Машин ачилтынхан автомашинуудыг ачсаныхаа дараа зарлаж байв

285


-Энэ нь зөрчил гаргасан машины дугаарыг ачихаасаа өмнө зарлана гэсэн журмыг зөрчиж байгаа хэрэг юм-
Хүйтний эрч чангарч, цас унасан өдрүүдэд нийслэлийн оршин суугчдын уур бухимдал замын түгжрэлээс болж улам нэмэгджээ. Зөрөн өнгөрөх хүмүүс ширүүн харц шидэлж, замын хөдөлгөөнд оролцох хүмүүс хараалын үгсийг урсгана. Энэ л үзэгдэл өдөр бүр давтагдсаар. Харин өчигдөр Ард кино театрын автобусны буудлын хойд талын уулзвар дээр ширүүхэн маргаан өрнөж байлаа. Учрыг тодруулбал ачилтын компанийн ажилчид эзэн нь гарч ирээд машиндаа суучихсан байхад хүчээр ачиж явахыг оролджээ.  Үүнд жолооч болон хажуугаар нь өнгөрч явсан иргэд бухимдаж байх нь харагдана. Харин нөгөө талд “Та зөрчил гаргасан. Бид ажлаа л хийж байна” хэмээх ачилтын компанийн ажилчид ширүүхэн үг шидэлж байлаа.
Ачилтын нэг компани өдөрт 100-150 машин журамладаг байна

Нийслэл хотын автозамын ачааллыг бууруулахын тулд нэгдүгээр эгнээнд машин тавихыг хориглосон. Үүнийг зөрчсөн тохиолдолд автомашиныг ачиж, журамлах ажил олон  жилийн хугацаанд үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар хувийн 14 ачилтын компани зориулалтын чирэгч машин ашиглан, тээрвийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх ажил хийж буй юм. Тэд өөрсдийн гэсэн журмын хашаатай бөгөөд  нэг компани дунджаар 20-иод зориулалтын ачилтын машинтай байдаг аж. Үүнээс нэг машин нь л гэхэд өдөрт дунджаар зөрчил үүсгэсэн 5-8 машин ачдаг гэнэ. 

Тэгвэл хамгийн багаар бодоход өдөрт 100-150 машин журамлаж, 4,5 сая төгрөгийн хураамж  авдаг гэсэн үг. Үүнийг “Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулах журам”-аар зохицуулж байсан. Иргэд үүнийг эсэргүүцэж “Автомашин байрлуулахыг хориглоно гэсэн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй газарт байрлуулсан хэдий ч ачилтын компаниуд эзэнд нь мэдэгддэггүй, эзэн нь гараад ирсэн ч ачаад зугтдаг. Цагдаагийн зөвшөөрөл үзүүлдэггүй” зэрэг гомдлыг ирүүлсээр байжээ.
 

Иймээс дээрх журамд 2019 оны зургаадугаар сарын 7-ны өдөр өөрчлөлт оруулсан байдаг. Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар зөрчил гаргасан машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдсэн байдаг. Хэрвээ жолооч нь гарч ирээгүй тохиолдолд машиныг нь журамлах юм. Хэдийгээр тус журам батлагдаад хэдэн жилийг ардаа орхисон ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг жолоочид хэлж байлаа.

Э.Энх-Оюун: Зогсоолын асуудлаа шийдчихээд ачиж, журамлах хэрэгтэй
Ихэнх тохиолдолд нэг ачигч машинд хоёр хүн явах бөгөөд нэг нь жолооч, нөгөө нь машин ачиж, бэхэлгээ хийх үүрэг гүйцэтгэдэг бололтой. “Явган хүний зам дээр машинаа тавьсан байна”, “Машинаа холдуулаарай”, “Эгнээ чөлөөл” гэх мэтээр үүссэн зөрчлийг цагаан хоолойгоор зарлаж, оноогдсон бүсээ өдөрт хэдэн арван удаа эргэж, тойрох нь машин ачдаг ажилчдын өнгө төрх юм.

