Дубайд 136 сая ам.долларын үнэд хүрэх кокаин хураан авчээ
Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ нийслэл Дубай хотын цагдаа нар “хар зах дээр” 136 сая ам.долларын үнэд хүрэх 500 кг цэвэр кокаин хураан авсан тухай “Emirates News Agency” агентлаг мэдээллээ.
Хүчний байгууллагуудын мэдээлж буйгаар, “Хилэнц” нэртэй ажиллагааны үеэр цагдаа нар олон улсын хар тамхины синдикатад зуучлагчаар ажиллаж байсан, Ойрхи Дорнодын нэгэн улсын иргэнийг баривчилсан байна. Мансууруулах бодисыг далайн боомт дээр ирсэн ачааны чингэлгийн бүрээс дор сайтар нуусан байжээ.
Дээрх ажиллагаа нь олон улсын хар тамхины синдикатад төдийгүй АНЭУ-д зуучлагчаар ажиллаж байсан гэмт бүлэглэлийн гишүүнийг баривчлаад зогсохгүй гэмт этгээдүүдийн эзэмшиж байсан мансууруулах бодисын хураан авсан тул бүс нутагтаа томоохон ажиллагаа боллоо гэж Дубайн цагдаа нар мэдээлсэн байна.
Есдүгээр сарын эхээр мөн Абу-Дабигийн цагдаа нар хар тамхины наймаачдын үйл ажиллагааг олон нийтийн сүлжээгээр хянасны үр дүнд 815 кг мансууруулах бодис хураан авч байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг