэлэгийн 96 , рефийн 100 хувийг үйлдвэрлэдэг. АНУ-ын далайн комиссариатын төлөөлөгч Карл Бентцелийн хэлснээр “Хятадын төлөвлөгөөнд 2020 онд чингэлэгийн үйлдвэрлэлийг дээд хэмжээнд хүргэхээр зорьсон учир контейнерын хомсдол буурах төлөвтэй байна. 2017-2020 онд буурсан байсан чингэлэгийн үнэ цар тахлын улмаас эргээд өссөн. Чингэлэгийн үнэ 2019 онд 1650-1750 ам.доллар байсан бол 3500 ам.доллар болоод байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.