Түүхэнд бичигдэх өндөр зарцуулалтын түүхэн үүрэг юу вэ?

325

Дов жалга төлөөлөн УИХ-д сууж буй гишүүд өөр өөрсдийн тойрог дахь хөрөнгө оруулалтыг түүхэнд байгаагүй өндөр тавиулсан гэдгээ зарлах болов. Үнэхээр УИХ өнгөрсөн баасан гарагт ирэх 2022 оны төсвийг түүхэнд байгаагүй өндөр зарлагатай буюу нийт 18.2 их наяд төгрөг байхаар баталсан. Засгийн газраас УИХ-д төсвийн төслийг өргөн барьсан цагаас эхлэн түүхэн өндөр гэх тодотгол зүүх болсон хамгийн том шалтгаан энэ. Ирэх оны төсвийн орлогыг мөн л түүхэн дээд хэмжээнд хүргэж, 15.8 их наяд төгрөг болгосон. Үүний зөрүүнд 2.4 их наядын алдагдал хүлээхээр батлав. Ийм зардал гаргасны үндсэн дээр ирэх онд Монгол Улсын эдийн засаг гурван дахин тэлэх нөхцөл бүрдэж, цар тахлын өмнө нь ч байгаагүй үр дүнд хүрнэ гэж Сангийн сайд олон удаа хэлснийг энд онцлох хэрэгтэй.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хийдэг дөрвөн удаагийн үндсэн хэлэлцүүлэг ерөнхийдөө ёс төдий болж өнгөрсөн гэхэд болно. Аль нэг аймаг, дүүрэг төлөөлсөн гишүүдэд улс орны хөгжил гэхээсээ илүүтэй сонгогдсон тойрогтоо тууз хайчлахыг эрмэлзсэн. Улмаар усан бассейн, урлагийн ордон, спорт заалны мөнгө буцаалдсан хэрүүл өрнүүлсэн юм. Дээр нь Засгийн газраас энэ удаагийн төсвийн төсөлд УИХ-ын гишүүний мөнгийг түүхэнд байгаагүй өндрөөр тавьсан зэрэг улс төрийн шинжтэй хүчин зүйлс ийм өндөр дүнтэй төсөв батлах үндсэн нөхцөл боллоо.  Сайн, саар хоёр нийлж сав дүүргэдэг гэгчээр ирэх оны төсөвт шаардлагагүй санхүүжилт их байгаа шигээ авах зүйл ч бас мундахгүй.
Хөгжлийн төслүүдийг гадаадууд, хүслийн төслүүдийг монголчууд өөрсдөө санхүүжүүлнэ
Монголд одоогоор том төслөө хөдөлгөх мөнгө байхгүй. Харин энэ ирэх оны төсөв цар тахлын дараах сэргэлтэд хөтөлж, 100 жил тохиогоогүй хямралыг гэтлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэх ёстой байдаг. Гэтэл Монгол Улс ирэх онд томоохон төсөл хөтөлбөрүүдээ бараг бүгдийг нь гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлнэ. Төсөвт суулгаснаар Монгол Улс ирэх 2022 онд  1.6 их наяд төгрөгийн гадаадын зээл, тусламж авч ашиглана.
БНХАУ-ын зээл, тусламжаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, 1008 айлын орон сууцны хороолол зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр болсон. Мөн ирэх онд Энэтхэгээс авч буй нэг тэрбум ам.долларын хүрээнд Газрын тосны үйлдвэрийн ажлыг үргэлжлүүлж, БНСУ-ын зээлээр “Солонго 1, 2” орон сууцны хороолол, 10 аймагт дулааны станц барихаар төсөв суулгасан. Ерөнхийдөө эрх баригчдын зүгээс түүхэн гэж тодорхойлж буй Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр бүгд гаднын зээлээр явж байгаа ажил байгаа биз. Мэдээж, Засгийн газраас ирэх онд дан ганц гаднынхны гарыг хараад суулгүй, дотоод нөөц бололцоогоо шавхаж барилга, дэд бүтцийн ажил хийхээр төлөвлөсөн.
Нийт 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр 2022 оны төсөвт тусгасны 1.8 их наяд нь зам тээвэр, эрчим хүч, барилга зэрэг улсын дэд бүтцийн салбарт орох аж. Тухайлбал, Улаанбаатар хотын түгжрэлийг дорвитой шийдэх түүхэн шийдвэр гарсны хүрээнд анх удаа 420 тэрбум төгрөг тусгаад байгаа. Хотын захиргаа энэ мөнгөөр нийслэлийн уулзваруудыг шинэчилж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж,  тэр тодроо  гүүрэн замын тээвэр нэвтрүүлэх эхлэлийг тавих юм гэсэн.
Залуу гэр бүлийг орон сууцжуулах "Залуус-1" төслийн гадна инженерийн шугам сүлжээ төсөлд 29.9 тэрбум төгрөг, аймгуудын шинэ суурьшлын бүсэд баригдах орон сууцны хорооллын шугам сүлжээ, дэд бүтэц төсөлд 100 тэрбум, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 км авто зам зэрэг төсөлд 455.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ мэтээр ирэх онд зам тээврийн салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга хот байгуулалтад 3.7 дахин, эрчим хүчний салбарт 6.4 дахин нэмэгдүүлжээ. Эдгээрээс гадна сайд нарын багцад үүдний амбаараас авахуулаад нутгийн удирдлагын ордны шинэчлэл хүртэлх УИХ-ын гишүүдийн хүслийг шингээсэн уртаас урт жагсаалт байна. Түүхэнд байгаагүй төсөвт юм, юм бий. 
Хүүхдийн мөнгийг танасан ч Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллана
“Халамжаас хөдөлмөрт” гэх сайхан уриа энэ Засгийн газраас эхтэй. Түүхэндээ хэн ч ийм зүйлийг хэлж зориглоогүй гэдгийг энэ засгийн сайд нар баталдаг. Тиймээс ирэх оны төсөвт халамжаа яаж танаж, хөдөлмөрийг хэрхэн дэмжсэн талаарг түүхэн арга хэмжээнүүд орсныг авч үзье. Нэг хэсэгт хүүхдийн мөнгө нэрээр нийгэмд их хэмжээний бэлэн мөнгө тараах нь эцэг, эхийн хөдөлмөр эрхлэх сонирхолд сөргөөр нөлөөлдөг талаарх шүүмжлэл байдаг. Нөгөө талаар цар тахлын үед олон айл өрхийн амь амьжиргааг таслалгүй авч гарсан ганц дэмжлэг хүүхдийн мөнгө болж хувирсан.
Тэгвэл бодлого тодорхойлогчид цар тахлын эдийн засаг дахь дарамт ирэх оны дунд гэхэд арилна гэж үзэн,  долоодугаар сараас хүүхдийн мөнгийг 50 хувиар танаж, 0-18 насны хүүхэд бүрд сар тутамд олгодог бэлэн тэтгэмжийг 50 мянган төгрөг байхаар тусгасан юм. Учир нь улс цаашид хүүхдийн мөнгөний зардлыг гаргаж дийлэхээ больсон бөгөөд ирэх онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлэхээс өөр гарцгүй болсон.
Өмнө нь хүүхдийн мөнгийг Нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлдэг байсныг Ирээдүйн өв санд шилжүүлнэ гэсэн үг. Мөн Ирээдүй өв санд цар тахлын үед Монгол Улс иргэн бүрдээ тараасан 300 мянган төгрөгийн өрийг шилжүүлнэ. Үүнийг уул уурхайн баялгаа халамжтай уясан түүхэнд шийдвэр хэмээн үзэж буй. Гэтэл бид 30 жилийн хугацаанд мөн ч олон удаа уул уурхайн баялгаа халамж болгон тарааж үзсэн шүү дээ.
Улмаар Нийгмийн даатгалын сангийн алдагдал 2.5 их наяд төгрөгөөр буурах тооцоо гарчээ. Гэсэн ч Нийгмийн даатгалын сан ирэх онд 400 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах нь. Тус сангийн орлогын хэмжээг ирэх оны төсвийн жилд 2.4 их наяд тэрбум төгрөг, зарлагыг 2.75 их наяд төгрөг байхаар төсөвлөжээ. Энэ нь 2021 онтой харьцуулахад орлого 575.7 тэрбум төгрөгөөр, зарлага 156.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн дүн. Хүүхдийн мөнгийг хасаад ч тус сангийн зарлага нэмэгдэж байгаа нь  халамжийн хэмжээг буураагүйг илтгэнэ. Нөгөө талдаа төр ирэх онд 198 мянган албан хаагчаа 125 мянгаар цөөлж, цалингийн сангийн сангийн зардлыг 1.7 их наяд төгрөгөөр бууруулах тооцоо гарсан. Цар тахлын үед хэрэгжүүлэх уг арга хэмжээ Нийгмийн даатгалын сангийн зардлыг үлэмж нэмэх магадлалтай. Нийгмийн даатгалын сангаас гадна Эрүүл мэндийн даатгалын сан ч ирэх онд алдагдалтай ажиллана.
Уул уурхайн орлогоо ч түүхэн хэмжээнд хүргэв
Ирэх 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд 36.7 сая тн нүүрс, 1.2 сая тн зэсийн баяжмал, 20 тн алт, 9.5 сая тн төмрийн хүдэр, баяжмал экспортолж, 6.3 сая баррель газрын тос олборлож, уул уурхай, олборлох салбарын орлого 4.2 их наяд төгрөг байхаар тусгаад байна. Бас л түүхэн дээд түвшин. Монгол Улсын уул уурхайн түүхэнд байгаагүй өндөр орлого. Уул уурхайн салбар энэ онд өмнө нь хэзээ ч тохиож байгаагүй хүндрэлтэй учраад байгаа бөгөөд нүүрсний алдагдлаа зэс, төмөр, алт, газрын тос, цайр зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөллөөр нөхөж байгаа.
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2021 оны эхний есөн сарын байдлаар 3.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс хоёр их наяд төгрөгөөр буюу 2.4 дахин өссөн. Үүнийг харгалзан үзэж, ирэх онд уурхайгаас төсөвт орох орлого түүхэн дээд амжилт тогтооно гэж үзсэн нь дээрх 4.2 их наяд төгрөг юм. Гэтэл нөгөө талдаа төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байхаар тооцсоныг дээр өгүүлсэн.
Засгийн газар энэ алдагдлын 50-иас илүү хувь буюу 1.4 их наядыг нь гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр тооцсон. УИХ-аас энэ мэт түүхэн тооцоололтой төсөв баталсан. Тиймээс ч УИХ дахь олонхын бүлгийн зүгээс ирэх оны төсвийг Монгол Улсын төсөв мөнгөний бодлогод шинэчлэх хийх, КОВИД-19-ийн эрсдэлийг удирдан даван туулах, постковид буюу цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэсэн байгаа хэмээн тодотгож буй. Харин эдийн засагч, судлаачдын зүгээс бол өөр зүйл яриад байгаа. Магадгүй, УИХ-ын баталсан ирэх оны төсөв түүхэн үүргээ гүйцэтгэж эдийн засаг ганцхан жилийн дотор гурав дахин өсөх ч юм бил үү, хэн мэдлээ.
УИХ-аас ирэх оны төсвийг баталсантай холбогдуулан зарим гишүүний зүгээс дараах байр суурийг илэрхийсэн юм.