Машин ачилтын компанийн ажилтан “Та нарын харж байгаачлан машины жолооч нь байгаа хэдий ч  уулзвар гарцыг чөлөөлж зогсохгүй байна. Үүнээс болж жижиг, дунд уулзваруудад ачаалал үүсдэг. Зөрчил үүсгэж буй жолоочдын тоо буурахгүй байгаа.Иргэд голчлон уулзвар, гарц, нэгдүгээр эгнээг хааж зогсох, урсгал сөрж машинаа байршуулах болон зогсоолд давхардуулж байрлуулах зэрэг алдааг гаргаж байна. Зөрчил үүсгэж, замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст хүндрэл учруулж байгаагаа иргэд өөрсдөө ч ойлгодоггүй. Замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах ёстой дүрэм журмыг мэдэхгүй байна. Бид зөрчил үүсгээгүй машиныг улайран ачиж явдаггүй. Зөрчил гаргасан гэдгийг тодорхойлсон цагдаагийн зөвшөөрөлтэйгөөр ачдаг. Харин телевиз, хэвлэл мэдээлэл, түргэн тусламж, онцгой байдал гэх мэт тусгай албаны машин болон буяны ажилд ашиглаж байгаа авто машиныг ачдаггүй ” хэмээн өөрийнхөө байр суурийг илэрхийлж байлаа.
Гэсэн хэдий ч дээр дурдсан гурван удаа машины дугаарыг зарлана гэх шийдвэрийг хангалттай түвшинд хэрэгжүүлэхгүй байгаа нь харагдаж байсан юм. Учир нь машины дугаарыг ойлгомжгүй дуудах эсвэл огт зарлахгүй байх тохиолдол анзаарагдаж байлаа. Мөн зөрчил гаргасан машин байгаа эсэхийг шалгаж явах хооронд өөр байгууллагын ачигч ирээд “Ачиж дууссаны дараа 3942 гээд зарлаад өгөөрэй” гэх нь ашиг, орлогоо нэмэгдүүлэхийн тулд батлагдсан журмыг зөрчиж, сэмхэн ачдаг гэх иргэдийн хардалтыг батлав.



Энэ талаар иргэн Э.Энх-Оюун “Миний хувьд хотын автозамын ачааллыг бууруулахын тулд нэгдүгээр эгнээнд машин тавихыг хориглосон журмыг дэмждэг. Зөрчил гаргасан бол торгуулах нь зүйтэй хэрэг. Гэхдээ авч буй арга хэмжээ цаг хугацаа, нөхцөл байдалтайгаа тохирохгүй байна. Манай улсад машины зогсоолын асуудал маш хүнд байдалтай байгаа. Сүүлдээ машин бариад явна гэхээс зүрх үхэж байна. Арай гэж сул газар олоод машинаа байрлуулахаар ачаад явчихдаг. Журмын хашаанд очоод машинаа авах үед 60-80 мянган төгрөгийн хураамж авдаг. Эхлээд зогсоолын асуудлаа хүрэлцэхүйц хэмжээнд шийдчихээд, ачилт, торгуулийн арга хэмжээг авдаг болмоор байна” гэсэн юм.

Журамлуулсан машинаа авахад хураамжын 60 мянган төгрөг дээр зөрчлийн торгууль нэмэгддэг
Мэдээж энэ асуудалд зөвхөн машин ачилтын ажилчдыг буруутгах нь өрөөсгөл ойлголт билээ. Учир нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өдөр тутамдаа зөрчил гаргаж, бусад жолооч нарт хүндрэл учруулж, замын хөдөлгөөнд ачаалал үүсгэдэг. Үүнийг бууруулахын тулд машин ачилтын компани цагдаагийн зөвшөөрлийн дагуу зөрчил гаргасан машиныг журамладаг байна. Чингэлтэй дүүрэгт зөрчил үүсгэсэн тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн 32-ын тойргийн баруун урд талд байрлах түр саатуулах хашаа руу зөөдөг байна. Угаас журамдаа машины байршлаас 10 км дотор журамлана гэх заалттай аж. Биднийг очих үед гурван машин ачигдаж ирсэн байв. Зөрчил гаргаж, машинаа журамлуулсан нэгэн жолооч “Машин хурдан өг. Та нараас болж ажаа алдаж байна. Хүний цаг нар, мөнгийг шулж амьдрах юм” гэх мэтээр бухимдлын үгсийг чулуудсаар байлаа.

