"Ардчиллын үнэт зүйл рүү нулимсан хүмүүсийг алга ташин хүлээн авч байгаад санаа зовж байна"
М.Тулгат тэргүүтэй АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат "Би намын даргын албан тушаал, сандал ширээтэй холбоотой асуудлаар санаа тавиад гүйгээд байгаа хэрэг биш. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын индэр дээрээс АН-руу дайрч, ардчиллын үнэт зүйл рүү нулимж байсан хүмүүсийг оруулж ирээд орой дээрээ залж, алга ташин хүлээж аваад байгаа учраас үнэхээр санаа зовж байна. Массын дэмжлэг байдаг байж болно. Эдгээр хүмүүсийг АН-д оруулж ирээд ямар аргаар хамаагүй олонхийнх саналыг бүрдүүлж, засаг авья, суудал авья гэх сэтгэлгээгээр хандаж ирсэнээс үүдэж АН хогийн сав шиг, булингартай, анхных нь үзэл баримтлал ойлгомжгүй нам болсон. Тэгэхээр асуудлыг үндсээр нь шийдэх ёстой. Хэн нэгэн даргыг сонгож, удирдлагын бүтцийг томилсноор асуудал шийдэгдэхгүй. АН эв зүйгээ олно гэх итгэл алдаагүй байна.
Улс төрийн хүчний хувьд Ан үзэл санаа, бодлого, мөрийн хөтөлбөр зэрэгт нэгдэж явах ёстой. Би тэдгээр нөхөддөө хандаж хэлэхэд, бодлог судалгааны төв хамтарч байгуулах, АН-ын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудалд үзэл санаа, бодлогод хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлмээр байна" гэлээ.
АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч н.Ганзориг, н.Амардэлгэр нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг шаардсан албан бичгийг сахилгын хороонд хүргүүлсэн. Улсын дээд шүүхээс шүүгдчийн ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй байгаа. Гэтэл хувийн сонирхлоор нөгөө талд хууль зөрчсөн тайлбар бичгийг өгч, түүнийг нь олон нийтийн өмнө нотлох баримт мэтээ ярьж байгаад харамсаж байна" гэлээ.