Реппер “Gee” сайн дурын ажилтан болжээ
Цар тахлын тархалтаас хамаарч эмнэлгийн ор болоод эмч, ажилтнуудын дутагдалд ороод байгаа. Тэгвэл Эрүүл мэндийн яамны уриалгаар олны танил эрхмүүд халдварын нөхцөл байдлын улаан бүсэд сайн дурын ажилтан хийх болжээ. Тухайлбал, реппер Gee /Т.Мөнх-Эрдэнэ/ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж, иргэдийн утасны дуудлагад хариулт өгч ажиллаж буй аж.
Тэрбээр цахим хуудастаа Covid-19-ийн энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй. Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал, стресс өндөр хэцүү нөхцөлд байна.
Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү. Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана шүү. Дор бүрнээ хичээгээрэй. Covid-19-өөр өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ хэмээн бичжээ.
Реппер Gee тус өрхийн эмнэлэгт ирж буй утсаар дуудлага, мэдээлэл бүртгэж авах ажил дээр сайн дураар ажиллаж байгаа аж. Эмнэлгийн салбарын ажилтнуудыг сэтгэлээр дэмжих нь хамгийн чухал бөгөөд бусад олны танил хүмүүсийг ч сэтгэлээрээ нэгдэж, хамтарч ажиллахыг уриалжээ.