Энэ бол журмын хашаанд өрнөдөг өдөр тутмын энгийн л үзэгдэл гэнэ. “Эхэндээ бол сэтгэлээр унадаг л байлаа. Одоо бол тоодоггүй. Сүүлийн үед хүмүүс бичлэг хийж цахим орчинд цацаж, нэр хүндэд халдах болсон. Бид дүрэм журам, үүрэг хариуцлагынхаа хүрээнд л ажиллаж байна” гэх тайлбарыг журмын хашааны ажилтан өгсөн юм. Харин "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны тэргүүн Б.Наранбаатар “Иргэд замын хөдөлгөөний дүрмийг сайн уншиж ойлгоогүй байдаг. Ойлгосон ч тухайн үедээ мартчихсан байдаг. Хороолол дундах зам буюу орон сууцнуудын дундаас машин ачлаа гэж их шүүмжилдэг. Гэтэл тэр нь улсын батлагдсан зам байдаг. Аль нэг байгууллага болон хувь иргэний өмч биш. Бид нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаас нэг хүний эрх ашгийн төлөө ажиллахгүй. Хорооллын дундах зам бол улсын батлагдсан зам.

Бид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл саатлыг арилгахын тулд ажиллах л ёстой. Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө цагдаагийн алба хаагч бичгээр зөвшөөрөл олгодог байсан. Цахим системд шилжсэнээр гудамжинд явж буй цагдаа нар машин ачих зөвшөөрөл өгөхөө больсон. Ачилтын компанийн илгээсэн автомашины зөрчлийг цагдаагийн алба хаагч хараад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтооно. Зөрчсөн бол зөвшөөрлийг нь цахимаар өгдөг болсон. Зөвшөөрөл өгөх үед ямар компанийн аль ачигч машинаас хүсэлт ирж байгаа нь харагдахгүй. Зөвхөн тухайн ачуулах гэж байгаа машины мэдээлэл ирнэ. Харин зөвшөөрөл өгөх юм уу татгалзсаны дараа аль компанийн ямар машин гэдгийг харах боломжтой” гэв.

Иргэд журмын хашаанаас машинаа авахдаа зөөж шилжүүлсэн хураамжид 60 мянган төгрөг төлөх зохицуулалттай ажээ. Энэ бол суудлын автомашины төлбөр гэнэ. Харин том оврын автомашинд 90 мянгөн төгрөг, мотоциклд 30 мянган төгрөгийн хураамж ногдуулжээ. Энэ зөвхөн хураамжийн төлбөр бөгөөд үүн дээр зөрчлийн мөнгө нэмэгддэг гэнэ. Харин машинаа ачуулсан жолооч 75551000 утас руу холбогдоод, эсвэл “Auto-Ub.com” гэх сайт руу нэвтрээд ачигдсан машины дугаарыг оруулаад хайх үед машины мэдээлэл гарч ирээгүй бол хураамж төлөх шаардлагагүй байдаг аж.

Энэ нь цагдаагийн зөвшөөрөлгүй хууль бусаар ачигдсан машин байдаг талаар Б.Наранбаатар хэлж байлаа. Зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдсон, цагдаагийн тусгай зөвшөөрөлтэй машин цахим системд бүртгэгдсэн байдаг ажээ. Иргэд үүнийг мэдээгүйгээс болж эдийн засгаараа хохирох тохиолдол гардаг байна.

Д.МЯГМАРЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.