Г.Занданшатар: Төрийн байгууллагын дотоод томилолтын зардлыг 50 хувиар бууруулна
-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон бусад дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Дэлхий дахинаа, түүний дотор монголчууд бидний өмнө цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, улс орны эрчимт хөгжлийн томоохон зорилт тавигдаж байна. Ирэх оны төсөв чухам энэ зорилтыг эрчимжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Ирэх онд төрийн үйлчилгээг цахмимжуулж бүх шатны байгууллагад хяналтын горимтой болгох санал тусгагдсан. Авлига, хээл хахуультай холбоотой төсвийн орлогыг нэмэгдүүлэх үндсэн зарчим гэдгийг харагдуулж байна. АТГ 90 тэрбум төгрөг хуримтлууллаа. Нэг их наяд төгрөгийн хөрөнгө хураагдаж, царцаагдсан байна.
Ирэх онд бүх шатны сургалт семинар цахимаар зохион байгуулах, гадаад албан томилолт зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга эд хогшил бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, уралдаан тэмцээн зохион байгуулах, салбарын болон байгууллагын ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой кино уран бүтээл хийх, төрийн захиргааны байгууллагыг тээврийн зардлыг санхүүжүүлэхгүй. Цар тахалтай тэмцэх чиг үүргээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод томилолтын зардлын 50 хувиар бууруулахаар төлөвлөлөө. Энийг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай.
Т.Доржханд: Цаашид төсвийн алдагдал өсөөд байвал хэн өр төлөх юм бэ
-Өнөөдөр 2022 оны улсын төсвийг баталлаа. Өмнөх 30 жилийн төсөв яаж баталж ирсэн тэр л дагуу батлагдаж байна. 2020, 2021 оны төсөв сон­гуулиудад зориулсан маш том тэлсэн төсөв томорсон байсан. Тиймээс 2022 оны төсөв тэлсэн биш, илүү судалгаан дээр суурилсан хэмнэсэн, бодитой орлогыг төсөөлсөн, төсвийн алдагдлыг бууруулсан ийм төсөв байгаасай гэж бодсон. Гэвч харамсалтай нь дахиад тэлсэн төсөв батлагдлаа. Одоо үүнийг зогсоох цаг болсон. Энэ асуудал нь улсын төсөв дээрээ биш байна. Асуудал нь тогтолцоон дээр байна.  Сангийн яамд 15 жил ажиллаж төсөв хийж байсан болохоор зовлонг нь мэднэ. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол бид дараагийн 30 жилд ийм төсөв батлах нь. Үр дүнд нь бидний төсвийн алдагдал өсөх нь. Жил болгон өсөх нь. Цаашаа төсвийн алдагдал өсөөд байвал хэн өр төлөх юм бэ. Таван жил сэхээнд байсан эдийн засаг дахиад сэргэхгүйгээр сэхээнд орлоо. Үүнийг углуурга, системээр нь өөрчлөх ёстой юм байна. Тиймээс Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тогтолцооны асуудлыг Цэцэд өгөхөөр шийдлээ.
Ч.Ундрам: Бүх суманд физикийн лабораторийн хэвлэгдэхүүний мөнгийг тусгаж чадсан
-Төсвийн тухай хууль нарийн болсон. Заавал нэг юм хасуулж байж, нөгөөг нь суулгана. Сум болгоны дарга бүгд нэг, нэг юм хүснэ. Аймгийн удирд­лагуудтайгаа уулзаад хамгийн хэрэгтэй нь юу вэ гэдэг чиглэлээр мэдээлэл авч байгаад, жагсаалт гаргаж  боломжоороо тусгууллаа. Бүх суманд байгаа физикийн лабораторийн хэвлэгдэхүүний мөнгийг тусгаж чадсан. Энэ жил биологийн лабораторийн төсвийг суулгасан. Энэ нь их үр дүнтэй юм билээ. Хүүхдүүд биологийн хичээлээ илүү ойлгох, дуртай болох, цаашлаад энэ чиглэлийн мэргэжил сонгоход нь шаардлагатай гэж үзсэн.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.